Ирээдүйд агуу зохиолч болохыг мөрөөдөж явсан бяцхан охины өдрийн тэмдэглэл өдгөө дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүүхэд залуусын унших дуртай номын нэг болоод буй.
15-хан насандаа нацист Германы хорих лагерьт нас барсан Анне Франк охиныг “Time” сэтгүүл өнгөрөгч зууны чухал 100 хүний нэгээр онцолсон. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврей үндэстний туулсан зовлон шаналал, амьдрах асар их хүсэл тэмүүллийн гэрч болсон түүний өдрийн тэмдэглэлийг ном болгон хэвлүүлсэн аав Отто Франкийнх нь ярилцлагыг орчуулан хүргэе.
Нацистуудыг ирэх үед Отто Франк гэр бүлийнхнийгээ номын шүүгээний ард нууж чадаагүй бол тэд тэгж удаан амьдарч чадахгүй, “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” гэх бүтээл ч төрөхгүй байх байсан хэмээн түүхчид үздэг. Тэрбээр 1970 онд Швейцарийн сэтгүүлч Саманта Савоед ярилцлага өгч байжээ.
-1942 онд та нацистуудаас гэр бүлийнхнээ хамгаалахаар номын шүүгээний ард нуусан гэдэг. Аннегийн нэрлэснээр “Нуувч” хэмээдэг тэр хэсэг яг ямархуу өрөө байсан юм бэ?
-Тэр үйл явдлыг би өчигдрийнх юм шиг тодхон санаж байна. 1942 оны долдугаар сарын 8-ны өдөр байсан. Надад СС-ээс сануулга ирсэн боловч Еврейн эмнэлэгт ажилладаг хуучны найзтайгаа уулзах гэж байсан тул анзаарсангүй.
Гэртээ иртэл ажлынхаа хамтрагчийн гэр бүлийн хамт яаралтай нүүж ирэх шаардлагатай болохыг утсаар мэдэгдлээ гэж эхнэр маань хэлсэн. Бид Гитлерийн лагерьт очих хэрэггүй гэж би үзсэн юм. Аннегийн “Нуувч” хэмээдэг өрөө ажлын өрөөний минь номын шүүгээний ард байдаг байлаа.

Жижигхэн байшин шиг хэмжээтэй. Нөхцөл байдлын хувьд гэвэл... Үнэндээ Гитлер еврейчүүдийг гэр бүлийн бүхий л гишүүд хайртай дотнын хүмүүсийнх нь хамт хоморголон лагерь руу нүүлгэж, тэндээ хорьж, тамлан зовоож, хоригдогсод амь үлдэхийн төлөө бүхнийг хийж тэмцэж байгаатай харьцуулахад бид бол нуувчиндаа язгууртнууд шиг л амьдарч байсан.
Отто Франкийн гэр бүл
-Тэндээ их удаан нуугдсан уу?
-Өмнө хэлсэнчлэн бид нуувчинд 1942 оны долдугаар сарын 8-нд орсон. Тэндээ 1944 оны наймдугаар сарын 4 хүртэл амьдарсан гэхээр бараг хоёр жил нуугдсан байна.
-Еврейн эсрэг хуулийн талаар та юу гэж боддог вэ?
-Энэ бол маш шударга бус, бүдүүлэг, аймшигтай харгис хууль гэж тухайн үед боддог байлаа. Гэхдээ он жил өнгөрөх тусам би хүлээн зөвшөөрөхөд суралцсан. Нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал тул түүхийг өөрчлөх аргагүй шүү дээ.
Амьдралын минь бичигдээд өнгөрсөн хуудсанд аймшигтай толбо бий хэдий ч би хэзээ ч тийм зовлон амсаж байгаагүй юм шиг өөрийн чадах хэрээр өдөр бүрийг жаргалтай сайхан өнгөрүүлэхийг хичээж байна.
-Энэ хууль бусад хүмүүсийг хэр их зовоосон бол?
-Энэ хууль еврей хүмүүсийн амьдралд маш том хар бараан толбо үлдээсэн шүү дээ. Түүний нэг жишээ нь Маргот, Анне хоёр минь. Тэдний үхэл миний амьдралыг өөрчилсөн. Одоо ч тэр аймшигтай мэдрэмж, хагацал уй зовлон намайг шаналгасаар байна.
Эцсийн амьсгал татах хүртэл минь энэ зовлон надаас салахгүй. Еврейн эсрэг хуулийн уршгаар над шиг эсвэл бүр надаас ч дор зовсон, зовж яваа хүмүүс хэдэн сая бий шүү дээ. Германд амьдарч байсан еврей хүн бүр энэ хуулийн уршгийг амссан.
Болж өнгөрсөн үйл явдлыг өөрчилж болдоггүй нь харамсалтай. Болдог байсан сан бол... Надад итгээрэй... Би их олон зүйлийг өөрчлөх байсан.
-Танаас хүмүүс байнга Аннегийн талаар асуудаг уу?
-Таньж, мэддэг хүмүүс маань заримдаа Аннегийн талаар, эсвэл Аннег санаж, шаналж байна уу гэж асуудаг. Гэхдээ би тэр талаар их бодохгүй байхыг хичээдэг.
-Наймуулаа нуувчинд удаан хугацаагаар амьдарна гэдэг амаргүй байсан биз?
-Маш их айдас түгшүүртэй, эмх замбараагүй амьдарч байлаа. Гэр бүлийнхэн, хайртай хүмүүсийг чинь чамаас салгах гэж буй хүмүүсээс нуугдахад айж, түгшсэнээс болоод сэтгэл их хямардаг. Бидний баримтлах гол зарчим нь дуу чимээ огт гаргахгүй байх.
Гэтэл найман хүн жижигхэн өрөөнд чихцэлдэж байгаа үед чимээ гаргахгүй байна гэдэг хэцүү шүү дээ. Нуувч ажлын өрөөний маань номын шүүгээний ард байсан учир өдөрт хэдэн хүн ажлын өрөөгөөр маань орж гарч буйгаас өөр гадаад орчны талаарх мэдээлэл олж авах боломжгүй байлаа.
Нэг л буруу үйлдэл юм уу, цагаа олоогүй гаргасан чимээ биднийг бүгдийг нь СС-ийнхэнд барьж өгөх уршигтай байв. Шөнө хүртэл айдас түгшүүр тасрахгүй.
Ойролцоо бөмбөг дэлбэрч, буун дуу гардаг тул унтаж амарч чадахгүй. Дуу чимээ ихтэйгээс болоод биш хэзээ дээрээс бөмбөг унах бол гэсэн айдсаас болоод нойр ч хүрдэггүй байлаа. Дээр нь жижигхэн өрөөнд наймуулаа болохоор хөдөлж, явах боломжгүй.
Шахцалдсан, санаа зовж, түгшсэн байдалтай л хоёр жил өнгөрсөн дөө.
-СС-ийнхэн та нарыг олох үед хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Шударгаар хэлэхэд маш их айж, бас өөртөө урам хугарсан. Гэр бүлийнхнээ хамгаалахын төлөө юу хийхээ ч мэдэхгүй, бүр юу бодохоо ч мэдэхгүй байлаа. Яг л бүхий л бодол, оюун санаа минь нэг том хогийн сав руу хийсээд орчих шиг болсон.
Гэр бүлийнхнээ хамгаалахын тулд юу ч хийхэд бэлэн байлаа. Харамсалтай нь ямар нэг алхам хийхэд хэдийнэ оройтсон байв. Тэд биднийг олчихсон. Тухайн үед яг ямар үйлдэл хийхээ мэдэхгүй байсан.
-Охидоо нас барсны дараа та хүний эрхийн төлөө ямар нэг ажил хийж эхэлсэн үү?
-Охидоо нас барсны дараа Аннегийн бичсэн өдрийн тэмдэглэлийг олон хүнд уншуулахыг хамгийн их хүсэж байсан. Холокост буюу фашистууд еврейчүүдийг хоморголон устгасан аймшигт явдлын талаар нүдэнд харагдахуйц бодитой, гайхалтай уран яруу бичсэн нь надад их урам зориг өгсөн.
Тэгээд л охиныхоо өдрийн тэмдэглэлийг хэвлүүлж, өөрийн чадах хэрээр “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”- ийг бусдад түгээхийг хичээсэн дээ.
-Та яг хэдийд охиныхоо тэмдэглэлийг ном болгож хэвлүүлсэн юм бэ?
-Хамгийн анх 1950 онд хэвлүүлсэн.
-Та тэмдэглэлийг нь уншсан уу?
-Мэдээж уншсаан.
-Аннегийн тэмдэглэлийг уншсаны дараа юу бодогдож байв?
-Мэргэжлийн гэмээр сайн бичсэн байна гэж бодогдсон. Зарим хэсгийг нь уншихад өөрийгөө буруутгах, гэмших сэтгэгдэл эрхгүй төрж байлаа. Ялангуяа “Тэмдэглэлийг минь хүмүүс уншихгүй л дээ” гэсэн өгүүлбэрийг уншихад сэтгэл шаналж, их гэмшсэн.
Дайны жилүүдэд бидэнд тохиолдсон тэр аймшигтай үйл явдлуудыг дахин дурсахад сэтгэл их өвддөг. Эргээд санахад Анне Маргот хоёр бидэнтэй удаан байж чадаагүй. Гэхдээ энэ бүх аймшигт явдал эцэслэн дууссанд би баяртай байдаг.
-Хэрэв танд болоод өнгөрсөн үйл явдлуудыг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ?
-Юун түрүүнд СС-ийн бичиг баримтуудыг өөрчлөх байсан. СС-ийнхэн биднийг хорих лагерьт эрээд олоогүй учраас л нуувчинд байгааг мэдчихсэн юм.
-Таны эрх зөрчигдсөн гэж үздэг үү?
-Миний төдийгүй Германд байсан бүх еврей хүний эрх зөрчигдсөн.
-Таны эрх яаж зөрчигдсөн бэ?
-Зөвхөн минийх ч бус Герман дахь еврейчүүд бүгд л эрхээ эдэлж чадаагүй шүү дээ. Бидэнд хийхийг хуулиар хорьсон маш олон зүйл байсан. Юу хийж болохыг минь хүртэл зааж, хориод байхад бид хэрхэн амьдрах билээ дээ.
Аннегийн өдрийн тэмдэглэлд энэ тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. “Еврейн эсрэг хууль байдаг учраас бидний эрх хязгаарлагдмал. Еврей хүмүүсийг машин унахыг хориглодог.
Тэр нь өөрийнх нь машин байсан ч хамаагүй. Мөн биднийг 15.00- 17.00 цагт дэлгүүрт орохыг хориглодог. Еврей хүн бүр шар од бүхий таних тэмдэгтэй байх ёстой хэмээн тулган шаардсан байдаг” гэж охин минь тэмдэглэлдээ бичсэн байдаг.
-Аннег нас барахад танд их хүнд байсан уу?
-Би охиноо маш их санадаг. Заримдаа үүрээр босоод ямар хүнд хэцүү зам туулснаа бодож шаналдаг байлаа.
Гэхдээ одоо бол туулж өнгөрүүлсэн хар бараан амьдралынхаа дурсамжинд шаналж биш, өнөөдрөөрөө сэтгэл хангалуун амьдрахад суралцаж байна.
О.УНДАРМАА