Ерөнхийлөгч П.Очирбат Дорнодын Тамсагаас олборлосон нефтийн дээжээр шинэхэн дээлийнхээ энгэрийг мялаагаад нүүр дүүрэн инээж зогссон агшин олны сэтгэлд тодхон үлдсэн байдаг.
Тухайн үед энэ мэдээг радиогоор сонссон нэгэн малчин Ерөнхийлөгчид захидал илгээж нефтийн үйлдвэрээ барьчихвал өвөө нь хонь бэлэглэнэ хэмээж байсан гэдэг. Төрийн тэргүүнээс эхлээд уулын мухарт радиогоо сонсож суусан малчин хүртэл унах машиныхаа түлшийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь хэмээн баярлан хөөрч байсан нь энэ.

Харамсалтай нь байгалийн баялгаа экспортолж олсон хэдийнхээ заримыг нь түлшээ авах гэж эргүүлээд гадагш урсгасаар байна. Баялаг, түүхий эд нь байхад хэдий болтол ингэж гадаадынхны гар харж суух вэ.
Өнгөрсөн хугацаанд нефть боловсруулах үйлдвэр барих хэд хэдэн төсөл эхэлсэн ч дуусалгүй замхарсан. Хамгийн сүүлд Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьж, төрийн түшээд тууз хайчилж байсан ч зураг л түүх болон үлджээ.
Гэхдээ газрын тосны үйлдвэр барих “хувьсгалын тохироо” одоо л бүрдэж, монгол хүн бүрийн мөрөөдөл биелэх боломж байна.
ОДОО, ЭСВЭЛ ХЭЗЭЭ Ч ...
Дэлхийн газрын тосны томчууд ойрын хэдэн жилд үнэ тогтвортой буюу 60 ам.доллараас давахааргүй байх төсөөллийг гаргасан байна. Гэхдээ үнэ 60 ам.доллараас дээш гарахгүй гэсэн үг биш. Уруудсан үнэ хэзээ нэгэн цагт эргээд чангарах нь тодорхой.
Тийм учраас үнэ хямд байгаа энэ “цонх үе”-ийг ашиглаад газрын тос боловсруулах үйлдвэрээ барих шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Одоогийн байдлаар 14 компани газрын тосны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл аваад буй аж.
Хэрвээ манай улс үнэ буурсан энэ таатай үеийг ашиглаж чадалгүй хоцорвол дараагийн мөчлөгийг хүлээхээс аргагүй. Харин ийм үе хэзээ дахин тохиохыг хэн ч тааж чадахгүй юм. Одоогийн байдлаар “Петрочайна дачин Тамсаг” компани манай улсын нефтийн 90 гаруй хувийг дангаараа олборлож байна.
Тус компани олборлосон нефтиэ урд хөршийн үйлдвэрүүдэд дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлж байгаа.
Манай улс үйлдвэртэй болсон тохиолдолд тус компани дотоодод олборлож буй газрын тосыг дэлхийн зах зээлийн жишиг үнээр нийлүүлэх үүрэг хүлээнэ. Тиймээс нийлүүлэлтэд санаа зовох хэрэггүй аж.
ҮЙЛДВЭР БАРИХАД ОЛБОРЛОЛТ ХАНГАЛТТАЙ
Том хүчин чадалтай үйлдвэрийг дагаж их хэмжээний олборлолтын тухай яриа гарна. Манай газрын тосны олборлолт өдгөө үйлдвэр барих хэмжээнд хүрсэн аж. Энэ онд компаниуд 1.050.000 тонн газрын тос олборлох төлөвлөгөөтэй байгаа.
Үүнийг 2009 онтой харьцуулбал дөрөв дахин их хэмжээ бөгөөд цаашид ч тасралтгүй нэмэгдэх төлөв байна. Тухайлбал, одоо ашиглаж буй гурван талбайгаас л гэхэд ирэх жилээс 1.3, ойрын 20 жилд 1.5 сая тонн газрын тос тогтмол олборлох тооцоо бий.
Газрын тосны газраас ялган зааж өгсөн 31 талбайд хайгуул болон олборлолт хийх боломжтой. Үүнээс 16 талбайд хайгуул, гуравт нь олборлолт хийж буй.
Тухайлбал, “Петрочайна дачин Тамсаг” Тамсагийн болон Тосон-Уулын ордод, “Доншен газрын тос” компани Зүүнбаян, Цагаан-Элсний ордод үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын газрын тосны баталгаат нөөц одоогийн тогтоогдсон нь 332.64 сая тонн.
Мөн сүүлийн үед Матад-20, Тариач-15, Галба-11 ордод шинээр нөөц илэрч буй мэдээ бий. Үүнээс үзвэл дотоодын хэрэгцээгээ хангаад, илүү гарсныг нь экспортлох хэмжээний үйлдвэр барихад түүхий эдээр дутах зовлонгүй гэсэн үг юм.
БАРИМТЛАХ БОДЛОГО, ДАГАХ ГАЗРЫН ЗУРАГ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дотоодын түүхий эдэд түшиглээд газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуул гэдэг зөвлөмж өгсөн.
Үүний дагуу Засгийн газар говийн бүсэд хоёр сая тонн хүртэлх, зүүн бүсэд 300 мянган тоннын хүчин чадалтай газрын тосны үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулан, байгаль орчны үнэлгээ хийж энэ оны гуравдугаар улиралд багтаан танилцуулах үүргийг салбарын яамдад өгсөн.
Аж үйлдвэрийн яам энэ ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулаад байна. Тендерт шалгарсан Унгарын “Евро-Ойл” компани өмнө нь Казахстан, ОХУ, Украин зэрэг оронд газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажилд оролцож байсан аж.
Тус компани ирэх есдүгээр сард урьдчилсан ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг бэлэн болгосны дараа салбарын яамнаас үйлдвэр барих компанийг сонгон шалгаруулах зэргээр дараагийн ажлууд өрнөх юм.
Аж үйлдвэрийн яамны Газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Цэрэнноров “Манай улсад нэг том, хоёр жижиг үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Одоо говийн болон зүүн бүсэд үйлдвэр барих талаар судалж байна.
Цаашид баруун бүсэд жижиг оврын нэг үйлдвэр барих чиглэлтэй байгаа” гэв. Салбарын сайд Д.Эрдэнэбат “Нефтийн үйлдвэр байгуулах цаг нь болсон. 2020 онд энэ үйлдвэрийг барьж дуусгах зорилт тавьж байгаа” гэсэн. Үүний урьдач нөхцөлийг сайтар хангаж байна.
Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогоо УИХ-аас гаргалаа. Мөн аж үйлдвэрийн салбарын зураглалыг боловсруулж дууссан бөгөөд удахгүй УИХ-аар батлуулах гэнэ.
1000 бээрийн аялал эхний алхмаас эхэлдэгтэй адил хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болох гараагаа ийнхүү тавьж байна.
ШАТАХУУНЫ ҮНЭ ХЯМДАРНА
Манай улс өнгөрсөн онд 1.4 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн аж. Үүний 60 орчим хувийг дизелийн түлш, 20-30 хувийг бензин, үлдсэн хэсэг нь онгоцны болон хийн түлш, замын битум байна.
Бид унаагаа хөдөлгөх гэж өнгөрсөн онд 1.1, өмнөх жил нь 1.4 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь жилд олж буй 10 төгрөгийн нэг нь, экспортоос орж ирж буй 10 ам.долларын хоёр нь гадагшаа урсаж байгаа төдийгүй нийт импортын 20-30 хувийг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Ам.долларын энэ их урсгал жил бүр гадагшаа урсахгүй, дотооддоо үлдвэл ханш тогтворжиж урт хугацаандаа буурна гэсэн тооцоо бий.
Зарим эдийн засагч нефтийн үйлдвэртэй болчихвол ам.долларын ханш 1000 төгрөгөөр буурна гэсэн таамаг дэвшүүлж буй юм. Бид ОХУ-аас дэлхийн зах зээлийн жишиг үнээр шатахуун импортолж буй ч дотооддоо үйлдвэртэй болчихвол үнэ хямдарна.
Үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдэхэд л иргэдийн амьдралд маш их дарамт болдогтой адил хямдрах хэмжээгээр ачаа хөнгөрнө гэсэн үг юм. Одоогийн байдлаар газрын тосны салбар бидний мэдэлд бус хоёр хөршийн хараанд байгаа.
Нөөцөө ашиглаж чадахгүй, хэрэглээгээ хойд, олборлолтоо урд хөршдөө атгуулсан, дорой буурай байдлаасаа салах цаг нь болсон гэж салбарын сайд нь чанга дуугаар хэлж байна. Тиймээс энэ ажлыг дэмжих л үлдлээ.
Н.САНЖААСҮРЭН