Улаанбаатарын гудамжаар алхаж яваа хятад хүн харахаараа “Аа муу хятад барилгачин”, “Визгүй харласан хужаа” хэмээн дээрээс харж, харьцдагаа зогсоох цаг болжээ.
Аялал жуулчлалаар ашиг орлого олохыг хичээдэг улс орон бүр Хятад улстай харьцахгүй бол болдоггүй цаг үе иржээ. Энэ жил манай өмнөд хөрш дэлхий дахинд жуулчдаа аялуулдаг хамгийн том орон болоод байна. 2015 оны нэгээс зургадугаар сар хүртэлх хугацаанд Хятадын жуулчид гадаадад 62 сая удаа аялал хийсэн байна.
Тэгэхээр энэ оны сүүлч гэхэд тэдний гадаад аялал 110 саяд хүрч магадгүй байгаа юм. Аялал жуулчлал бол хэдэн сая, тэрбум доллар олдог салбар. Гэхдээ тухайн оронд Хятадын жуулчид ирж байвал бүр их ашигтай ажилладаг нь тодорхой болоод байна.
Тэд мөнгөө харамгүй цацдаг, дэлхийн хамгийн үрэлгэн жуулчид гэнэ. GfK компаниас гаргасан судалгаанаас үзэхэд тус улсын жуулчид нэг аялалд дунджаар 15 мянган юань буюу 2400 ам.доллар зарцуулдаг аж.
2015 оны эхний хагаст хятад иргэдийн аялал жуулчлалд зарцуулсан мөнгө өнгөрсөн жилийнхээс 14.5 хувиар нэмэгдэж, 260 тэрбум ам.долларт хүрсэн гэж БНХАУ-ын Аялал жуулчлалын удирдлагын газраас мэдээлжээ. Бодоод үз дээ, 260 тэрбум ам.доллар шүү дээ.
Тус улсад зорчиж буй жуулчдын 16 хувийг хятадууд эзэлж байна. Энэ тоог улам нэмэгдүүлэхийн тулд Хятадад Оросын талаар сурталчилгаа, танилцуулга хийхээс гадна үйлчилгээний чанараа сайжруулж, гадаад дахь “Орос Иван” гэдэг имижийг засахын тулд хичээн ажиллах хэрэгтэй гэж ОХУ-ын шинжээчид үзэж байгаа аж.
Аргагүй шүү дээ, энэ их мөнгө хамрынх нь урдуур өнгөрөөд яваад байхад. Тэгвэл Хятадад хамгийн ойр хөрш орны хувьд монголчууд бидэнд ч энэ бялуунаас хувь оногдох учиртай. Гэхдээ зүгээр суугаад байх биш, бялууны хувиа булаацалдах хэрэгтэй. Бид үүний тулд юу хийх ёстой вэ? Юуны өмнө хятад хүний талаарх сөрөг ойлголтоосоо салах шаардлагатай.
Улаанбаатарын гудамжаар алхаж яваа хятад хүн харахаараа “Аа муу хятад барилгачин”, “Визгүй харласан хужаа” хэмээн хар ажилчин, тариачин байдаг мэт дээрээс харж харьцдагаа зогсоох цаг болжээ. Цаг өөр болсон.
20 жилийн өмнө л жирийн хятад хүн гадаад паспорт авах ямар ч боломжгүй, бүр авах бодол санаанд нь ч ордоггүй байлаа. Тэгвэл одоо Хятадын нийгмийн дундаж давхаргын амьдрал дээшилж, жилдээ ядаж нэг удаа гадаадад амарч, зугаалдаг болоод байна.
Мөн ресторан, баар, караокед их мөнгө зарж байна. Дэлхийн аялал жуулчлалын холбооны албан ёсны мэдээгээр хятад жуулчны аяллын зардлын 57.8 хувь нь худалдан авалтад зарцуулагдаж байгаа гэнэ.
Энэ тоо баримтаас харахад л элгээрээ хэвтсэн аялал жуулчлалын салбараа өөд нь татаж, улсын төсөвтөө бага ч гэсэн мөнгө оруулахын тулд Хятадын жуулчдыг өмнө нь сөхөрч суугаад ч болов татахаас өөр арга алга.
“ITB Berlin” олон улсын үзэсгэлэнд түнш орны хувиар оролцож, хэдэн тэрбум төгрөг зарлагадлаа гээд Европоос жуулчид хүрээд ирдэгг үй нь харагдлаа.
Үүлэн дээр амьдардаг Үүл даргын хувьд Франц, Герман, Англи гэсэн шар толгойтой хүн л гадаадын жуулчин байж болох ч аялал жуулчлалын мэргэжлийн байгууллага, түүгээр амьдралаа залгуулж буй жуулчны баазуудын хувьд ази, тэр дундаа хятад жуулчин л орлогын эх үүсвэр болоод байна.
Алс холын Берлинд аялал жуулчлал ярьснаас хажуухандаа байгаа Хятадын нийслэл Бээжинд биш юм аа гэхэд Өвөрмонгол, Манжуурт өртөг багатайхан өдөрлөг зохион байгуулсан бол өдийд овоо хэдэн жуулчин ирчихсэн л байх байлаа.
Жилд ганц тохиодог Наадмын үеэр гэхэд л гудамжаар явах гадаадын жуулчнаас “Tourist guide police” хувцастай оюутан цагдаа нарынх нь тоо олон байсан гэхэд хилсдэхгүй. Монголын үндэсний ганц брэнд болсон наадмыг үзэж сонирхох хүсэлтэй өвөрмонгол хүн их байгаа нь гарцаагүй.
Цаашлаад буриад, тува, халимаг гэсэн монгол туургатнууд яагаад үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохгүй байна вэ? Зар сурталчилгаа дутав уу, эсвэл монголчууд тэднийг гадаад жуулчин гэж тоосонгүй юү? Яг үнэндээ үзэж харж, идэж уух зүйлээр маруухан Монгол орныг Америк, Европын жуулчид тоодоггүй.
Барууны орнууд гэж дээгүүр харж сэхүүн загнаснаас дэргэдээ байгаа хятад жуулчдыг даллаад сууж байхад аялал жуулчлалын салбар босоод л ирнэ. Харин тэднийг юугаар даллаж, яаж “урхидах” вэ гэдэгт л шийдэл хүлээж байгаа юм.
Угаасаа дэлхийн аялал жуулчлалын жишиг ийм л байна. Хаана хятад жуулчин ирж байна, тэр орны аяллын салбар хөгжинө. Энэ бол хэдийнэ батлагдсан аксиом. Тэгэхээр хятад хэлтэй, мэргэжлийн хөтөч бэлтгэх хэрэгтэй. Хятад орныг хүнтэй нь, түүхтэй нь бүрэн судалж, юу сонирхдог, худалдан авдаг, ямар зан ааштайг нь мэдэж байж бид жуулчдыг нь татна.
ОХУ-д очсон жуулчин матрёшка авахгүй болсон гэхээр бид ч гэсэн ирсэн жуулчин болгонд арьс, үсний өөдсөөр хийсэн морин хуур, Эзэн Чингисийн эзэлсэн орнуудын газрын зураг зарах гээд байдаг 1990-ээд оны сэтгэлгээнээсээ салах нь зүйтэй.
Хоёрдугаарт, “хятад хүн муу хүн” гэсэн ойлголтоо залруулж, жуулчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах арга хэмжээ авах шаардлагатай. “Найрсаг Улаанбаатар” гэж ярьчихаад, ирэхэд нь захын нэг хүүхэд л хужаа гэж дайсагнан харьцаад байвал дахин хэн ч ирэхгүй.
Мөн дэлхий дахины хайр зарлаад байгаа тэр Хятадын нийгмийн дундаж давхаргын эрхмүүдийн сонирхож байгаа брэндийн бараа, амттай хоол, чанартай үйлчилгээг нь үзүүлье.
Ганц нэгээр юм уу, гэр бүлээрээ аялах зуршилтай европчуудаас ялгаатай нь хятадууд 10-20 хүний бүрэлдэхүүнтэй багаар аялдаг. Хятад жуулчдын 16 хувь нь ганцаараа, 54 хувь нь гэр бүлээрээ, 46 хувь нь хамаатан садантайгаа, 45 хувь нь найз нөхөдтэйгөө аялдаг гэсэн судалгаа байна.
Гэхдээ энэ баг нь оюутан залуус, дундаж насныхан, ахмадууд гэсэн насны бүлгээс гадна загасчлал, дуу хөгжим, хоол сонирхогч, адал явдалт аялал гэх мэт хообийгоороо нэгдсэн байдаг. Баг бүхэнд тохирсон маршрут санал болгоход бэрх ч бололцоогоо ашиглахад боломж их л харагдана.
Жишээ нь, “Их Юань гүрний нийслэл Хархорум дахь хурим”, “Улаанбаатарын элит үдэш” гэх мэт долоо хоногийн маршрут гаргаж болмоор санагдана. Улс орноос Аялал, жуулчлалын үндэсний хөтөлб өр боловсруулж, аялал жуулчлалын газруудыг сүлжээнд оруулж, үйл ажиллагааг нь уялдуулан холбох хэрэгтэй.
Ингэснээр зар сурталчилгааны ажлын зардал мөнгө хэмнэгдэж, аль компани нь ямар чиглэлийн аялал, жуулчин хүлээж авахаа тохиролцдог хэлбэрт орж болох юм. Америк, Европоос жуулчин хүлээн авдаг газар байхад зөвхөн хятад жуулчдаар дагнан ажилладаг, мэргэжлийн ажилтантай тийм жуулчны газар хэрэг болоод байна уу даа.
Хятад жуулчид яагаад манай орныг алгасаж, дээгүүр нь нисээд Орост зорчоод байна вэ? 2014 онд Монголд Хятадын 140 мянган жуулчин ирсэн бол мөн үед ОХУ-д 1.2 сая хятад хүн аялсан байна. Ялгаатай сонсогдож байгаа биз.
Хятадууд Оросыг сонирхох нь улам бүр нэмэгдэж байна. Гэхдээ газар зүйн хувьд ойрхон болохоор нь тэр биш юм. Хамгийн түрүүнд шоппинг буюу дэлгүүрээс бараа худалдан авахад Орос хамгийн тохиромжтой гэж хятад жуулчид үзэж байна.
Рублийн ханш буурч, эдийн засаг хямралтай нь ч мэдээж нөлөөлж буй. ОХУ-ын “Хил хязгааргүй дэлхий ертөнц” жуулчны байгууллагын захирал Светлана Пятихатка “Бид Хятадын жуулчдыг татах маш олон төрлийн ажил хийж байна.
Өнгөрсөн жил гэхэд л Хятадад Оросыг танилцуулах 15 үзэсгэлэн яармаг зохион байгууллаа. “China Friendly” гэдэг хөтөлбөр батлан гаргаж, томоохон музей, үзэсгэлэнг хятад хэлээр тайлбарладаг болсон. Хятадын жуулчдын даатгалын асуудлыг шийдлээ.
Гэмтэж бэртсэн тохиолдолд хятад жуулчдыг эмнэлэгт хурдан шуурхай хүргэх, эмчлэх тогтолцоо бүрдүүлсэн. Жуулчдад “China UnionPay” кредит картаар худалдаа хийх боломж олгосон. Гэхдээ л Хятадын жуулчдын төлөөх өрсөлдөөнд бид олон орноос хоцроод байна” гэж ярьж байна.
Өнгөрсөн жил хятад жуулчдаас тэрбум ам.доллар олсон Орос орон өрсөлдөөнд хоцорч байна гэхээр бид хэр зэрэг хойно яваа нь ойлгомжтой хэрэг. Орост ирж байгаа хятад жуулчдыг хоёр ангилж болох гэнэ. Нэгдүгээрт, Европ, Япон, Өмнөд Солонгост хэдийнэ аялчихсан, Оросыг нэг үзчихье гэж бодсон хүмүүс.
Хоёрдугаарт, урьд өмнө ЗХУтай ямар нэг хэмжээгээр холбоотой байсан, хайртай элэгтэй улсууд. ЗХУ-д элэгтэй улсууд мэдээж ахмад насныхан байх нь ойлгомжтой. Тэдэнд зориулсан бүхэл бүтэн аяллыг ОХУ-ын бараг бүх жуулчны компани гаргаад байгаа нь “В.Лениний дурсгалт газрууд”, “Вack in the USSR” гэх мэт коммунист маршрутууд байна.
ОХУ-ын Соёлын дэд сайд Алла Манилова “Коммунист маршрутаар аялах жуулчдын тоо өсөж байгаад баяртай байна. В.Лениний төрсөн хот Ульяновск хятад жуулчдын хөлд дарагдаад байна. Орос тун зочломтгой орон.
Онгоцны буудлаас эхлээд зочид буудалд ч хятад хэлээр тайлбар бичээстэй байх ёстой. Хөтөч, тайлбарлагч төдийгүй орон нутгийн удирдлагуудад ч хятад хэл сурах шаардлага тавина” гэж мэдэгджээ. Жуулчдад В.Лениний бунхнаас гадна түүний төгссөн дунд сургууль, цөллөгт байсан газар, Сталины нуувч, Өвлийн ордон зэрэг олон газрыг үзүүлээд эцэст нь В.Лениний музейд пионерийн улаан бүч зүүж өгснөөр энэ аялал өндөрлөх аж.
Америкчууд Хятадтай 2014 онд 10 жилийн, олон удаа аялах виз харилцан олгох гэрээ байгуулсан бол ОХУ хятад жуулчдад визгүйгээр 21 хоног аялах эрх олгоод байна. Жуулчны визээр ирээд харлаад үлдэнэ, соёлгүй бүдүүлэг хэмээн хятадуудыг ад үздэг байсан Америк, Япон орнууд одоо тэднийг урин дуудаж эхэллээ.
2008 оны зургадугаар сард Лос -Анжелест буусан 250 жуулчин “АНУ-д ирж буй анхны хятад жуулчид” бичигтэй цамц өмссөн байлаа. Тэгвэл одоо Калифорни зэрэг мужид хятад жуулчид хамгийн их орлого оруулдаг болоод байна.
1983 онд Хятадын Засгийн газар ах дүү, хамаатан садантайгаа уулзахын тулд Хонконгод, 1991 оноос Малайз, Сингапур, Тайландад зорчих зөвшөөрөл өгч эхэлсэн. Гэхдээ 1997 он хүртэл суралцах болон албан ажил биш л бол хил давах аргагүй байсан хятадууд одоо жилдээ 110 сая аялал хийж, 260 тэрбум ам.доллар үрдэг болоод байна.
Харин энэ их мөнгөнөөс хэдийг нь Монголдоо авах вэ гэдэг нь бидний ухамсар, хичээл зүтгэл, овсгоо самбаанаас л шалтгаалах болно.
М.СУГАР-ЭРДЭНЭ