Занданшуулсан шарил гэхээр нууцлаг ертөнцийн тухай эрхгүй бодогдоно. Тэртээ хэдэн мянган жилийн өмнөх түүхийг бидэнд “хуучлах зочид”-ыг харахад айдас бас бахархал төрдөг тухай хүмүүс өгүүлсэн байдаг. Занданшуулсан шарилыг тухайн музей эсвэл хадгалж буй оронд нь очиж үзэхээс өөр боломж бараг үгүй. Тэгвэл 150 гаруй эртний “зочин”-ыг өнөө үеийнхэнтэй танилцуулах “Мумийн ертөнц” нэртэй үзэсгэлэн дэлхийг тойрохоор замдаа гарчээ. Дэлхийн алдартай 15 музейн шилдэг үзмэрээс бүтсэн уг үзэсгэлэн Торгоны замаар дайран, үзэгчдийн хүртээл болох юм байна. “Зочид”-ын дунд 3800 жилийн тэртээ гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж байсан Синьохе хатан болон эртний Египетийн хаан II Рамзесийн үед амьдарч байсан 10 настай охин ч байгаа аж.