Манай мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн үед урьд өмнө байгаагүйгээр дотносож байна. Америк, Барууны орнуудын Оросын эсрэг хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ Москва, Бээжингийн нөхөрлөлийг улам л бэхжүүлсээр.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадыг оросууд улс төрийн хамгийн ойр түнш хэмээн тооцож байгаа бол хятадууд ч ОХУ-тай найз нөхөр гэдгээ байн байн харуулж байна. Гэхдээ энэ хоёр орны харилцаа өнгөн дээрээ байгаа шиг тийм амар хялбар биш.
Орос ах нар хятадуудын зан байдал, сэтгэхүйг нь заримдаа ойлгодоггүй бол нөгөө хэд нь Орост гадаад түнш цөөхөн үлдсэн дээр нь дөрөөлөн ашиг олох гэж хичээх аж.
Хятадтай нөхөрлөснөөр Америкийн эсрэг эн тэнцүү сөргөлдөж чадна гэж зарим нь баярлаж байгаа бол асар том өмнөд хөршдөө залгиулж орхих вий гэж эмээх оросууд ч олон байна.
ЭНЭ ХОЁР ОРНЫ НӨХӨРЛӨЛД ЯМАР СААД, БЭРХШЭЭЛ БАЙНА ВЭ?
2012 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Владимир Путин Бээжинтэй хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг санал болгосон. Ерөнхийлөгч болоод Кремльд буцан ирэх нь тодорхой байсан В.Путин “Хоёр улсын технологи, үйлдвэрлэлийн бололцоог ашиглан хамтын ажиллагааныхаа чиглэлийг хурдан тогтоох хэрэгтэй.
Бид Хятадын нөөц бололцоог Сибирь, Алс Дорнодын эдийн засгийг хөгжүүлэхэд ухаалгаар ашиглах ёстой” гэж хэлж байлаа. Хэдийгээр Ерөнхий сайд нь ийнхүү мэдэгдэж байсан ч хамтын ажиллагааны зарим нэг салбарт хориг, хязгаарлалт үйлчилсээр л байсан юм.
Примори дахь дэд бүтцийн хамтарсан төслүүд “царцаж”, Сибирь дэх Хятадын бизнест хязгаарлалт тогтоон, тус улсын компаниудыг ашигт малтмал, томоохон барилгын ажлуудад оролцуулахгүй байв.
Мөн саяхан болтол байгалийн хийн томоохон орд газруудад хятадуудад хувь эзэмшүүлдэггүй, машин үйлдвэрлэлийн салбарт хамтарсан аж ахуйн нэгж байгуулах гэхээр нь хүнд суртлын аппарат зогсоож орхидог байлаа. Харин Украины асуудлаас болж, Барууны орнуудтай сөргөлдөж эхэлснийхээ дараа Москва Хятадтай харилцах бодлогоо өөрчилсөн.
2014 оны тавдугаар сард В.Путиний Шанхайд хийсэн айлчлалын үеэр асар том хэмжээний 40 орчим гэрээ, хэлэлцээр байгуулсан билээ. Үүнээс Оросын “Газпром” Хятадын CNPC компанитай жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан нь хамгийн том нь юм.
30 жилийн хугацаатай энэхүү гэрээний нийт дүн 400 тэрбум ам.доллар байсан аж. Санхүү, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт ч Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, талууд 2016 оноос өмнө Амур мөрөн дээр гүүр, Москва-Казанийн чиглэлд хурдны зам барихаар тохиролцсон.
Нэг их наяд рублийн өртөгтэй хурдны зам нь Москва-Бээжинг холбосон замын нэг хэсэг болох учиртай. Оросын цэргийн аж үйлдвэрийн салбарыг ч хятадууд ихээхэн сонирхож байна. Тэд зенитийн пуужингийн “ПВО С-400” системийг худалдан авахаар захиалга өгсөн хамгийн анхны улс юм.
Москва, Бээжин хоёр олон улсын тавцанд ч хамтран ажиллаж байгаа ч энд ОХУ “том ах”- ын үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд Хятад улс санал өгөхдөө ОХУ-ын амыг хардаг нь нууц биш.
Цаашдаа ч Хятад улс энэ байр сууриа хадгалж үлдэх байх. Учир нь “дүү”-гийн дүрд тоглох нь өөрт нь ч ашигтай байгаа юм. Карнегийн төвийн Москва дахь салбарын мэргэжилтэн Александр Габуев “Хятад улс Оросыг “useful idiot” буюу “хэрэгтэй тэнэг”-ийн дүрээр идэвхтэй ашиглаж байна.
Сирийн байдал, Ираны эсрэг хориг арга хэмжээ гэх мэт олон улсын асуудлаар оросууд маш их хилэгнэн, ууртайгаар үзэл бодлоо илэрхийлдэг. Энэ нь ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн шүүмжлэлийн бай болгоход хүргэдэг.
Харин Бээжин хэнийг ч шүүмжилж, маргалддаггүй. Учир нь тэд Москвагийн саналыг дэмжиж байгаа болохоор өөрсдөө үг хэлээд байх шаардлагагүй. Хоёр орны ашиг сонирхол олон асуудал дээр нэгдэж байгаа нь үнэн.
Тийм болохоор Хятад өөрийн зорилгодоо хүрэхийн тулд Оросоор халхавч хийсээр байх болно” хэмээн ярьж байна. Орос-Хятадын ган бат найрамдал, найз нөхөр, түнш гэсэн яриа их дуулдаж байгаа ч Москва Хятадыг газар нутгийн маргаантай ганц ч асуудал дээр дэмжиж байгаагүй.
Хятадын санал болгосон “Азийн дэд бүтцийн хөгжлийн банк”, “Торгоны замын эдийн засгийн бүс” төслүүдэд ч анхандаа итгэлгүй, болгоомжтой хандаж байлаа.
Үүнд шалтгаан бий. Нэгдүгээрт, Бээжин гол дүрд нь тоглож байгаа ямар ч төслөөс оросууд болгоомжилдог.
Хоёрдугаарт, “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг ОХУ өөрийн Төв Ази дахь байр суурийг ганхуулах оролдлого хэмээн үзсэн юм. “Азийн дэд бүтцийн хөгжлийн банк”-ны үүсгэн байгуулагчийн тоонд Хятадаас алс хол Их Британи гэсэн орон орохоо зарласны дараа л оросууд нэгдсэн билээ.
“Азийн дэд бүтцийн хөгжлийн банк”-нд нэгдэхээс оросууд удаан эргэлзэж, татгалзаж байсан ч ямар ч гэсэн гуравдагч том хөрөнгө оруулагч нь болж, Захирлуудын зөвлөлд төлөөлөгчөө багтаах эрх авсан. Үүгээрээ Бээжин Оросыг чухал түнш гэдгийг харуулсан юм.
ОУВС, Дэлхий банк зэрэг газарт оросуудад тийм эрх хэзээ ч олгохгүй байлаа. Гэхдээ төрийн түшмэлүүд төдийгүй жирийн ард иргэд ч хятадуудад итгэлгүй ханддаг хэвээр байна. Өвөр Байгалын хязгаарт Хятадын “Хуаэ Синбан” компанид 115 мянган га газрыг 49 жилийн хугацаатай түрээслүүлэх гэрээ байгуулсан талаар мэдээ гарахад нийгэм хэрхэн хандсан нь үүний тод жишээ юм.
Олон нийтийн санал бодлыг судлах төвөөс “Өвөр Байгалын хязгаарын газрын түрээсийн талаар юу гэж бодож байна” гэсэн судалгаа явуулахад санал асуулгад оролцогчдын тал хувь нь “Сибирийг Хятад эзлэхээр санаархаж байна” гэж хариулсан бол 40 хувь нь “Энэ гэрээний улмаас газрын хөрс бохирдож, Орост экологийн аюул нүүрлэнэ” гэж үзжээ.
Нөгөө талаас нь үзвэл үүнийг тулгараад буй үнэн бодит аюул гэхээсээ илүү ард олны ухамсарт эрт үеэс шингэсэн хятадуудад үл итгэх үзэл гэж хэлж болох юм. Үнэн хэрэгтээ хэн ч арчилж хамгаалахгүй байгаа газар нутгийг хариуцах хүн гарч ирнэ гэдэгт баярлаж байгаа хүн ч бий.
Тэр газрыг дотоодын хөрөнгө оруулагчдаас гадна Япон, Өмнөд Солонгост түрээслэх гэж оролдсон. Хэн ч аваагүй. Баруун Сибирь, Кубаньд газар тариалан амжилттай эрхэлж байгаа манай том компаниуд ч ашиглах ямар ч боломжгүй, тийм газрыг боловсруулах технологи, хөрөнгө байхгүй гэж байсан” гэж ярьжээ.
ОХУ-ын нэрт хятад судлаач, Эдийн засгийн дээд сургуулийн захирал Алексей Маслов “Би Орос, Хятадын хамтын ажиллагааны ирээдүйд итгэдэг. Хятадууд манай нутгийг эзлэх гэж байна гэдэг айдас бол ул үндэсгүй гэж боддог.
Сибирь, Алс Дорнодын ашиглагдахгүй байгаа газар нутгийг боловсруулахад хэдэн тэрбум доллар шаардлагатай, ашиг нь хэдэн арван жилийн дараа л орж ирнэ. Хятадад өөрт нь Шинжаан, Өвөрмонголд атар газар хангалттай бий.
Хятад бол улс төрийн маш чухал түнш. Асар чадалтай агуу том орон тул Хятадгүйгээр дэлхийн улс төрийн байдлыг хэлэлцэх боломжгүй” хэмээн ярьсан бол Москвагийн их сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн дэд захирал Андрей Карнеев “Хятадад байгалийн баялаг гаргаад оронд нь бэлэн бүтээгдэхүүн авдаг нь хохиролтой гэж ярьдаг хүн олон.
Үүнд хятадууд буруугүй. Бид Европтой ч гэсэн тийм л худалдаа хийдэг шүү дээ” гэж ярьж байна. Орос, Хятадын харилцааны бас нэгэн асуудал бол холбоотон гэдэг үгийн талаарх ойлголтын зөрүү. Оросууд бүх асуудлаар санал нэгтэй байж, нэгнийгээ ямар ч үнээр хамаагүй дэмжиж туслахыг холбоотон хэмээн үздэг бол Хятад өөрийн ашиг сонирхолд хохирол учруулан байж, Оросыг дэмжихгүй нь ойлгомжтой.
Оросын бизнес эрхлэгчид, улстөрчид хятад хүний санаа бодол, сэтгэхүйг маш муу мэддэг болохоор Хятадын талаар огт ойлголтгүй гэж хэлж болно. Хятад судлаач, сайн эрдэмтэн байхгүй нь ч нөлөөлж байна.
“Азийн дэд бүтцийн хөгжлийн банк” төслийг хэрэгжиж эхэлж байхад хойрго байсан оросууд одоо “Торгоны зам эдийн засгийн бүс” төсөлд ч ихээхэн эргэлзэх шинжтэй. Карнегийн төвийн Москва дахь салбарын мэргэжилтэн Александр Габуев “Оросын талын ажлын хэсгийг Гадаад хэргийн яам удирдаж байгаа бол Хятадын талаас Эдийн засгийн удирдлагын стратегийн байгууллага тэргүүтэй хэд хэдэн газар хариуцаж байна.
Тэндхийн мэргэжилтнүүд үнэхээр чадалтай улсууд. Харин манай дипломатууд эдийн засаг, худалдаа наймаа огт ойлгохгүй хүмүүс шүү дээ” хэмээн харамсчээ. Хятадыг сайн мэддэг мэргэжилтэн дутагдалтай байгаа нь эдийн засгийн олон том шийдвэрийг бараг сохроор аз туршин гаргахад хүргэж байгаа аж.
Худал мэдээлэлд итгэсэн улстөрчид сэтгэлийн хөдөлгөөнд автан шийдвэр гаргах тохиолдол их байгаа гэнэ. Америк, Их Британи улс 1980 оноос хятад судлаачдыг бодлогоор бэлтгэж эхэлсэн бол Орост Хятадын зах зээлд гарахад хөтөч хийгээд явах мэргэжилтэн ч байхгүй байна.
Тийм болохоор ОХУ өмнөд хөрштэйгөө харилцахын тулд сайн мэргэжилтэн, хятад судлаач бэлтгэх шаардлагатай болж байгаа юм. Хятад хэлнээс гадна хоёр орны улс төр, эдийн засгийн ашиг сонирхол хаана огтлолцож, хаана зөрж байна вэ гэдгийг судлан, хамтын ажиллагааны шинэ чиглэлийг эрж хайдаг жинхэнэ мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай.
Мэдээж Хятадад ч шилдэг сайн орос судлаач дутагдаж байгаа нь лавтай. Хоёр улс энэ тал дээр хамтран ажиллах эхний шатаа тавиад байгаа. ОХУ-ын Үндэсний судалгааны хүрээлэнгээс Москвад тав дахь жилдээ Орос-Хятадын олон улсын харилцааны зуны сургууль нээн ажиллуулж байна.
Энэ жил тэнд Шанхай хотын Боловсролын их сургуулийн оюутнууд ирж, “Евразийн нутаг дэвсгэр дэх Орос, Хятадын хамтын ажиллагаа” сэдвээр судалгааны ажил хийсэн аж. Зуны сургуулийн гол зорилго нь Орос, Хятадын ирээдүйн элитүүд нэг нэгнээ ойлгож, мэдэрдэг болгох.
Цаашдаа яам, тамгын газар, төрийн албанд орох нь ойлгомжтой залуус танилцаж нөхөрлөн, ирээдүйн их найрамдлыг баталгаатай болгох нь бас нэгэн зорилго. Энд оюутнууд Орос, Хятадын харилцааны талаар огт дурдахгүй, зөвхөн дэлхийн тавцанд хоёр улс хэрхэн хамтарч ажиллавал үр дүнд хүрэх вэ гэсэн сэдвээр л ярилцдаг.
Энэ нь ирээдүйд хамтарч ажиллах түншүүд шүү гэдгийг тархинд нь суулган өгч байна гэсэн үг юм. ОХУ-ын Үндэсний судалгааны хүрээлэнгийн Олон улс судлалын төвийн захирал Тимофей Бордачев “Москвагийн хувьд Бээжин түүхэн дэх хамгийн том улс төрийн түнш нь бол Хятадын хувьд ОХУ дэлхийн улс төрийн тавцанд ганцаардаж, дарагдахгүй байх баталгаа нь болж байна. Бид бие биедээ хэрэгтэй” гэж хэлжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ