“Хурд” хамтлагийн дуучин Д.Цогоог “Хүмүүс” буландаа урьж ярилцлаа
-Таны хувийн амьдрал олны сонирхлыг байнга татдаг. Саяхнаас гэр бүлтэй болж, фэнүүдийнхээ сэтгэлийг амраав уу?
-Ах дүү, найз нөхөд, таньдаг мэддэг, ойр дотнын хүмүүс намайг гэр бүлтэй болооч гэж олон жил ятгасан. Амьдрал зохиохгүй, гоонь, ганц бие олон жил явлаа гэж фэнүүдэдээ шүүмжлүүлсэн удаа ч бий. Урлаг, уран бүтээл гэж явсаар гэр бүлийн амьдралд оройтож хөл тавьсан.
Өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодоход би уран бүтээлдээ сэтгэл, зүрхээ зориулсан, аминаасаа ч илүү хайртай хүн байжээ. Гэр бүлтэй болчихоод одоо сайхан амьдарч явна. Эхнэрийг маань Отгоо гэдэг. Бид хөөрхөн хүүтэй. Намайг хүүтэй болоход аав, ээж минь их баярласан.

Өмнө нь ганцаараа байхдаа гэр гэж хойшоо яарахгүй найз нөхөдтэйгээ нийлж биллиард тоглон, уран бүтээлийн тухай ярилцаж цагийг өнгөрүүлдэг байлаа. Одоо бол хань, хүү минь хүлээж байгаа гэж бодохоор гэр рүүгээ яаран тэмүүлдэг болсон. Эрт гэрлэж, олон хүүхэдтэй болох минь яав даа гэж харамсах сэтгэл хааяа төрдөг юм.
-Танд олон бүсгүй хайр сэтгэлээ илэрхийлж байсан гэж сонссон юм байна. Тэр үед цаг хугацаа алдалгүй сонгочихож болоогүй юм уу?
-Хүн нэг л зүрхтэй төрдөг биз дээ. Түүн шиг би нэг л бүсгүйг чин сэтгэлээсээ хайрласан. Найз бүсгүй минь гадаадад ажиллаж амьдарч, суралцаж байгаад ирсэн. Ирэн иртэл нь үнэнчээр, бас тэвчээртэйгээ олон жил хүлээсэн. Хүлээсэн минь талаар болоогүй. Би өөрийнхөө амьдралд зөв сонголт хийсэн гэж боддог.
-Эхнэрээ “Миний мөрөөдөж байсан бүсгүй” гэж бардам хэлж чадах уу?
-Чадна. Мөрөөдөж байсан учраас хүлээсэн. Миний сэтгэлд эхнэр минь бүх талаараа таалагдсан.
-Ямар занд нь тэгтэл их татагдсан юм бэ?
-Даруухан, бас халуун сэтгэл, халамжинд нь.
-Хань, аав байхын үүрэг, хариуцлагыг хэр мэдэрч байна вэ?
-Өө, мэдэрч байна, мэдэрч байна. Гэр бүлээ бусдаас дутаахгүй, сэтгэл хангалуун, сайхан авч явах миний үүрэг. Үүргээ муу биелүүлээгүй гэж бодож байгаа.
Хойшдоо ч сайн хань, аав байхын төлөө хичээнэ. Гэр бүл хүнд аз жаргал, ухаарал аль алийг нь хайрладаг юм байна. Итгэл, найдвар амьдралд томоохон байр суурь эзэлдэг гэдгийг сайн ойлгосон. Амьдралын утга учир ерөөсөө энэ л юм байна шүү дээ. Хайрын тухай олон дуу дуулсан хэрнээ энэ бүхнийг өмнө нь мэдрээгүй явжээ.
-Амьдрал танд одоо ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?
-Өөдрөг бодлыг үргэлж төрүүлдэг. Өөрийгөө гэр бүл, үр хүүхэдтэй байхын баяр баяслыг өдөр бүр мэдэрч яваа жаргалтай хүн гэж боддог.
-Энэ жил валентины баяр цагаан сартай давхцаж боллоо. Та эхнэртэйгээ энэ баярыг тэмдэглэв үү?
-Үгүй ээ. Бидний хувьд сар шинийн баярыг өргөн тэмдэглэсэн. Шинийн нэгний өглөө аав, ээждээ очиж золголоо. Манай ах, дүүсийн хүүхдүүд тоолж баршгүй өнөр болсон шүү дээ. Олуулаа өссөхийн жаргалыг энэ өдөр аав ээжийнхээ дэргэд байхдаа илүү мэдэрдэг юм.
-Удахгүй мартын наймны баяр болно. Эхнэрээ яаж баярлуулахаа аль хэдийн төлөвлөчихсөн биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ нууц задалж дэлгэмээргүй байна. Эхнэрээ баярлуулах тэр өдрийн миний бэлэг хамгийн сайхан сюрприз байх болно. Фэнүүд минь намайг гэр бүлтэй болоход найз, нөхөд шиг минь баярлан хүлээж авсан. Тэднээсээ шүүмж, магтаал аль алийг нь сонсож, урагшилсандаа их бахархдаг. Тийм болохоор ямар хайртай учирч, яаж аз жаргалтай амьдарч яваагаа уран бүтээлээрээ хойшдоо мэдрүүлнэ.
-Та чинь айлын хэд дэх хүүхэд билээ?
-Долоо дахь хүү нь. Ах нарынхаа үгийг сонсож, дүү нартаа зөвлөж явна даа. Монголчууд дордохын долоо гээд долоогийн тоонд дургүй байдаг. Харин би энэ тоог их шүтэж, дээдэлдэг. Зурхайчаас асуусан чинь бэлгэдэлтэй сайн тоо гэж хэлсэн шүү.
-Ах нарын зэмийг хааяа хүртэнэ биз?
-Тийм ээ. Өндөг шиг өөгүй хүн гэж байдаггүй биз дээ. Хааяа нэг үгийг нь дагалгүй, өөрийнхөөрөө зүтгэж зэмлүүлэх энүүхэнд. Би багадаа хамгийн дүрсгүй нь байсан. Буруу зүйл хийчихээд аав, ах нарын суран бүс, алганы амтыг их амссан. Тэглээ гээд муу явсангүй. Балбуулсныхаа хүчинд урлагийн данснаас хасагдаагүй явна. Олон ахтай байх сайхан. Саар зүйл хийвэл зэмлэж, зөвлөнө, сайн зүйл хийвэл магтаж, дэмжинэ.
-Ганбаяр ах айлын том уу. Та нарт зөвлөж, сургаж байгаа харагддаг?
-Үгүй ээ, дөрөв дэх ах маань. Том ахыгаа цаг бусаар хорвоог орхисонд их харамсдаг. Ах минь цэргийн алба хааж байхдаа эхнэртээ зориулж “Цэргийн бодол” дууны үгийг зохиож, аяыг нь хийсэн шүү дээ. Энэ дуугаараа намайг олны танил болгосон. Тайзан дээр гарахдаа өмсөөд дуулсан миний цэрэг шинель бэлтгэлийн маань өрөөнд өлгөөстэй байдаг юм. Бид ахынхаа гэгээн дурсгалд зориулж, цэргийн баяраар “Цэргийн бодол” дууны 30 жилийн ойг тэмдэглэнэ.
-Та цэргийн алба хаасан уу?
-Дорноговь аймгийн Зүүнбаянд хоёр жил цэргийн алба хаасан. Цэргийн амьдрал надад олон зүйл сургасан. Эр хүн хатуужил, тэвчээр, сэтгэлийн хаттай байх ёстой. Тэндээс сурсан бүхэн амьдралд минь хэрэг болдог. Цэргээс ирээд хамтлагийнхаа дуучин болсон доо. Намайг алба хааж байх үед ах нар ярилцаж байгаад “Хурд” нэрийг өгсөн байсан. Манай хамтлагт дуучин болох гэж 70 гаруй хүн шалгуулаад тэнцээгүй гэдэг.
-Ах нарынхаа хатуу шалгуурыг давж, дуучин болж байсан түүхээ яриач?
-Цэргээс дөнгөж ирчихээд, би дуучин болъё гээд хэллээ. Тэгсэн ах нар эхэндээ “Чи чадахгүй ээ” гээд голсон. “Чоно” дууг дуулж, хатуу шалгуурыг нь давж тэнцсэн. Одоо бол Цогоог хүлээн зөвшөөрсөн шүү дээ.
-Хөвгүүдэдээ аав тань ямар сургаал айлддаг бол?
-Манай аав ,ээж их даруухан, хөдөлмөрч хүмүүс бий. Амарч сууна гэж ер байхгүй. Заримдаа ах нар “Насны намбаа эдлээд, сайхан налайж амарсангүй” гэж зэмлэхээр өөдөөс нь “Зүгээр суухаар бие өвдөх гээд байх юм. Хөдөлж байхгүй бол болохгүй” гэнэ. Аав бидэнд “Нэг нэгийгээ хайрлаж, хүндэлж яваарай. Олны итгэлийг дааж, зөв амьдрах хэрэгтэй” гэж захидаг. Хэлсэн үгийг нь марталгүй сэтгэлдээ байнга санаж явдаг.
-Таны үс ургасан байна шүү. Дахиж тайрахгүй биз дээ?
-Нэг удаа даахиа үргээсэн. (инээв) Дахиж тайрахгүй ээ. Халимагтай байх фэнүүдэд минь таалагдаагүйг тэр үед анзаарсан. Урт үстэй байх хэцүү. Зун болохоор урт үсний зовлон их. Арчилгаа их шаарддаг. Эмэгтэй хүн үсээ яаж сайхан байлгах гэж хичээдэг билээ түүн шиг анхаарал тавина.
-Хүндтэй цол авснаас чинь хойш хожуу уулзаж байна. Шинэхэн гавьяатдаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргээд, сэтгэгдлийг нь сонсъё?
-Төр засгийнхаа хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэл өндөр байна. 15 жилийн турш бидний уран бүтээлийг дэмжиж, урам хайрлаж ирсэн фэнүүдэдээ их баярлалаа. Та бүхнийхээ сонорыг сэтгэлд тань хоногших сайхан уран бүтээлээр үргэлж мялааж байх болно оо. Намайг гавьяат цол хүртэхэд хамгийн их баярласан хүмүүс бол фэнүүд минь. Одоо ч би тэднээсээ урмын сайхан үг сонссоор л байгаа шүү.
-Танай хамтлагийн анхны тоглолт “Хар салхи” нэртэй байсан. Саяны тоглолтоо “Хайрын салхи” хэмээн нэрлэсэн байх юм. Ах, дүүс салхи, шуургыг тэгтэл их бэлгэшээдэг хэрэг үү?
-Тийм ээ. Салхи, шуургыг хүмүүс таатайгаар хүлээж авдаггүй л дээ. Гэхдээ бид уран бүтээл талаасаа хурд, эрч хүчтэй гэдэг утгаар илүү бэлгэшээдэг. Хайр сэтгэлийн тухай өгүүлсэн “Хайрын салхи ” цомог гаргая гэж бүгдээрээ ярилцаж шийдээд, хэвлүүлсэн.Тоглолтоо ч мөн ийм нэртэй толилууллаа. Фэнүүдийнхээ сэтгэлийн догдлол, тэр их баяр хөөр, эмоциос тоглолтоо гайхамшигтай, сайхан болж байгааг мэдэрч чадсан.
-Танайхан хөдөөг зорилгүй удлаа. Орон нутгийн үзэгчид ч гэсэн та нарыг харж, хүлээж суугаа шүү дээ?
-Урин дулаан орохоор бид хөдөөг зорьж, энэ тоглолтоо толилуулна. Өмнө нь сонгуулийн сурталчилгаагаар хэд хэдэн удаа очихдоо хөдөөгийн үзэгчидтэй тухтай уулзаж байсангүй.
Ирэх таван сард 21 аймгаар хийх аялан тоглолтодоо ихээхэн ач холбогдол өгч, сонсогч фэнүүдийнхээ сэтгэлийн үгийг сонсъё гэсэн бодолтой байгаа. Наадмын өмнөх орой долдугаар сарын 10-д бид Сүхбаатарын талбайд “Талархлын тоглолт” хийнэ. Таван жилийн өмнө тоглосон тоглолт дээр 120 мянган үзэгч цуглаж байсан. Энэ жил үүнээс ч илүү хүн цуглана гэдэгт итгэлтэй байна.
Биднийг ярилцаж байх үеэр Д.Ганбаяр ах студийнхээ өрөөнд орж ирсэн юм.
Түүнээс “Дүүгээ гавьяат цол хүртэхэд танд ямар сэтгэгдэл төрөв. Фэнүүдээ баярлуулсан азтай тэр агшинд дүүдээ урмын ямар сайхан үг хайрласан бэ” хэмээн асуухад “Дүүгээ хүндтэй цол хүртэж байхад төрийн ордны гадаа самсаа шархираад, баярын нулимстай зогсож байлаа. “Хурд”хамтлагийн амжилттай, ололттой урагшилсан зам дүүтэй минь салшгүй холбоотой. Ахын ёсоор дүүдээ чамд уран бүтээл хийх нас, цаг хугацаа байна. Одоо л оргил үе чинь эхэлж байна. Ард түмнээ хүндэлж, ихийг хийж бүтээгээрэй” гэж урам хайрласан. Дүүгийнхээ гавьяат цолны мялаалгыг ирэх дөрөвдүгээр сард фэнүүдтэй нь хамт хийх бодол бий. Гэхдээ ууц тавьж, ул боовны ард суухыг бид нэг их эрхэмлэхгүй ээ. Харин UB Palace-ийн концертийн их танхимд “Баярлалаа” хэмээх хүндэтгэлийн цэнгүүн тоглолтыг ард түмэндээ үнэнгүй толилуулна.
Ярилцсан Г.Батцэцэг
Ням гариг сэтгүүл 2010.02.28