Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шалгалт хийж байгаа талаар мэдээлэл цацагдсаны дараа хэвлэлүүд янз бүрээр бичиж байв.
Энэ шалгалтад АТГ-ынхан хэрхэн дүгнэгдсэн талаар Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайгаас тодрууллаа.
-АТГ-т танайхаас яагаад шалгалт хийх болсон бэ. Ийм шалгалт хийх болсон шалтгаан нь юу байв. Иргэдийн дунд бий болсон хардлага хэр бодитой вэ?
-Прокурор нь Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, уг ажиллагаанд хуулийг нэг мөр хангуулах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож яллах чиг үүргийг хэрэгжүүлдэг субъект.
Энэ бүрэн эрхийн хүрээнд аль ч хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын ажиллагааг прокурорын байгууллагаас шалгаж байдаг. Үүний дагуу л АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг шалгасан. Өөр ямар нэг зорилго, шалтаг, шалтгаан байхгүй гэдгийг энд онцлон хэлье.
-Тус газрынхан тэгээд ямар дүнтэй шалгуулав?
-Улсын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль тэдгээрийг хэрэгжүүлэхээр гарсан Улсын ерөнхий прокурорын заавар, журмын хэрэгжилтийг 2014 он, 2015 оны эхний таван сарын байдлаар шалгалаа.
Тус хэлтэст нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргүүдэд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.
Тус хэлтэс нь хэлтэс, албаны дарга болон ахлах мөрдөн байцаагч мөрдөн байцаагч нараас бүрдсэн 30 хүнтэй ажиллаж байна. АТГ-т иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2014 онд 452, 2015 оны зургадугаар сарын байдлаар 205-ыг хүлээн авч шалгаж, шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь 2014 онд 236 хэрэгт, 2015 онд 158 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Тэдгээрээс 58 хувь нь хүндэвтэр, 36 хувь нь хүнд, зургаан хувь нь онц хүнд хэрэг эзэлж байна.
Дээрх хугацаанд мөрдөн байцаалт явуулсан нийт хэргээс 92-ыг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 70-ыг нь хэрэгсэхгүй болгуулахаар, 63 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр, 22-ынх нь мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ.
Тус хэлтэс нь шалгалт хийх явцад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа эрүүгийн 62 хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 26 хэрэгтэй байлаа.
-АТГ нь эрүүгийн хэрэгт шалгуулж байгаа хүмүүсийг цагдан хорьж мөрдөхийг урьтал болгодог, хүний эрх зөрчдөг, эрүү шүүлт тулгадаг гэх мэт шүүмжлэл нийгэмд ихээхэн байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай мэдээлдэг. Энэ талаар ямар нөхцөл байдал шалгалтаар тогтоогдсон бэ?
-Олон нийтийн дунд янз бүрийн яриа гарч, хэвлэл мэдээллээр ч гэсэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн болгоныг цагдан хорьж шалгадаг мэтээр мэдээлдэг явдал бий.
Энэ нь тус газрын мөрдөн байцаалт явуулдаг хэргийн онцлог, хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь тодорхой албан тушаал эрхэлдэг, олон нийтэд танил болсон хүмүүс байдагтай холбоотой байх аа.
Шалгалтын дүнгээс харахад АТГ нь сэжигтэн, яллагдагчид цагдан хорьж мөрдөн байцаалт явуулах таслан сэргийлэх арга хэмжээг харин ч цөөн тоогоор хэрэглэж байна гэж үзлээ.
Тухайлбал, АТГынхан 2014 онд таслан сэргийлэх арга хэмжээ авсан хүмүүсийнхээ зургаан хувийг, 2015 онд найман хувийг цагдан хорьж мөрдсөн нь үүнийг гэрчилж байна.
-Хэрэгт холбогдсон хүмүүсийн хилээр зорчих эрхийг хязгаарлаж, гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, эрх, эрх чөлөөг нь хасдаг гэсэн шүүмжлэл ихээхэн байдаг талаар юу хэлэх вэ?
-Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчийн Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх асуудал зөвхөн АТГ-т ч биш бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад ч байдаг асуудал.
Сэжигтэн, яллагдагчийн улсын хилээр зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад үндэслэн хилийн хориг тавигддаг.
Монгол Улсад гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн хувьд Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, манай улсын иргэдийн хувьд Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуульд заасны дагуу уг арга хэмжээг хэрэглэдэг.
Хилийн хориг тогтоох асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн акт хэд хэд бий. Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан журам болон ЦЕГ, АТГ, ТЕГ, ИХШХЕГ-ын даргын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу уг асуудлыг зохицуулсан байдаг.
Хууль болон дээрх заавар, журамд нийцүүлэн прокурорын хяналтын доор хилийн хориг тогтоож байгаа ажиллагааг хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан гэж үзэж болохгүй.
-АТГ-ынхан хэчнээн хүнийг хойшлуулшгүй ажиллагааны дүнд хорьсон юм бол?
-Мөрдөн байцаах чиг үүрэг бүхий аль ч байгууллага аливаа гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчийг Цагдан хорих ангиудад саатуулах явдал бий. Ингэхдээ прокурорын хяналт, шүүгчийн захирамжийн дагуу л хорьж шалгадаг.
Тодруулбал, шүүгч захирамжиндаа хаана хорихыг нь тодорхой заагаад өгчихдөг юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь 2014 онд дөрөв, 2015 онд гурван хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан байна.
Сэжигтэн, яллагдагчаар цагдан хорьж мөрдөн байцаалт явуулсан хүн 2014 онд 33, 2015 онд 17 байгаа юм. Шалгалтын дүнгийн талаар тус хэлтсийн хамт олны хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар прокурорын даалгавар, чиглэл өгсөн.
-Тухайлбал, ямар, ямар зөрчил илэрсэн бэ?
-Хүлээн авсан гэмт хэргийн талаарх нийт гомдол мэдээллийн 70 орчим хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлдэг, зарим хэргүүдийн хувьд гэмт хэргийн шинжтэй эсэхийг хангалттай баримтаар тогтоогоогүй байж үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэх зөрчил байна.
Мөн АТГ нь орон нутагт мөрдөн байцаагч төвлөрөн сууж ажилладаггүйгээс шалтгаалан мөрдөн байцаалтын ажиллагааг тасралтгүй явуулах зарчим алдагдах, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт хугацаа сунгаж мөрдөх явдал бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай харьцуулахад хувь хэмжээ нь харьцангуй өндөр байгаа.
Эрүүгийн хэрэг мөрдөн байцаалт дутуу хийсэн гэх үндэслэлээр шүүхээс мөрдөн байцаалтад буцах, зарим эрүүгийн хэрэг болон яллагдагчийг шүүхээс цагаатгах асуудал гарч байгаад анхаарал хандууллаа.
-Тус газраас шалгасан хэчнээн хэргийг шүүх мөрдөн байцаалтад буцааж, хэдийг нь цагаатгасан юм бол?
-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан хэргээс шүүх 2014 онд 17, энэ он гарсаар гурван хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Өнгөрсөн онд долоо, энэ он гарсаар нэг хэргийг шүүх цагаатгасан байна.
-АТГ-ынхны мөрдөж байгаа хэргүүд бусад хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагынхтай харьцуулахад хэр зэрэг ачаалалтай байна вэ? Авлига, албан тушаалын хэргүүд нууц далд үйлдэлтэй байдаг болохоор илрүүлэхэд хүнд гэдэг шүү дээ.
-Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагч нарын мөрдөж байгаа хэргүүд нь цагдаагийн болон бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай харьцуулахад тооны хувьд цөөн, ачааллын хувьд харьцангуй бага гэж хэлж болно.
Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргүүд ихэвчлэн нууц, далд аргаар үйлдэгддэг, илрүүлж мөрдөхөд бэрхшээлтэй, цаг хугацаа их шаарддаг,эдийн засгийн болон бусад асуудлаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахыг шаардлагатай болдог зэргээс шалтгаалан ачаалалтай ажилладаг гэж хэлж болно.
Г.ЦОЛМОН