Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхантай ярилцлаа. Таван жил энэ байгууллагыг удирдаж байгаа түүний хувьд өдөр бүхэн толгой өндийх завгүй суудаг гэнэ.
Хүний нөөц, санхүүгийн дутагдалтай нөхцөлд Монголын Улсын ой санамж болсон соёлын дурсгалыг хадгалж, хамгаалж, судалж, сурталчлах үүрэг тэдэнд ногдоно.
Бас багахан төсөвтэй ч төвлөрүүлэх орлого нь арвин. Нэг ажилтан нь 2-3 хүний үүрэг гүйцэтгэж, үргэлж илүү цагаар ажилладаг болохоор захирлынх нь хувьд энэ “гажиг” тогтолцоог өөрчлүүлэхийн тулд үргэлж сэтгэлээ чилээдэг.
Мэдээж оновчтой санал, санаачилга, туршлагадаа үндэслэсэн дүгнэлтээ албан бичгээр “дээшээ” уламжилдаг ч “Эдийн засгийн хямралтай байна. Хэмнэлтийн горимд шилжсэн” гэдэг өгүүлбэрээр тэр бүхнийг үгүй хийдэг.
Бид зайлшгүй анхаарч, ямар ч үед хамгаалах ёстой өв, соёлдоо төдийлэн хөрөнгө, мөнгө зарцуулахыг хүсдэггүй нь мэдлэггүйдээ байдаг юм уу, эсвэл мэдэн будилдагт нь байдаг юм уу, эргэлзээтэй.
Ямартай ч, залуу дарга өөдрөг сэтгэлээр ажлаа хийсээр байна. Ажилтнууддаа хатуурхахдаа хатуурхаж, “ажлаар дардаг” нэр зүүсэн ч тэдэнд бас хэцүү байгааг ойлгохын дээдээр ойлгодог юм билээ.
-Таны тухай олж уншихаар мэдээлэл хайтал АПУ-тай холбоотой газрын маргааны тухай л ихэвчлэн гарч ирэх юм. Энэ маргаан ямар байдалтай байгаа вэ. “Нийслэл” асар танай хамгаалалтын бүсэд байгаа хэвээр л харагдах юм.
-Тийм ээ. Газартай холбоотой олон л асуудал байдаг юм. Бага багаар урагшилж байна л даа. Засгийн газрын тогтоол Нийслэлийн Засаг даргад үүрэг чиглэл өгсөн учраас Засаг дарга болон салбарын сайд хоёр л шийдэх асуудал.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би 1996 онд МУИС-ийг ардын урлаг судлаач мэргэжлээр төгссөн. Модон урлал, уламжлалт урлагийн чиглэлээр судалгаа хийдэг. Одоо докторын судалгааны ажлаа “Сүм хийдийн ханын чимэглэл зураг” сэдвээр хийж эхлээд байна.
-Монголын музейн менежмент, маркетинг тун тааруу байна. Музей нь үзэгчгүй, орлого багатай, тайлбар тааруу зэрэг шүүмжлэл ч бий. Гэтэл яг энэ байгууллагыг тэргүүлээд ажиллаж байгаа хүний хувьд яаж үүнийг зөвтгөх вэ?
-Тийм шүүмжлэл бий. ССАЖЯ жил гаруй хугацаанд ажилласан ч салбартаа илүү анхаарал хандуулж байсан. Гэхдээ манай улсад соёлын бодлого гэдэг зүйл маш тааруу байна.
Олон улсын хэмжээний музей ямар асуудлыг чухалчилж, анхаарч ажиллах ёстойг бидэнд ЮНЕСКО, Монаккогийн вант улс, Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр хийгдсэн сургалтуудын үеэр хэлж, зааж, бас гарын авлага бэлтгэн өгсөн.
Тэр бүх мэдээллийг хүлээн аваад үзэхэд бид ийм зүйлд анхаарах ёстой гэдгээ мэдэж байна аа. Харамсалтай нь санхүүжилт тааруу, хүний нөөц муутай учраас урагшлахгүй юм. Музей нь жирийн нэгэн төрийн байгууллагаас ялгаатай.

Салбарынхаа сайдтай шууд гэрээ байгуулж ажилладаг төрийн байгууллага, иргэддээ зориулагдсан үйлчилгээний байгууллага, соёлын өвөө хамгаалж, судалдаг эрдэм шинжилгээний байгууллага гээд олон чиглэлтэй.
Үзэгчийн хувьд аваад үзвэл дутагдалтай тал байгаа. Одоо үйлчилгээний байгууллага болон хувийн хэвшлийнхэн ямар хурдтай ажиллаж байна вэ.
Бид энэ салбарт ажиллаж байгаа учраас тэдний хурдыг гүйцэх учиртай. Гэтэл санхүүгийн эрх мэдэл бидэнд байхгүй. Төсвөөс 300 сая төгрөгийн санхүүжилт авдаг ч түүнийгээ зөвшөөрлийн дагуу Төрийн сангаас зарцуулдаг.
Музейн хэмжээ, ажилтнуудын тоотой харьцуулбал манайх хамгийн өндөр орлоготой нь. Гэтэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж дээвэр гэмтлээ гэхэд бид шуурхай арга хэмжээ авч чадахгүй, дээд тушаалтны шийдвэрийг л хүлээдэг. Үүнийг зайлшгүй өөрчлөх л хэрэгтэй байна.
-Дөнгөтэй мэт л ажилладаг байх нь.
-Болохгүй, хориотой гэсэн заалт нь хуулийн хүрээнд хангалттай заагдсан байдаг учраас л ийм байдалд хүрсэн. Хуулийн дагуу, туслах үйлчилгээ хэлбэрээр нээлттэй шийдвэр гаргах боломж олговол сайн байгаа юм.
-Танай үзмэрийн зургаар хуанли хийгээд ашиг олж байгаа байгууллага байдаг шүү дээ. Эсвэл гадаадын сайтуудад ч зураг нь байж л байдаг. Харин та нар түүгээр орлого олж болохгүй гэж үү?
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай сургалт саяхан болсон. Бид сор болсон үзмэрүүдээ Хосгүй үнэт өвийн жагсаалтад бүртгүүлдэг. Гэтэл энэ жагсаалтад бүртгүүлсэн үзмэрийг хувилан олшруулж, гэрэл зураг, видео бичлэг хийхийн тулд сайдаас зөвшөөрөл авдаг.
Энэ заалт нь бусад хүнд хамаатай байж болох ч тухайн музейд бол хамаагүй байх ёстой. Тухайлбал, манай сор болсон үзмэр Ногоон дарь эхээр бид нүүр царай хийж, сурталчилгаагаа болгомоор байгаа ч хуулийн дагуу хориотой.
Яривал олон л зүйл бий. Сэргээн засварлалт хийдэг цехээ бид хажуудаа байгуулбал бол тэр нь эргээд үзэгчдэд сонирхолтой үзүүлэн болно. 100 жилийн өмнөх технологийг өдгөө ашиглахаа больчихсон.
Тэгвэл түүнийг дэлгэн үзүүлж, тэр технологиор бүтээл хийвэл олны анхаарлыг татна. Идэвх зүтгэл гарган бид ажиллаж чадах боловч, төлөвлөгөөнөөс илүү гарсан орлогоо өөрсдөө зарцуулах, ажилтнуудаа урамшуулах боломжгүй л байна.
-Энэ мэт асуудлаа өөрчлүүлэхийн тулд харьяа яамандаа хүсэлт гаргаж болохгүй юу?
-Хэлэлгүй яах вэ. Сүүлийн үед нааштайгаар ярьж байгаа. Өдгөө соёлын салбарт улс даяар нийтдээ 6000 хүн ажилладаг. Асар бага цалинтай, сэтгэл, зүтгэлээрээ нэгдсэн хүмүүс. Гэтэл Эм Си Эс групп 10 мянган ажилтантай. Биднээс өндөр цалинтай.
Байгууллага төлөвл өгөөтэйгээр, маркетинг, пиартаа орлогынхоо тодорхой хувийг зарцуулаад л ажиллаж байна. Гэтэл манай салбарын орон тооны нэршил хуучнаараа.
Тухайлбал, нярав гэдэг орон тоог ойлгоход хэцүү. Одоогийнхоор бол энэ нь хангамжийн мэргэжилтэн шүү дээ.
-Танай музей хэдэн хүний орон тоотой байх шаардлагатай вэ?
-Сайд 29 хүний орон тоо баталсан ч Сангийн яам 20 хүний цалин өгдөг. Орон тоогоо нэмэгдүүлье гэхээр төсөв муу байгаа учраас боломжгүй гэдэг.
Бид үнэндээ шүдээ зуугаад жолооч, мужаан, нарийн бичгээ хүртэл үзмэрийн талбай дээрээ гаргаад давхар ажил хийлгээд л явж байна. Манай музей 3850 ам метр талбайтай гэхээр улсын хэмжээнд хамгийн томд тооцогдоно.
Газар нь хоёр га, гэсэн ч ажилтнууд нь цөөхөн. Манай зүлэгжүүлэлтийг слесарь маань давхар хариуцаж байна. Ганцаараа хүч хүрэхгүй шүү дээ.
-Гадаадын мэргэжилтнүүд ирж, сургалт явуулахын зэрэгцээ та бүхэнд тухайлсан зөвлөгөө өгдөг байх.
-Тийм ээ. Тэд музейн үзмэрийг хараад дуу алдаж, гайхширч, биширдэг. Харин манай хуулийн тодорхой заалтуудыг мэддэггүй болохоор илүү боломж байгаа гэж ойлгодог байх.
-Бусад улс оронд хааны ордон музейг хэрхэн хамгаалж, анхаарал хандуулдгийг очиж үзэж байв уу?
-Бид нэг их тэгж явдаггүй шүү дээ. Өнгөрсөн жил Унгар, Австри, Туркийн музейг л очиж үзсэн. БНХАУ хүн ам ихтэй учраас музей нь хангалттай орлого олдог ч гэсэн улсаас нь санхүүжилт хангалттай өгдөг гэсэн.
БНСУ бол соёлын сурталчилгаагаараа дэлхийд гайхагдаж байна. Япон бол технологийн шийдлээрээ гайхагддаг. Манайх шиг улс орныхоо мэдээллийн сан, соёлын дархлаа, ой санамж болсон салбарыг орхигдуулдаг газар алга.
-Гадаадын жуулчдаас гадна дотоодын үзэгч хэр их үздэг вэ?
-Жилд дунджаар 20 гаруй мянган үзэгч манайхыг зорин ирдэг. Сүүлийн хоёр жил 40 мянган хүнд үйлчилснээс 10 гаруй мянга нь монголчууд байлаа. Дотоодын үзэгч нэлээд нэмэгдэж байна.
Гадаадад сурч, ажиллаж байгаад ирсэн монголчууд үнэ цэнийг нь илүү сайн ойлгодог. Үндэсний ухамсар ч сэргэж байна. Бид удахгүй “Найдан” сүмээ шинээр сэргээн дэглэнэ. 2004 онд сэргээн засварлалт хийхээр үзмэрийг нь хураачихсан байсан юм.
Манайх 8700 дэсийн 30 гаруй мянган үзмэртэй. Түүнийхээ 1500 дэсийн үзмэрийг дэлгэн үзүүлдгээс гадна жилдээ 3-4 удаа шинэ үзэсгэлэн гаргадаг.
-Өнгөрсөн жил музейн тооллого хийсэн. Танайхаас үзмэр дутсан уу?
-Дутаагүй.
-Үзмэр алдагдсан олонх хэргүүдэд музейн ажилтнууд холбогдох нь бий. Энэ нь хамгийн түрүүнд санах ёстой, ёс зүйгээ зөрчсөн хэрэг байх аа.
-Их эртний гэж болох хэргүүдийг одоо сөхөж ярьж байгаад гайхаад байх юм. Арав гаруй жилийн өмнө үзмэр хулгайлсан хэргүүдтэй одоо ажиллаж байгаа хүмүүс хамааралгүй шүү дээ.
Уншигч, үзэгчид ч гэсэн “Музейн тайлбарлагч үзмэрээ хулгайлжээ” гэсэн мэдээг сонирхон үзэж, уншдаг хэрнээ “Монголын музей ийм гайхамшигтай сайхан” гэсэн мэдээллийг тоодоггүй. Ийм мэдээлэл үзэгчдийг биднээс холдуулж байна.
Яг үнэндээ ур чадвар, илүү цагийн нэмэгдэл урамшуулалгүйгээр, хаалттай орчинд үзэгчдээ урин дуудахаар бид ажиллаж байгаа. Гэтэл ийм бараан мэдээлэл хийсэн болгоныг минь үгүй хийдэг.
-Тэгвэл 1990-ээд онд уналтад орсон музейн салбар хөгжиж байна гэж ойлгож болох уу?
-Үнэхээр хөгжиж байгаа. Хадгалалт, хамгаалалт сайжирч, шинэчлэл хийгдсээр байна. Хамгийн гол нь мэргэжилдээ хайртай, энэ салбартаа сэтгэлтэй хэдэн хүн цалингаа бага гэж гололгүй зүтгэл гарган ажиллаж байгаа.
-Ийм нөхцөлд танд ажилтнууддаа шаардлага тавихад хэцүү байдаг уу?
-Хэцүү гээд яах билээ. Хүлээн зөвшөөрөөд ажилд орсон учраас тэднээс шаардах л болно. Сүүлдээ ч “ажлаар дарамталдаг” гэж хэлүүлж байгаа шүү. Гэхдээ энэ бүхэн өөрчлөгдөх болно. Бид өөрчилж чадна гэж итгэх юм даа.
Орчин үеийн музейнүүдэд ашиглаж байгаа шийдлийг тусгахаар IРad хөтөчтэй болохоор ажиллаж байгаа ч программ хангамжийн тендер нь зарлагдчихаад хүлээгдэж байгаа гэх.
Ямартай ч арван жилийн өмнөх тавилгаа ч актлах боломжгүй ядуу, дарга нь суудаг ширээгээ өөрөө худалдаж авч ашигласан гээд бодохоор бид үнэндээ соёлын өвөө хамгаалах нөхцөлөө огт ойшоодоггүй гэж хэлж болох нь.
Ой дурсамжаа хадгалж бай гэж томилчихоод гар мухар үлдээвэл тэд яахсан билээ.
Ж.СОЛОНГО