Улаанбаатарын тоосжилт АНУ-ын цөлжсөн хотынхоос ч өндөр гарсан тухай судалгаа хэдэн жилийн өмнө олныг цочирдуулж байв. Хэрэв тэр үед олон нийтийн сүлжээ одоогийнх шиг хүчтэй байсан бол “Улаанбаатар хотын бичил тоосонцрын түвшин олон улсын стандартаас хэт өндөр байна. Үүнийг эрүүл мэндэд хоргүй түвшинд хүргэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй” гэсэн Дэлхийн банкны судалгааны мэргэжилтэн Гайлиус Драугелиусын анхааруулга тэгсхийгээд мартагдахгүй байж мэдэх байлаа.
Өнгөрсөн таван жилийн дотор хотын тоосжилт нэмэгдсэн үү гэхээс лав багасаагүй. Гэтэл тоосжилтыг бууруулахаар ав сан арга хэмжээ нь багадсан уу л гэхээс нүдэнд харагдаж, гарт баригдахаар үр дүн өгсөнгүй.
Өнгөрсөн 2-3 жилд Улаанбаатарын усан оргилуурын тоог огцом нэмж, 125 болгосон ч үнэндээ одоо ажиллаж байгаа нь дээрхийн 30 хувьд ч хүрэхгүй.
Наадмын өмнөх бүгчим халуунд сэрүүцэх аятай тухтай газар олж ядсан хүмүүс дээрх тоог зөвхөн цаасан дээрх жагсаалт төдий, бодит байдалд гарын арван хуруунаас тийм ч хол давахааргүй усан оргилуур ажиллаж буйг биеэрээ мэдэрсэн.
Шанд бараадсан говийнхон аятай нийслэлчүүд хэдхэн газар багширч байсан нь ховордсон “сүрчиг”-нээс болсон юм. Өмнөх онд нь сүр дуулиантайгаар ашиглалтад оруулсан усан оргилуур дараа жил нь хэрэгцээгүй болчихдог уламжлал манайд л байх.
Дүүргүүдийн удирдлагууд гэнэт ухаан орсон юм шиг биенээсээ өрсөн усан оргилуур байгуулсан боловч өнөөхөө арчилж хамгаалах хүн хүч, усны эрүүл ахуй хийгээд цахилгаан, техникийн аюулгүй байдлаа хангахаа мартсан учраас хэчнээн зуун сая төгрөг ганц зуны дотор үгүй болдог.
Хөрөнгөө хэмнэх гэсэн зарим нь хэдэн труба цоолж, ус шахаад л түүнийгээ усан оргилуур гээд нэрлэчихэж байхад яаж гадаадынхан шиг наанадаж 10, 20 жилийн настай байх вэ дээ.
Усан оргилуурыг хэрхэн ашиглах, арчлах талаар ямар ч мэдлэггүй хүмүүс хүйтний улирал эхлэхэд усыг нь сайн шавхалгүй хөлдөөчихөөд, дараа жил нь ашиглаж чадахгүйд хүрдэг тохиолдол олон байдаг гэсэн.
Сая гаруй хүн амтай метрополис хотод маань одоо яг хэдэн “сүрчиг” цацарч буйг хэлээд өгөх хүн харин алга гээд бод доо. Өвөлжин нүүрсний гашуун утаанд нэвт утуулчихаад, арайхийн урин дулаан цагтай золгохоор “Одоо миний ээлж” гэсэн шиг тоосонцор угтаад авчихдаг “ховор” заяатай хүмүүс юм, улаанбаатарчууд.
Ийм одонд төрсөн бидэн шиг хүмүүст л зориулж, уушги дотроо дэвтээг гэсэндээ хэдэн мянганы тэртээ хүн төрөлхтөн усан оргилуур гээчийг санаачилсан юм болов уу ч гэж заримдаа бодогдох.
Даанч манай хотод л тэр усан оргилуур нь нүдний гэм байх юм. Тэгээд бодохоор “Усан оргилуургүй хот сүрчиггүй бүсгүйтэй адил” гэдэг үг бидний зовлонг мэдэхгүй ямбатай хүмүүсийн тохуурхал шиг санагдахыг яана.
Усан оргилуур үнэндээ манай хотын хувьд зөвхөн өнгө үзэмж нэмэх чамин гоёл төдий бус, эрүүл мэндээ хамгаалах, бухимдал, алжаал ядаргаагаа тайлах эм билээ. Учир нь энэ “сүрчиг”-ний орчиндоо бэлэглэдэг чийглэг, цэнгэг агаар болоод зөөлөн цацрах чимээ нь хүний сэтгэлийг тайвшруулж, алжаалыг умартуулдаг увдистай гэнэ.
Хамгийн амар тайван, аз жаргалтай хотуудыг эрэмбэлэхэд ойрын жилүүдэд сүүл мушгих болсон улаанбаатарчуудад усан оргилуур хэчнээн хэрэгтэйг эндээс харж болно. Харин тийм сэтгэл ханамж, тайвшрал бэлэглэхээр хэмжээний сүрчиг нийслэлд харамсалтай нь алга.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй усан оргилуур, усан толионы байгууламжийн ашиглалтад үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн дөрөвд үгээр сард томоохон шалгалт хийсэн.
Шалгалтын дүн ямар гарсныг мэдэх гэсэн боловч холбогдох албан тушаалтнууд нь тал тал тийш амраад явчихаж. Сураг дуулах нь ээ, тун удахгүй шалгалтын дүнг олон нийтэд танилцуулах юм байх.
Дээрх шалгалтаар усан оргилуур, усан толио бүхий байгууламжуудын хэвийн ажиллагааг хангаж байгаа эсэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, ашиглагч байгууллагуудын боловсон хүчний болон техникийн аюулгүй байдал, технологийн горим, ажиллах цагийн хуваарь, арчилгаа хадгалалтын горим, эрүүл ахуй, ариун цэврийн байдал, ашиглалтын зардлын төлөвлөлтийг нягтална гэсэн учраас дориун дүр зураг харагдах болов уу гэж найдаад байгаа юм.
Усан оргилуур улаанбаатарчуудад ямар чухлыг ярихын зэрэгцээ тоо бус чанарын талаар, олон улсын стандартад нийцсэн технологи, аюулгүй байдлыг хангах тухай бас давхар авч үзэх ёстой.
Долоон жилийн өмнө 22 усан оргилууртай байсан улаанбаатарчууд одоо 125 болгосон гээд ярих нэг хэрэг. Сүүлийн үед төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж үүд орчин тойрондоо, томчууд гэрийнхээ хашаанд хүртэл “сүрчиг” цацруулах болсон нь дэвшил.
“Усан оргилуур хийж өгнө” гэсэн зар цахим хуудсаар бишгүй харагдах болсон. Харин тэднээс хэчнээн нь олон улсын стандартын дагуу хийдэг бол гэдэг эргэлзээтэй. Үүнд хэн ч хяналт тавьдаггүй.
“Сүүлийн үед усан оргилуур захиалж хийлгэх сонирхолтой хүмүүс олширсон. Манайх стандартын дагуу усан оргилуур хийдэг ч хүмүүс үнэтэй байна гэдэг. Тэгээд биднээс зөвлөгөө аваад өөрсдөө усан оргилуур их хийдэг.
Гэхдээ л бас бидний зөвлөснөөр нэг бүрчлэн хийхгүй, аль болох л хэмнэх гээд байдаг. Наад зах нь усан оргилуур руу хүүхэд унах эрсдэлээс сэргийлэх нөхцөлийг нэн түрүүнд бүрдүүлэх хэрэгтэй гэж байнга зөвлөдөг” хэмээн “Тонгил” ХХК-ийн захирал Ч.Мэндбаяр хэлсэн.
Энэ бол зайлшгүй бодох зүйл мөн билээ. Одоо цагт усан оргилуурыг орчин үеийн дизайн, архитектурын шийдлээр хийх ёстой гэдэг хоосон ярианаас ч дээгүүр тавигдах зүйл энэ юм.
Усан оргилуурын гэрэл чимэглэл хийхдээ цахилгааны утсаа зориулалтын бус материалаар ороосноос болж гурвын гурван гэмгүй хүүхдийн аминд хүрсэн эмгэнэлт тохиолдол манайд бий.
Тиймээс будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр усан оргилуур, усан хөшиг, усан толио байгуулна гэж байгаад бас буруудах вий дээ.
Л.ГАНЧИМЭГ