Эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах зорилготойгоор шинэчлэн байгуулагдсан шийдлийн Засгийн газрын хувь заяа тодорхойгүй байдалд ороод хагас сар болох гэж байна. МАН-ын зургаан сайдыг л огцруулна хэмээн УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдэж буй ч энэ нь Ч.Сайханбилэгийн танхимынханд итгэхэд эргэлзээтэй байдлыг хөрөнгө оруулагчдад бий болгоод байна.
Танхимын, багийн, хамтын тоглолтоор ажил нь урагшилдаг Засгийн газраас зургаан гишүүнийг нь сугалснаар тогтворгүй байдал үүсэхгүй хэмээн улстөрчид ярьж байгаа. Гэвч бодит байдал дээр бүх шийдвэр нь УИХ-аас бараг бүрэн хараат болсон энэ Засгийн газрыг удирдаж байгаа Ерөнхий сайд, түүний багийнханд монголчууд өөрсдөө ч итгэх аргагүй боллоо.
Энэ бол Ерөнхий сайд болон сайдаар томилогдсон эрхмүүдийн мундаг, муугаас үл хамаарах, улс төрийн шалтгаанаас үүдэлтэй. АН-ын фракц хоорондын зөрчилдөөн, эрх мэдлийн төлөөх тэмцлээр эрх баригч намын даргын тамгыг гүйцэтгэх засаглалын тэргүүнд биш хууль тогтоох үндсэн үүрэгтэй УИХын даргад шилжүүлснээрээ “нам+төр=эрх мэдэл”–ийг нэг хүний гарт төвлөрүүлсэн.
Ингэснээр гүйцэтгэх засаглалыг тоглоомын хүүхэлдэй болгоод байна. Өргөн барьсан асуудлыг гацаадаг, унагаадаг, буцаадаг гээд энэ УИХ өнөөдрийг хүртэлх найман сарын хугацаанд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт эдийн засгаа өөд татах, ажил хийх боломж олгосонгүй.
Тавантолгойн тухайд, УИХ-ын ажлын хэсгийн саналыг тусгаад Засгийн газар дахин өргөн барьж, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж шийднэ гэсэн хүлээлт байсан. Гэвч Засгийн газар ч, УИХ ч энэ талаар дахин ам нээсэнгүй. Гацууртын хувьд Тавантолгойтой адил үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар ч шалтгаан байгаагүй.
Харамсалтай нь Ноён уул, Хүннүгийн булшаа хамгаалах нэрийдлээр “эх оронч” дүр эсгэсэн иргэний хөдөлгөөнийхний шахалт, дарамтаас айж болгоомжилсон эрхэм гишүүд эсрэг кноп дарсан нь үнэн. Энэ мэтээс болоод Тавантолгой, Гацууртыг гацаасны горыг ирэх намраас жирийн иргэд, ард түмэн бодитоор мэдэрч эхлэх гэж байна.
Монгол Улсын ойрын хугацаанд төлөх ёстой өрийн төлбөрт 3.4 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан.
Гэтэл энэ хэмжээний мөнгийг хаанаас, хэн олж төлөх талаар Засгийн газрын өмнөөс бүхнийг шийддэг УИХ-д бодож төлөвлөсөн зүйл юу байна вэ? УИХын даргын хэлснээр ирэх сарын буюу наймдугаар сарын 03-нд хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар өдрөөс өдөрт элгээ эвхэж байгаа эдийн засгаа эмхлэх талаар ямар асуудал хэлэлцэх гэж байна вэ? УИХ-ын албан ёсны мэдээллээр бол ээлжит бус чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх аж.
Гэтэл энэ нь хүндрээд буй эдийн засаг, хоёрхон сарын дараа айсуй намрын ажил, ард түмний амьдралд Тавантолгой, Гацууртаас илүү чухал ач холбогдолтой, ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах хэмжээний чухал асуудал мөн үү.
Уг нь УИХ-ын тухай хуулиараа ээлжит бус чуулганыг улс орны зайлшгүй чухал, ач холбогдолтой асуудлыг яаралтай хэлэлцэх тохиолдолд зарлан товлодог. Гэтэл эдийн засгаа сэргээх, эмхлэх, эргүүлж буцаасан Тавантолгой, Гацууртын төслөө засаж сайжруулан, хэлэлцэж шийдвэрлэхийн оронд энэ мэт хуулийг хэлэлцэх гэж байгаа нь том төслүүдээс ажлын байр, эдийн засгийн эргэлт хүлээж байгаа ард түмний эрх ашигтай нийцэхгүй байна.
2012 оноос үргэлжилсэн нүүрсний үнийн уналт Австрали, Мозамбик, АНУ, Канад гээд нүүрсний томоохон экспортлогчдод хүндээр тусаж буй. АНУ-ын “Пийбоди”-гоос авахуулаад нүүрсний гигантууд дампуурлаа зарлахад ойрхон болоод байна.
Гэтэл бид хөдлөхөд бэлэн байсан Тавантолгойгоо улс төрийн шалтгаанаар буюу товчоор хэлэхэд Тавантолгойд хэн нь нөлөөгөө тогтоох вэ гэдэг улс төрийн бүлэглэл фракцуудын ашиг сонирхлын тулаанаас болоод гацаах нь Монголын эдийн засгийн гол найдвар болсон энэ том төслийг 2018 оноос нааш хөдөлгөхгүйгээр булшлахад хүргээд байна.
БНХАУ-ын ашигт малтмалын статистик мэдээллээр Монгол өмнөд хөршийн нүүрсний зах зээл дэх хоёр дахь том экспортлогч болсон сайн мэдээ бий. Хямралыг боломж болгодог зах зээлийн овсгоогоор энэ байр сууриа урагшуулж тэргүүлэх боломж бидэнд байгаа. Гэтэл эрх баригч нам доторх улс төрийн өрсөлдөөнөөс болоод энэ боломжийг ашиглаж чадалгүй цаг хугацаа алдсаар байгаагийн горыг Монголын эдийн засаг, ард түмэн мэдрэх ойлгомжтой юм.
Гацууртын алтны ордыг мөн үүнд дурдаж болно. Гацсан шалтгаан нь бас л улс төр дэх фракц бүлэглэлүүдийн ашиг сонирхолтой холбоотой. Ноён уул, Хүннүгийн булшаар далайлган энэ төслийг хэлэлцээгүй. Гэтэл одоо Ноён уул, Хүннүгийн булш, Гацууртын орд орчимд алтны нинжа нар хэдийнэ ажлаа хийж, алтаа угааж эхлээд байна.
Харамсалтай нь Ноён уулаа, Хүннүгийн булшаа хамгаална гээд байсан эх орончид, эрхэм гишүүд нь таг чиг амарч, зугаалж яваа. Мандал сумын Цагдаагийн тасгийн дарга Ц.Ганболд “Бид хэд хэдэн тохиолдолд нинжа нарыг газар дээрээс нь тараасан. Энэ байдал Гацууртын талбайд болж байгаа. Давхардсан тоогоор энд 70-80 нинжа бий.
Хууль бус үйл ажиллагаа учраас бид арга хэмжээ авч, хүмүүсийг тарааж, буулгадаг. Техник хэрэгслийг нь саатуулдаг. Гэвч нууцаар эргээд гарчихдаг. Тэд хаагуур ч хамаагүй дураараа явж байна” хэмээн ярьжээ.
Мөн Түнхэл тосгоны захирагч С.Раднаабазар “Гацууртын ордод нинжа нар байгаа нь үнэний хувьтай. “Сентерра гоулд” компанийн ажил нь эхлэхгүй удаад, олны анхаарал татаад байгаа учраас нинжа нар “хаана мөнгө олох арга байна” тэнд хүрч байна. Бид хөөж, туулж байгаа ч хүчрэхгүй байгаа. Ер нь хүндхэн байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.
Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сард хуралдуулсан тохиолдолд улс төрийн ач холбогдолтой хуулийн төслүүдээ хэлэлцэхээс өмнө эдийн засагт хүлээлт, эргэлзээ, тээнэгэлзэл үүсгээд байгаа Тавантолгой, Гацууртын төслүүдээ эцэслэн шийдэх хэрэгтэй байна, эрхэм гишүүд ээ.
Та бүхнийг талцаж улстөржиж, эрх мэдлээ булаацалдаж байх зуур уул уурхайн улирал дуусаж, Тавантолгой, Гацууртаар Монголд итгэх итгэлээ жинлэн суугаа хөрөнгө оруулагчдын сүүлч эхнээсээ нүүр буруулж, эдийн засаг улам хэцүүдэх нь байна шүү.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ