“Монгол сайн үйлс ралли” уралдаан долдугаар сарын 10-наас Лондонгоос гараагаа эхлэх гэж байна. Монголыг зорьсон адал явдалт, бартаат замын эл уралдаанд Англи болон бусад орны багаас бүрдсэн 25 төмөр хүлэгтэн оролцох бөгөөд 16.000 гаруй километр замыг долоо хоног туулж, Улаанбаатарт барианд орох юм. 2008 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдож байгаа “Монгол сайн үйлс ралли” уралдааныг
зохион байгуулагчид энэ жил 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө босгож, Монголд хэрэгжиж буй хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулан хандивлах аж.
Энэхүү мөнгөн хуримтлал өнгөрсөн өвөл зуднаар малаа алдаж, аж амьдрал нь хүнд байдалд ороод буй Монголын малчдад туслахад зориулагдах ажээ. Үүнээс гадна түргэн тусламжийн гурван машиныг шинээр оруулж ирэхээр болсон аж. Түүнчлэн энэ онд ‘Оюунлаг ирээдүй’ хэмээх төслийг хэрэгжүүлж таван хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургаж, ажлын байраар хангах зорилт тавиад байгаа гэнэ. Жилээс жилд өргөжин тэлж буй “Монгол сайн үйлс ралли” хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл нийт 250.000 фунт стерлинг буюу 500 сая гаруй төгрөгийн мөнгөн хуримтлалыг босгож, Монгол Улсад хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивласан байна.
Г.ГЭРЭЛ