Үргэлжлэл. Түрүүч нь өмнөх дугаарт
Азийн хөгжлийн банк гишүүн улс орнууддаа цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл, ядуурлыг бууруулах зорилгоор олон төсөл хэрэгжүүлэхэд нь санхүүжилт олгодог. Тус банк Вьетнам улсад хэд хэдэн төсөл санхүүжүүлж буй.
Тэдгээрийн хоёрынх нь явцтай “Цаг уурын өөрчлөлт ба гамшгийн эрсдэлийн менежмент” аялалд хамрагдах үеэр Азийн есөн орны сурвалжлагч өнгөрсөн долоо хоногт танилцсан юм. Тэдний нэг нь Меконг Дельта бүсэд орших, Хо Ши Мин хотоос 165 км зайтай Донг Тап мужид хэрэгжүүлж буй дүүжин гүүрийн төсөл байлаа.
ЭКСПОРТЫГ НЭМЭХ ДҮҮЖИН ГҮҮР
Меконг Дельта бүс нь 2009 оны байдлаар 17 сая хүн амтай (нийт хүн амын 22 хувь) байсныг “Wikipedia”-д тэмдэглэжээ. Тэндхийн иргэдийн 80 хувь нь хөдөө амьдардаг бөгөөд 76 хувь нь хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэдэг байна.
Меконг Дельтад Вьетнамын хөдөө аж ахуй, загас агнуурын 60 гаруй хувь нь ногддог. Бас цагаан будааны 52, жимсний 65 хувь нь ургадаг тул онцгой гэж хэлж болох бүс юм.
Гэтэл тус бүсэд 2030 он гэхэд 35-аас дээш хэмээр халах өдрийн тоо одоогийнхоос олшрох, үерийн хэмжээ нэмэгдэх тооцоо гарсныг Хо Ши Миний Технологийн их сургуулийн профессор Во Лэ Фу хэлж байв.
Эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой тус бүсэд дэд бүтэц муу хөгжсөн бөгөөд зах хэсгээр нь ядуурлын түвшин өндөр аж. Тэгвэл цаг уурын өөрчлөлтөд эмзэг гэх тодотголтой, Вьетнамын эдийн засгийн дөрвөн гол төвийн нэг болох Меконг Дельтад хэд хэдэн муж дайран урсдаг Меконг голын дээгүүр дүүжин гүүр барих төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Гүүрний барилгын ажлыг зургаан үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2017 оны аравдугаар сард багтан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
Төсөлд нийт 880.09 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд Азийн хөгжлийн банк, Австрали, БНСУ-ын Засгийн газрын болон Вьетнамын тусгай сангаас санхүүжүүлж буй гэнэ. Үр дүнд нь гатлага онгоцны “түгжрэл” үүсдэг бэрхшээлийг шийдэхээс гадна Камбожийн авто замтай холбогдох юм байна.
Бас Меконг Дельтаг өөр нэг бүстэй холбон, Хо Ши Мин хот руу хүрэх замыг дөт болгох (автомашинаар явахад нэг цаг хэмнэх) ач холбогдолтой гэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэгчид цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад анхаарсан нь илт.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Меконг Дельтагийн оршин суугч, үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл нээн, экспорт нь нэмэгдэх, эрүүл мэндийн үйлчилгээтэй “ойртох” зэрэг ач холбогдолтой юм билээ.
Ер нь гурван мужийн таван сая оршин суугч ашиг тусыг нь хүртэх тооцоо гарчээ. Энэхүү дүүжин гүүрийн барилгын ажлыг дэлхийн 50 гаруй оронд салбартай, урд хөршийн авто зам, төмөр зам, гүүр, нисэх буудал зэргийг барих ихээхэн туршлагатай “China Road & Bridge Corporation” болон Вьетнамын “Vinaconex E&C” компани хамтран гүйцэтгэж байна.
Барилгын ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэх өрхүүдэд нөхөн төлбөрийг нь олгосон тухай төслийн ахлах мэргэжилтэн Лэ Динх Танг өгүүлсэн.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ИЛҮҮ НӨЛӨӨТЭЙ
Бид аяллын бас нэгэн өдрөө Вьетнамын зүүн өмнөд хэсэгт орших БинФуок мужид хэрэгжүүлж буй “Фуок Хоа усны нөөц” төслийн явцтай танилцлаа.
Азийн хөгжлийн банк, Францын хөгжлийн агентлаг (AFD) хамтран 217.27 сая ам.доллараар санхүүжүүлж буй уг төслийг хэрэгжүүлснээр Сайгон, Вам Ко Дон голын ундаргыг нэмэгдүүлэх, Хо Шин Мин болон бусад мужид хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны давсархаг чанарыг хянах зэрэг боломж олгох талаар ахлах мэргэжилтэн Ли Трунг Танх ярилаа.
Мөн сүүлийн жилүүдэд тулгараад байгаа цэвэр усны хомсдолын (ялангуяа хуурай улиралд) эрсдэлийг шийдвэрлэхэд нөлөөлөх аж. 2000 онд Хо Ши Минд усан цахилгаан станцын үйлдвэрлэл багассанаас болоод эрчим хүч хязгаарлаж байсан жишээ бий гэнэ.
Тус төслийн хүрээнд далан болон Сайгон гол дахь “Дау Тиенг” нөөц хадгалах санд Сонг Би голоос ус дамжуулах суваг барих юм байна. Мөн “Фуок Хоа” усны нөөц хуримтлуулах сангаас жилд нэг тэрбум шоо метр усыг “Дау Тиенг”-д нэмж “нийлүүлэх” суваг барих аж.
Ус сувгийн хоолой болон үерээс хамгаалах төхөөрөмж суурилуулахаар төсөл хэрэгжүүлэгчид төлөвлөжээ. Голын урсгал өөрчлөгдөх, эрэг нь элэгдэх, үер зэрэг сөрөг нөлөөг дээрх төслийг хэрэгжүүлснээр тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой болох юм.
Хүн амынх нь тоо нэмэгдэж буй, Вьетнамд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашигтай (тэнд кофе, чинжүү, үр тариа, цагаан будаа ургадаг) мужуудын нэгд тооцогддог БинФуокд энэхүү төслийг хэрэгжүүлэн усны нөөц бүрдүүлснээр үр ашгийг нь Хо Ши Мин хот болон үйлдвэрлэл хөгжсөн хэд хэдэн мужийн иргэд хүртэх, эдийн засагт нь эергээр нөлөөлөх ач холбогдолтой нь тодорхой.
Тодруулбал, төсөл есөн сая хүний амьдралд нөлөө үзүүлэх тооцоо гарчээ. Францын хөгжлийн агентлагийн хийсэн судалгаагаар дээрх газруудын зарим хэсэгт хөдөө аж ахуйн орлого нь 100-250 хувиар өсөх боломж ч бий аж.
Энэхүү хоёр төсөл нь Вьетнамын эдийн засгийн нэг гол тулгуур гэж болох хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх нь дамжиггүй биз ээ. Тус улсыг цагаан будаа, кофений гол экспортлогч хэмээн үздэг бөгөөд тэндхийн дөрвөн хүн тутмын гурав нь хөдөө амьдарч буй юм.
Вьетнамд усны хомсдол (ялангуяа эргийн бүсэд), ган, үер болон агаарын хэм нэмэгдэх гээд сөрөг үзэгдэл гарч байгаа тухай профессор Во Лэ Фу ярьж байсан юм.
Түүнчлэн цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшгаас болоод Зүүн өмнөд Азийн орнуудын ДНБ-ий буурах хэмжээ дараагийн 85 жилд дэлхийн дунджаас хоёр дахин их байх тооцоо бийг Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн Анча Сринивасан өгүүлж байв.
БинФуок мужид барьсан далан
Гэнэтийн гамшиг аялал жуулчлал, дэд бүтэц гээд хэд хэдэн салбарт хамгийн ихээр нөлөөлж буйг өмнөх дугаарт тэмдэглэсэн. Иймээс ч цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшгаас сэргийлэхээр дээрх шиг төслүүдийг хэрэгжүүлэхэд Вьетнам болон Азийн бусад орон анхаарч эхэлсэн тухай аяллын тухай сонсож явлаа.
Тухайлбал, Камбож, Индонезэд усны менежментийг сайжруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Харин Монгол Улс үүнд хэрхэн анхаарч байна вэ?
Ц.БОЛОРМАА