Х.Азжаргал
Монголд зуны улирал эхлэхтэй зэрэгцэн газар шороо, барилга угсралтын ажил ид өрнөж байна. Үүнийг дагаад барилгын том оврын машин зам тээврийн осол гаргах нь олширдог. Энэ нь жолооч нарын хариуцлага, ур чадвартай шууд холбоотой. Ядаж л том оврын автомашин жолоодох дадлага болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах туршлагатай байх шаардлагатай. Гэвч богино хугацаанд ажил амжуулж ашиг олох сонирхолтой хайнга жолооч нарын балгаар жирийн иргэд хохирч байгаа юм. Үүний нэг жишээ нь өнгөрөгч тавдугаар сарын 10-ны 21.00 цагийн үед айлын гэрийг ковш (авто ачигч) машинаар дайрсан хэрэг юм. Үүнээс болж гэрт байсан гурван хүн гэмтсэн аж. Энэ хэргийн хохирогч Г.Одсүрэн хэвтэрт байгаа тул эхнэр Ж.Буянзаяа нь бидэнд хэргийн талаарх мэдээллийг өглөө.
-Тэр өдөр болсон явдлыг тодорхой ярихгүй юу?
-Манайх Чингэлтэй дүүргийн VII хорооны Хувьсгалчдын гудамжинд оршин суудаг. Манай хашаа замын яг хажууд байдаг. Оройн 21.20 цагийн үед унтах гээд байж байтал гэнэт маш их чимээ гарсан. Би сандраад нөхрийгөө гараарай гэж хашгираад, хоймрын хэсэгт унтаж байсан ой найман сартай хүүгээ аваад эргэхэд л дээрээс том хар юм нураад ирсэн. Би хүүтэйгээ шүүгээний буланд дарагдаад арай гайгүй өнгөрсөн. Харин нөхөр маань тэр машинд түрэгдэж нурсан гэрийн хана, унинд даруулаад гарч чадахгүй болсон. Тэр үед ойрхон явж байсан хүмүүс нөхрийг маань татаж гаргасан. Тухайн үед би унтаж байсан хүүгээ нүцгэн аваад гарснаа ч мэдээгүй. Харин манай нөхөр хүүгээ нүцгэн байхыг хараад хувцсыг нь авах гэж буцаж ороод тэндээ ухаан алдаад уначихсан. Нөхрийг маань татаж гаргасан хүмүүс түргэн тусламж, цагдаа дуудаж өгсөн. Цагдаагийн ажилтнууд хурдан ирсэн ч түргэн тусламж цаг гаруйн дараа ирсэн. Бид гурав яаралтай тусламжийн машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлээд харин цагдаагийн ажилтнууд хэргийн газарт үзлэг хийгээд үлдсэн.
-Та гурвын биед ямар гэмтэл учирсан юм бэ?
-Тэр өдөр ГССҮТ-ийн жижүүрийн эмч нь нөхрийг маань үзээд нуруу нь хугарсан, нугасандаа гэмтэлтэй байж болзошгүй, өвчүүний яс хугарсан, уушиг бяцарсан, зөөлөн эдийн гэмтэлтэй гэж байсан. Харин маргааш нь их эмч нь ирж үзээд нуруу нь хугараагүй, нурууны яс дагасан мах бяцарсан, өвчүүний хуруу яс хугарсан гэж хэлээд гурав хоног эмчилгээ хийгээд эмнэлгээс гаргасан. Гэхдээ ойролцоогоор дөрвөн сар хэвтэрт байх шаардлагатай гэсэн. Харин хүү бид хоёрын биеийн зөөлөн эд хөхөрч, бяцарснаас өөр гэмтэл байхгүй гэж байсан.
Дараа нь хэргийг шалгах явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяа шүүх эмнэлгийн үзлэг хийгээд хүү бид хоёрт гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, харин нөхөрт маань тэр байгууллагын шинжээч эмч Г.Ханхүү үзлэг хийгээд хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж дүгнэсэн юм. Дүгнэлтэд нь хугарсан яс байхгүй хэсэг газруудад зулгарсан, цус хурсан гэсэн.
-Хууль хяналтын байгууллагаас энэ хэргийг яаж шийдсэн юм бэ?
-Манай гэрийг дайрсан машины жолооч хүнд механизм жолоодох эрхийн М ангиллын үнэмлэхгүй, Дархан-Уул аймгийн харьяат Б.Эрдэнэчулуун гэж хүн байсан. Тэр тээврийн хэрэгслийн эзэмшигч нь И.Мягмаржав гэж хүн, ХААН банкны лизингээр авсан юм билээ. Хэргийг нь Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Зам тээврийн хэргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах байцаагч, хошууч В.Дэлгэрбатын гаргасан саналын дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай зургадугаар сарын 16-нд гаргасан тогтоолыг бидэнд 22-нд мэдэгдсэн. Яагаад эрүүгийн хэрэг үүсгээгүйг лавлахад хохирлын хэмжээ есөн сая төгрөг хүрээгүй учир хэрэг үүсгэх боломжгүй гэсэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байхад “Ашид билгүүн” гэдэг үнэлгээний компаниар бид хохирлоо үнэлүүлсэн. Тэгэхэд тэндхийн ажилтан нь “Гэрийн таван хананы гурав нь, бүх унины толгой, тооно, нэг багана хугарсан. Тэгэхээр энэ гэр эвлэрэхээс өнгөрсөн. Гэхдээ бид үнэлгээ гаргахдаа зөвхөн эвдэрсэн зүйлийн үнийг тодорхойлдог” гэсэн. Мөн гэрийн эд хогшлын үнийг тогтоохдоо анх авч байсан үнээс элэгдэл, хорогдлыг нь тооцоод гаргадаг юм байна. Тэр мөнгөөр бид дахиад бүрэн бүтэн зүйлс авч чадахгүй шүү дээ. Түүнийгээ ачигч машины жолооч Б.Эрдэнэчулуун, эзэн И.Мягмаржав нарт учирлахад “Хохирлыг чинь бүрэн барагдуулна. Шинэ гэр авч өгөх болохоор худлаа ч гэсэн үнэлүүлчих” гэж байсан. Гэтэл хэд хоногийн дараа Б.Эрдэнэчулуун зургадугаар сарын 21-ний 10.00 цагийн үед утсаар яриад “Эгчээ би Шаамараас гэрийг чинь ачаад очиж байна. Өдөр 14.00 цагийн үед уулзъя” гэсэн. Тэгээд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь залгаж үзтэл холбогдохгүй болсон. Түүнээс хойш хэн нь ч дахиж холбоо барилгүй алга болсон.
-Хохирлын хэмжээ хүрээгүй болохоор эрүүгийн хэрэг үүсгээгүй юм байна. Үүнийг нь та хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?
-Тийм ээ. Зам тээврийн осол санаатай үйлдэгддэггүй болохоор хохирол есөн сая төгрөг хүрч байж хэрэг үүсдэг юм байна. Бид “Ашид билгүүн” компаниар хохирлоо үнэлүүлэхэд зөвхөн гэр, хашаа, эд хогшлын үнэ 3.326.000 төгрөг болсон. Мөн манай гэрийг мөргөхдөө зам дээр зогсож байсан “Приус” маркийн машин, гэрлийн шонг хамт мөргөсөн юм. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд “Приус” машиныг хэдээр үнэлсэн нь тодорхойгүй, бидэнд учирсан хохирлыг гүйцэд бичээгүй байсан. Энэ ослоос болж манай нөхөр биедээ гэмтэл авч оношилгоо, эмчилгээнд өнөөдрийн байдлаар 1.500.000 гаруй төгрөг зарцуулсан байгаа. Энэ бол ослоос шууд хамааралтай хохирол шүү дээ. Үнэндээ тэр тогтоолыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Ямар хүнээр бичүүлсэн гэхээрээ тийм алдаа гаргадаг байна аа. Манайд учирсан шууд хохирол гэх гурван сая гаруй төгрөгийг “Приус”-ын эзний хохирол гэж бичсэн байсан. Гэтэл тэр жолоочоос асуухад 1.200.000 төгрөгийн хохирлын мөнгө авсан гэсэн. Түүнээс гадна ой найман сартай хүүг маань найман настай гэж бичсэн байсан. Тогтоолд манайд ямар ч хохирол байхгүй мэтээр бичсэн байна лээ. Ийм их баримтын алдаатай, хүний амьдрал, эд хөрөнгийн асуудлыг шийдэж байж энэ мэт хайнга хандсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Түүнээс гадна үнэлгээний газраас гаргасан хохирлоос гадна эмчилгээ, оношилгооны зардал, шонгийн болон “Приус” машины хохирол, мөн бидний одоо амьдарч байгаа нийтийн байрны түрээсийн зардал зэргийг нэмж үзэхэд есөн сая таван зуу гаруй мянган төгрөг болж байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой болж байгаа гэсэн үг. Үүнд манай нөхрийн хэвтэрт байх үеийн эмчилгээний зардал ороогүй шүү. Зөвхөн оношилгоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал л орсон. Тэр ч байтугай, манай нөхөр ганцаараа гэр бүлээ тэжээдэг байсан. Нөхөртэй минь хамт Төмөр замын төв буудлын зогсоолоос таксины үйлчилгээнд явдаг байсан жолооч нар хэчнээн төгрөгийн орлоготой байсныг бэлхнээ хэлнэ. Гэвч энэ ажилд ямар нэг баримт бичиг үйлдэгддэггүй учраас хохиролд тооцох боломжгүй гэсэн.
Одоо бид гурав орох оронгүй, орлогогүй яаж амь зуухаа мэдэхээ байчихаад байна. Цаашдаа түрээсийн байранд удаан амьдрах боломжгүй. Түүнээс гадна нөхрөө насаараа нуруу, нугасны өвчтэй болчих вий гэж айж байна. Учир нь зам тээврийн ослын гэмтэл сүүлд илэрдэг гэдэг шүү дээ. Бид санаатай хийсэн хэрэг биш, залуу хүүхдэд заавал эрүүгийн хэрэг үүсгүүлэх гээд яахав гэж бодож байтал ийнхүү нэг ч төгрөгийн хохирол төлөлгүй зугтаж алга болсонд нь үнэхээр гомдолтой байгаа. Мөн энэ хэрэгт төдийлэн анхаарал хандуулаагүй хууль хяналтын байгууллагад ч гомдолтой байгаагаа хэлмээр байна.
Гэртээ амарч байгаад л гэв гэнэт эрүүл мэнд, гэр орон, хөрөнгө хогшлоороо хохирсон иргэний хохь болоод үлддэг сонин хуультай улсад бид амьдарч байна. Хэдийгээр зам тээврийн ослыг санаатай үйлддэггүй ч буруутанд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй юм аа гэхэд эд хөрөнгийг нь үнэлэхдээ арай л өөрөөр хандмаар. Зүгээр хэвийн ажиллаж, ашиглагдаж байсан эд зүйлсийг нь эвдчихээд байхад хэт багаар үнэлнэ гэдэг хэтэрхий шударга бус юм. Энэ хэргийн хохирлын үнэлгээг гаргасан компанийн жагсаалтаас зөвхөн зурагтын үнийг жишээ болгоё. Жагсаалтад 32 инчийн “Sharp” брэндийн зурагтыг 300.000 төгрөгөөр үнэлжээ. Тэгвэл өнөөдөр зарагдаж буй ийм зурагт цахилгаан барааны “BSB” дэлгүүрт 699,000 харин “Next” электрониксын хямдарсан үнэ нь 533.000 төгрөг байна. Ингээд бодохоор тэр айл хохирлоо барагдуулсан ч 300.000 төгрөг бариад явахад хуучин шигээ зурагт авч чадахгүй аж.
Ж.Буянзаяагийн бидэнд өгсөн мэдээллийн дагуу хэргийг шалгасан хууль хяналтын байгууллагуудад хандан, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулсан юм.
Замын цагдаагийн газрын мэргэжилтэн, ахмад Я.Соронзонболд “Манай байгууллага уг хэргийг шалгаад хохирол онц их хэмжээнд хүрээгүй учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал Тээврийн прокурорын газарт хүргүүлсэн. Зам тээврийн ослын хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнд хүрсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсдэг юм. Энэ нь мөнгөн дүнгээр 9.600.000 төгрөг болдог. Хэдийгээр хохирогчид хүнд байдалд орсныг ойлгож байгаа ч бид хуулийнхаа дагуу л шийдэх болно. Буруутан нь хохирлоо төлөхгүй зугтсанд бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Учир нь манайд тийм эрх байхгүй. Харин осол гаргасан жолооч Б.Эрдэнэчулуун хүнд механизм жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул түүнд захиргааны арга хэмжээ авсан” гэж тайлбарлав.
Хохирогчдод гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээний асуудал эрхэлсэн чиглэлийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Амартүвшин “Гэмтлийн зэрэг тогтоох журам гэж бий. Бид түүнийг л барьж ажилладаг. Иргэд яс хугарсан л бол гэмтлийн зэрэг хүнд гарах ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой юм шиг байна лээ. Гэвч яг аль яс хугарсан бэ гэдгээс шалтгаалан дүгнэлт өөр өөр гардаг. Энэ асуудлын хувьд хохирогчид анх ГССҮТ-ийн гаргасан оношоос манай байгууллагын гаргасан дүгнэлт зөрсөн учраас гомдолтой байгаа гэсэн. Бид хохрогчид үзлэг хийгээд хугарсан яс байхгүй, хэсэг газрын зулгаралт, цус хуралттай гэж дүгнэсэн. Энэ гэмтэл нь биеийн гадна хэсгийн 50 хувиас ихгүй хэмжээг хамарч байгаа тул хөнгөн зэргийн гэмтэлд тооцогддог. Хэрэв бидний гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дахин шинжилгээнд орж болно. Үүнийг шүүх эмнэлгийн хэд хэдэн шинжээч эмч, цагдаагийн байгууллагынхантай хамтарч хийдэг. Энэ бүрэлдэхүүний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Эрүүл мэндийн яаманд хандах эрхтэй” гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол үйлдсэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг ээлжийн амралтаа авсан тул түүний туслах бидэнд нэрээ хэлэхээс татгалзаад “Энэ хэргийн хохирогчдод тогтоол танилцуулснаас хойш долоо хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг хэлсэн ч сайн ойлгоогүй юм шиг байна. Бид Замын цагдаагийн газраас ирүүлсэн татгалзах саналын дагуу хянаад, үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг. Хохирлын мөнгийг алдаж бичсэн нь үнэн байна. Үүнийг залруулж бичсэн ч хэрэг үүсгэх хэмжээнд хүрэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хохирогчийн хэлж байгаа эмчилгээ болон ажилгүй байсан үеийн хохирол зэргийг Иргэний шүүхэд гомдол гарган нэхэмжилж болно. Үүнийг шууд хохирол гэж үздэггүй. Уг нь осол гаргасан жолооч, машины эзэн хоёр даатгалын компаниасаа мөнгө авна гээд манайхаас тодорхойлолт бичүүлээд авсан. Тэгээд хохирлын мөнгө авчихаад түүнийгээ хохирогчид өгөөгүй гэдгийг нь мэдсэнгүй. Гэхдээ даатгалтай холбоотой асуудлыг манайх хянахгүй шүү дээ. Иймээс шүүхэд хандах эсвэл дээд шатны прокурорт гомдол гарган хэргийг дахин шалгуулж болно гэж зөвлөх байна” гэж ярив.