Улаанбаатарт усан бороо шиг “хэрэггүй” юм үгүй ажээ. Хэдхэн минутын бороонд л өч төчнөөн айл үерт автан, албаныхныг түргэн авахуулж, төв замуудаар дориухан “гол” урсаж, иргэд, зорчигдын ая тухыг алдагдуулах юм. Борооноор зөвхөн хотын гудамж талбай усанд автаж, гэр хорооллынхон зутраад өнгөрдөг ч юм биш.
Орон сууцны дээд давхрын айлууд таазнаасаа эхлээд усанд автдаг явдал XXI зууны Улаанбаатарт байсаар байна. Бороо орохоор хаана, ямар гамшиг тохиолдсон тухай, гэр хорооллынхон хэрхэн хохирсон талаар ярьдаг болохоос орон сууцны айлуудын асуудлыг орхигдуулдаг.

Гэтэл олон жилийн насжилттай барилгуудын шүүрэн шанага шиг дээвэр дор иргэд хөгц, мөөгөнцөрт идүүлж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Хэдхэн хоногийн өмнө 50 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэж, Хүй долоон худагт томоохон хэмжээний наадам хүртэл хийсэн Баянгол дүүрэгт ийм байр олон байгаа гэдэгт та итгэх үү.
Тухайн үед СӨХ, хороо, дүүргийнхээ удирдлагуудад учир байдлаа хэлэх гэтэл өнөөдүүл нь ойгоо тэмдэглээд завгүй тул оршин суугчдынхаа гомдлыг хүлээж авахтай манатай байж. Тиймээс иргэд бидэнд хандсан юм. 13А байрны гурван айлаар ороход өрөөнүүдийнх нь ханан дээр дусаал усны шинэ, хуучин мөр зурайж, зарим айлын тааз нь хөгц, мөөгөнцөрт баригджээ.
Саяны борооны үеэр нэг айлын ханан дахь залгуурт борооны ус хүрч, гүйдэл үүсэн, жижиг сажиг цахилгаан хэрэгсэл, зарим өрөөнийх нь чийдэн шатсан гэнэ. Түүнчлэн тус байрны оршин суугч Ц.Дулмаа гуайнд хаа сайгүй дусаал гоожиж сандаргасан бөгөөд саяны хэд хоногт тэднийхэн ороо хүртэл зайлуулж унтаж байжээ.
Тэрбээр “Манайх байрандаа 2013 онд засвар хийсэн. Гэтэл дээврээс дусаал гоожсоор одоо бүх өрөөний маань тааз хөгцөрч мөөгөнцөртөөд, мөнгөний гарз боллоо. Улс хөгжиж байгаа юм чинь нэг л өдөр дээврээс дусаал гоожихгүй болгох байх гэж найдсаар өдий хүрсэн.
Гэтэл “Танай байрны дээврийг урьд нь улсын төсвөөр зассан учраас одоо дахиж засвар хийхгүй” гэх юм. Саяны борооноор манайд хаа сайгүй дусаал гоожиж, байдаг сав суулгаа тосоход хүрлээ” гэв.
Харин тус байрны оршин суугч Т.Норов “Олон жил би энэ асуудлаар хороо, дүүрэг, нийслэлийн холбогдох бүхий л албан тушаалтанд хандаж байсан. Мэргэжлийн хяналтынхан, онцгой байдлынхан, эрчим хүчнийхэн гээд олон газраас хүмүүс ирж, манай өрөөнүүдийг үзээд дүгнэлт гаргаж байсан юм.
Гэтэл тэр дүгнэлтийг манай СӨХ, хорооныхон тоож үздэггүй. Даатгалын компаниас хөөцөлдөж байж заримдаа цөөн хэдэн төгрөг авдаг. Гэхдээ тэр нь ийм болсон байраа засахад хаанаа ч хүрэхгүй шүү дээ” хэмээв.
Энэ хавийн байрнуудын дээврээс дусаал их гоожиж, байнга шахуу чихнээс нь “хонх уядаг” учраас иргэдийн хохирлыг барагдуулах учиртай даатгалын компанийнхан хүртэл халшраад, сүүлийн үед бараагаа ч харуулахаа байжээ.
Гэтэл СӨХ-ныхон байрнуудаар хааяа ирж үзэхээрээ “Даатгалын компанид хандаад, хохирлын мөнгөө гаргуулж аваарай” гэж иргэдийг тавладаг байна. Дусаал хэр их гоожсон, ямар эрсдэл дагуулснаас хамаараад, айлууд даатгалын компаниас жилд 45-150 мянган төгрөг авдаг байж.

“Манайхныг хариуцдаг “Дөл сан” СӨХ олигтой ажил хийдэггүй учраас би СӨХ-ны мөнгөө өгдөггүй. Тэр мөнгөө цуглуулж байгаад байрныхаа дээврийг өөрсдөө зассан нь дээр” хэмээн нэгэн оршин суугч бухимдсан нь ийм учиртай байж.
Бид Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Нансалмаагаас зарим зүйлийг тодруулахад “2013 онд бид 15, 16, 17, 20 дугаар байрны дээврийг улсын төсвийн хөрөнгөөр зассан. Өнгөрсөн жил 13В болон 14 дүгээр байрны дээврийг бүрэн шинэчилсэн.
Гэтэл зарим оршин суугч СӨХ-ны мөнгөө өгдөггүй учраас тэд ямар мөнгөөрөө дээврийг нь засаж өгөх вэ дээ. Харин ч бид иргэдийн хүсэлтээр зарим СӨХ-ны даргыг өөрчилснөөр үйл ажиллагаа нь гайгүй сайжирч байгаа газар ч бий” гэлээ.
Түүнчлэн дээвэр зассан компаниасаа тэд гурван жилийн баталгаа авдаг болсон гэнэ. Өмнөх нь тэгдэггүй байж. Тиймээс 2010 онд зассан 18 дугаар байрны дээврээс дараа зун нь урьдын адил дусаал гоожсон гашуун түүх байна.
Гэвч “Дээврийг нь зассан байр” гэсэн жагсаалтад орсон учраас одоо тэнд улсын төсвөөс ганц ч төгрөг хялайлгахгүй. Бас хариуцлага хүлээлгэх гэтэл буух эзэн, буцах хаяггүй хоцорсон гэдэг. Тийнхүү иргэд нь тав дахь жилдээ борооны устай тэмцэж байгаа аж.
Ийм зовлонг зөвхөн баянголчууд гэлтгүй, Улаанбаатарын орон сууцны олон айл өрх үүрч буйг мартаж боломгүй байна.
Иймхэн асуудлыг шийдэж чадахг үй байж хэрээ галууг дуурайн хөлөө хөлдөөхийн үлгэрээр нийслэл, дүүргийн удирдлагууд “дэлхийн жишиг” хэмээн том том юм ярьж, пэд пэд үсэрсээр л явна.
Л.ГАНЧИМЭГ