Жуулчдад ээлгүй улс, орнуудын жагсаалтыг тэргүүлдэг эх орныхоо имижийг өөрчлөхөөр “ITB Berlin 2015”-ын түнш орноор оролцож, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг эхлүүлж, удахгүй нэг сая жуулчин хүлээж авна, дараа нь энэ тоог таван саяд хүргэнэ хэмээн Төрийн тэргүүн болон Нийслэлийн удирдлагууд ам уралдан ярьж байгаа.
Биелдэг бол сайхан л мөрөөдөл. Нэлээд хожуу дэлхийн дахинаа нээлттэй болсон Вьетнам л гэхэд аялал жуулчлалын салбараа аль хэдийнэ хөгжүүлж, 2009 онд 4.2 сая жуулчин хүлээж авсан байх юм. Сүүлийн арван жил жуулчдын тоо нь тасралтгүй нэмэгдэж байгаа тус улс ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй байгалийн үзэсгэлэнт дөрвөн газраа алдаршуулсаар байгаа.
Монголчууд бид ч гэсэн 2003 онд Увс нуурын ай сав, 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, энэ жил Бурхан халдуныг энэ жагсаалтад бүртгүүлсэн.
Байгалийн үзэсгэлэн, бахдам түүх соёл, нүүдэлчин ахуй гээд гайхуулах зүйл бидэнд олон бий. Үндэсний хэлээсээ өөр хэлээр бараг ярьдаггүй Казахстанд хүртэл жилд 35 сая жуулчин очдог гэх. Байгаль, түүхээ “борлуулж” чадсаных нь жишээ энэ биз.
Онгон дагшин байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр улс орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж чаддаг салбар бол аялал жуулчлал. Төрийн томчууд өөдрөг тоо хэлж, “мөрөөдөж” байх зуур энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүд нь “толгойгоо базлан”, шаналж сууна.
Зам муутай, үйлчилгээний соёлгүй, үнэ тариф нь гадаад, дотоодоор ялгаварласан эх орондоо урин дуудсан жуулчдаа сэтгэл хангалуун байлгахын тулд тэд “алиалагч” болох шахдаг. Хэрэгтэй цагт нь супер баатруудын дүрд ч хувирна.
Харин тэднийг хичээсээр, зүтгэсээр туулсан он жилийн уртад дэмжлэг гэхээсээ илүү хоосон хийрхэл дагаж байгаад л гутармаар. “ITB Berlin”-ий үр дүн ирэх жилээс гарна хэмээн үзэж эхний зургаан сарын байдлаар 4.8 хувиар буурсан жуулчдын тоог хаацайлах гэж төрийн байгууллагын мэргэжилтнүүд хичээх аж.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуулчлалын холбоо гээд гээд олон байгууллага руу өчигдөр хандаж жуулчдын статистик мэдээлэл авахыг хүссэн ч талаар болов.
Харин Үндэсний статистикийн хорооноос авсан мэдээллээр энэ оны эхний зургаан сарын дотор Монголд 147.145 жуулчин иржээ. Харин Үндэсний их баяр наадмаар эх оронд минь саатсан жуулчдын тоог дээрх байгууллагын аль нь ч бүртгэж амжаагүй гэсэн.
Баяр наадмын нээлтийг жуулчдад үзүүлэхээр 3106 тасалбар худалдан авсан компаниудын захиалгын тоогоор л статистик мэдээллийг орлуулж, баримжаалж болох нь. Наадмаар Монголд ирсэн 3000 гаруй жуулчин, Хөвсгөлд очсон дотоодын 42.000 аялагчдаа бид сэтгэл хангалуун үйлчилж чадсан нь уу гэвэл үгүй.
Ирэх жил “угтах” нэг сая жуулчин бүү хэл энэ жил шинэ засмал замын шидийг үзэхээр эх орныхоо хоймор нутагт очсон монголчуудаа бид баярлуулж чадсангүй. Гэр буудал олдохгүй, бэлэн мөнгөгүй болсон аялагчид энэ тухайгаа олон нийтийн сүлжээгээр зарлаж байсан.
Харин тухайн орон нутгийн удирдлага нэр цэвэр үлдэх гэснийх үү “Нэг ATM эвдэрсэн. Нөгөөх нь ажиллаж байгаад мөнгөгүй болчихсон. Дэлгүүрүүдийн ПОС-оос мөнгө авч болно” гэхчлэн утгагүй шахам тайлбар л хэлсэн. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэггүйсэн биш бил үү.
МОНГОЛД АЯЛАХ МУУХАЙ
БНХАУ-ын Аялал жуулчлалын академиас явуулсан судалгаагаар аялахад хамгийн таатай орны жагсаалтыг АНУ тэргүүлж, ОХУ удаалжээ. Харин хамгийн тухгүй аяллын дурсамж үлдээсэн орноор Монгол, Энэтхэгийг нэрлэсэн байна.
Тухайн улсын иргэдэд тохиолдсон хэлний бэрхшээл, аялсан хотын зохион байгуулалт, нийтийн тээвэр гэх мэт зургаан үзүүлэлтийг үндэслэн энэ судалгааны үр дүнг зарласан аж. Гэтэл Монголд ирдэг жуулчдын 30 гаруй хувийг хятадууд эзэлдэг.
Тодруулбал, энэ оны эхний зургаан сард 58.528 хятад жуулчин Монголд зочилсон байна. Түүнчлэн сүүлийн үед багц аялал сонгож, том багаар ирдэг аялагчид нь хятадууд болсон тухай тур оператор компанийнхан ярьж байсан.
Гадаадын жуулчдын сонирхлыг татах өвөрмөц байгалийн үзэсгэлэнт газруудтай хэдий ч эрс тэс цаг ууртай, дэд бүтцийн хөгжил муу, Монголд ирэх агаарын нислэг хязгаарлагдмал, үйлчилгээний чанар, соёлын талаарх мэдлэг муу байгаа нь энэ салбарын сул тал болж байна.
Тухайлбал, БНСУ-ын нэгэн иргэн “Монголд аялах сайхан байсан. Гэхдээ 200 гаруй км маш муу замаар, олон цаг явж оччихоод ганцхан Эрдэнэзуу гэдэг хийд үзээд тэндээсээ буцсан нь таалагдаагүй” хэмээн ярьж байсан.
Өргөн уудам тал нутагтай ч сайн зам, мэргэжлийн хөтчийн тайлбараар холыг ойртуулж, хэцүүг хялбаршуулж болдог. Монголд зочилсон гадаад жуулчин багадаа 3000 ам.доллар зарцуулаад буцдаг гэх.
Бас нэг жуулчин ирэхэд 20 ажлын байр бий болдог тухай ч олонтаа ярьж байсан. Гэтэл эдийн засгийн маань гурав дахь чухал хүчин зүйл болоод байгаа аялал жуулчлалын салбарын нэр хүндийг доройтуулах үйлдлийг монголчууд хийсээр л байна.
Бас аяллын замын турш сэтгэл түгшээдэг нэг асуудал нь бие засах газар. Монголчууд бол хөдөө, хээр хаана ч “учраа олчихдог”. Харин модон жорлонд орохдоо ч жийрхэх жуулчдаа яаж хээр бие засуулах билээ.
Зам зуурт таарах хоолны газруудын бие засах газрууд бохир, бас нийтийн бие засах газар төлөвлөөгүйн улмаас Хөвсгөл хүрэх 800 км, эсвэл говийн аймгууд руу явах 500 км замыг жуулчид тэсвэр тэвчээрээрээ туулах болно. Нийслэлд ч ижил. Нийтийн бие засах газар цөөхөн байдаг ч төлбөр авч үйлчилдгээс гадна бохир хэвээрээ л байна.
ЖУУЛЧДАД ЭЭЛГҮЙ 10 ОРНЫ НЭГ
Женевт төвтэй Дэлхийн эдийн засгийн форум 2015 оны Аялал жуулчлалын салбар дахь өрсөлдөх чадварын индексийг танилцуулсан. Энэ жилийн жагсаалтыг Испани улс анх удаагаа тэргүүлж дэлхийн аялал жуулчлалын салбар дахь хамгийн хүчирхэг улсаар нэрлэгдэв.
Уг тайланд аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтэц, хүний нөөц, хөдөлмөрийн зах зээл, байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн орчин, байгаль орчны зохицуулалт зэрэг 12 шалгуурыг харгалзан тус бүр долоон оноогоор үнэлдэг бөгөөд энэ жил дэлхийн 141 орныг хамруулан дүгнэлт хийсэн байна.
Монгол Улсын хилийн боомтуудаар нэвтэрсэн зочигчид, жил
бүрийн эхний хагас жилийн байдлаар, мянган хүн

Монгол Улс аялал, жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индексийн долоон онооны үзүүлэлтээс 3.3 оноо авч, 141 улсаас 99 дүгээрт бичигдсэн. Ингэснээр Монгол Улс аялал жуулчлалд бэлэн бус эдийн засагтай улс орнуудын 42 дугаарт орж байгаа юм.
Манай улсын хувьд бизнесийн орчин, дэд бүтцийн үзүүлэлтээр тааруу үнэлгээ авсан бөгөөд уг тайлангийн жуулчидтай холбоотой гэмт хэргийн гаралт, зочид буудал, аялал жуулчлалын салбарын хөгжил зэрэг үзүүлэлтийг харгалзан үзвэл манай улс зочломтгой бус буюу жуулчдад ээлгүй арван орны аравдугаарт орж буй юм.
Энэ жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Испани улс долоон онооноос 5.31 авсан байгаа бол хамгийн сүүлд бичигдсэн Чад улс 2.43 оноо авчээ.
МӨНГӨӨ ҮР БҮТЭЭЛТЭЙ ЗАРЛАГАДАХСАН
7.3 тэрбум төгрөгөөр аялал жуулчлалын том үзэсгэлэнд оролцож, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж, хангалттай хөрөнгө зарцуулж байгаа ч энэ их зарлага “байгаа онохгүй” л байна.
Нэн түрүүнд дэд бүтцээ сайжруулж, байгалиа унаган төрхөөр нь хадгалж, аялал жуулчлалын бүс нутгуудын зам дагуу болон тухайн орон нутагт нь бие засах газар, зочид буудал, зоогийн газар зэрэг наад захын үйлчилгээг бий болгох шаардлагатай.
Ийм зүйлс дутагдаад байгааг бүгд л мэддэг хэрнээ ярьсаар, ямар олон жилийг өнгөрүүлж байна вэ. Ирэх жил болох ACEM чуулга уулзалтад зориулж тусгай хамгаалалттай газарт нэг тэрбумын үнэтэй 50 хаус барьж, зочид буудлуудад тусгай сургалт явуулан, одооноос бэлдэж байгаа.
Улс орныхоо нэр хүндийг өргөж, дэлхий нийтийн анхаарлыг татах зорилготойгоор чуулга уулзалтыг эх орондоо хийж байгаа ч үүнтэй холбоотой хийгдэх бүтээн байгуулалтууд цаашид жуулчдад үр нөлөөгөө үзүүлэхээр байвал сайнсан.
Монголд хурал, семинар, уулзалт цөөдөөгүй. Харин ярьсаар байтал ажил тань ард хоцрох нь. Мэдсээр атлаа хийдэггүй, харсаар байгаа ч өөрчлөхгүй байвал том үзэсгэлэнд зориулсан долоон тэрбумаа, чуулга уулзалтад зарцуулсан мөнгөтэйгөө хамт салхинд хийсгэж ч мэдэх юм.
Элгээрээ хэвтсэн эдийн засгаа өөд татах үүрэгтэй гурав дахь том салбараа зоригтой дэмжихсэн дээ.
Ж.СОЛОНГО