Хиймэл дагуулын мэдээ ашиглаж, газар доорх усны нөөцийн өөрчлөлтийн судалгаа хийсэн, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн дэд захирал, доктор, дэд профессор Н.Буянхишигтэй ярилцлаа.
Тэрбээр өнгөрсөн жил БНХАУ-ын Шинжлэх ухааны академид ажиллаж байхдаа уг судалгааг хийсэн аж. Дэлхийн ихэнх орон “Грэйс” хиймэл дагуулын мэдээ ашиглан, судалгаа хийдэг бөгөөд үүнийг хийх боломж залуучуудад байгааг тэр ярьсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хиймэл дагуулаар усны судалгаа хийсэн гэхээр сонирхолтой санагдаж байна. Ийм судалгаа манайд өмнө нь хийгдээгүй байх аа?
-БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Хүйтэн болон хуурай бүс нутгийн хүрээлэгч орчин ба инженерийн судалгааны газрын хүрээлэнд ажиллаж байхдаа хиймэл дагуулын мэдээ ашиглаж усны нөөц тогтоох судалгаа хийж байгаа оюутнуудыг хараад маш их гайхсан.
Хиймэл дагуулын мэдээгээр усны судалгаа хийнэ гэдэг миний хувьд шинэ ойлголт байлаа. Тэгээд хүмүүсээс асууж, туршлага солилцож байгаад эх орныхоо газрын доорх усны нөөцийн өөрчлөлтийн судалгааг хийж үзэхээр шийдсэн.
НАСА-гийн цахим хуудсанд боловсруулаагүй мэдээ их байдаг учраас ямар ч хүн судалгаа хийх боломжтой юм билээ.
-“Грэйс” хиймэл дагуулын талаар ярихгүй юу?
-Энэ хиймэл дагуул хоёр хэсгээс бүрддэг бөгөөд дэлхийн гадаргаас 500 км (310 миль) зайд хоорондоо 220 км (137 миль) зайтай нисдэг.
“Грэйс”-ийн мэдээг дэлхийн усан мандал, геологи, агаар мандлыг судлахад өргөн хэрэглэнэ. Манай орон өргөн уудам газар нутагтай, геологийн нөхцөл нь нийлмэл учир газрын доорх усны мониторинг хийхэд зардал их шаарддаг.
Тиймээс энэ хиймэл дагуулын мэдээг ашиглан газрын доорх усны нөөцийн өөрчлөлтөө хянах боломж бүрдэж байгаа.
-Судалгааныхаа талаар илтгэл тавьж байхыг тань сонсоход сонирхолтой үр дүн гарсан байсан.
-“Грэйс” хиймэл дагуулын 2003 оны нэгдүгээр сараас 2012 оны арванхоёрдугаар сар хүртэлх мэдээг авч, усны балансын тэгшитгэл ашиглан газрын доорх усны нөөцийн өөрчлөлтийг тооцсон. Цаг уурын хиймэл дагуулаас авсан мэдээгээр Алтайн нуруу, Ханхөхий, Хөвсгөлийн уулсаар хөрсний чийг 49.6 мм байсан.
2004 оны дөрөвдүгээр сард хөрсний чийг хамгийн их буюу 215 мм ажиглагдсан. Газрын доорх усны нөөцийн өөрчлөлтийн 10 жилийн дунджийг авч үзвэл нийт нутгаар хоёр мм-ээр ихсэж, 1.24 мм-ээр багассан байна.
2010 оны тавдугаар сард хамгийн их буюу 39.8 мм-ээр, 2003 оны хоёрдугаар сард хамгийн бага буюу 29.5 мм-ээр багассан үзүүлэлт гарсан. Мөн 3-9 дүгээр сард газрын доорх усны өөрчлөлт эерэг, бусад сард сөрөг гарч байлаа.
Ялангуяа Алтайн нурууны арын их нуурын хөндийд баруун хойноос зүүн урагш чиглэсэн агаарын чийг зөөгддөг байж болох юм билээ. Судлаач хүн судалгаагаа батлах хэрэгтэй.
Тийм учраас бусад судлаач нартай мэдээлэл, санал солилцож байгаа.
-Манай орны газрын доорх усны нөөцийг өмнө нь судалж байсан уу?
-Монгол орны нийт нутаг дэвсгэрийн газрын доорх усны нөөцийг анх 1958 онд ЗХУ-ын судлаач А.Т.Иванов судалсан.
Хамгийн сүүлд 2003 онд доктор Н.Жадамбаа, Г.Цэрэнжав нар эдийн засгийн бүс үүдээр бэлчээрийн зориулалтаар ашиглаж болох газрын доорх усны нөөцийг жилд 10.79 шоо метр гэж тодорхойлсон байдаг.
-Та БНХАУ-д ажиллаж байхдаа судалгаагаа хийсэн юм байна. Манай орны залуу судлаачдад ийм боломж бий юү?
-Маш их мэдээлэл боловсруулдаг учраас хүчин чадал сайтай компьютер, судалгаа хийж буй хүний чадвараас их зүйл хамаарна. Манайд ийм судалгаа хийх боловсон хүчин бий.
Тэдний сонирхлыг төрүүлж чадвал аливаа юмны учрыг маш хурдан олдог. Хятад оюутнууд магистрт сурч байхдаа газрын доорх усны өөрчл өлтийг, докторантуртаа гангийн судалгаа хийх мэтээр судалгааны ажлаа нарийвчилдаг нь их сонирхолтой санагдсан.
Түүнчлэн “Грэйс” хиймэл дагуултай холбоотой бүх өгүүллийг уншиж, суралцах хэрэгтэй. Эрдэм шинжилгээний өгүүллээс маш их мэдээлэл олж авдаг.
-Манай орны усны нөөц багасаж байгаа гэж олон хүн ярьдаг. Бодит байдал дээр ямар байна вэ?
-Манай орны усны нөөц их юм шиг харагддаг. Гэхдээ энэ нөөцөд мөс, мөсөн гол, нуур багтаж байгаа. Нийт усны нөөцийн 80 хувь нь нуурынх. Хүмүүс газрын доорх усны нөөцийг л ундандаа хэрэглэдэг. Гэтэл нийт усны нөөцийн хоёр хүрэхгүй хувийг л газрын доорх ус бүрдүүлдэг.
Манайх хүн ам бага, газар нутаг ихтэй учраас усны нөөц одоогоор хангалттай. Байгаа усны нөөцөө зүй зохистой хэрэглэхээс их зүйл хамаарна. Усны үндсэн хэрэглэгч нь үйлдвэр, аж ахуйн газрууд, уул уурхайн компаниуд юм.
-БНСУ-ын эрдэмтэдтэй хамтран зохион байгуулсан хуралд газрын доорх усны менежментийн тухай илтгэл тавьж байхыг тань сонссон. Тэд юу гэж зөвлөж байна вэ?
-Газрын доорх усны мониторинг буюу хяналтаа сайн хийхийг бидэнд санал болгосон. Эхлээд саванд маань хэдий хэмжээний, ямар найрлагатай ус байгааг мэдэх хэрэгтэй.
Манайхан ямар ч баримтгүй байж усны нөөц багаслаа, чанар нь муудлаа гэж ярьдаг. Тэгээд чанарын судалгаа хийхдээ усны сорьц авч, шинжлээд л дүгнэлт гаргачихдаг.
Уг нь гарал үүсэл, найрлагын чанарын судалгаа хийх хэрэгтэй байгаа юм. Ийм судалгаа хийхэд хөрөнгө мөнгө их шаардагдана.
-Манайхан ус дахин ашиглах гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Энэ нь усны нөөцийг багасгаж байгаа нэг хүчин зүйл мөн үү?
-Манайхан “Хар ус харамлалаа” гэсэн л хандлагатай хүмүүс шүү дээ. Байгаа нөөцөө гамтай хэрэглэх ёстойг ерөөсөө мэддэггүй. Гэхдээ нэг үеэ бодвол харьцангуй сайжирч байна. Ус шавхагдаж дуусна гэдгийг мэдээд байх шиг байна (инээв).
Гадаадын оюутнууд манайд ирээд бие засахдаа цэвэр ус ашиглаж байгааг хараад их гайхдаг. Манайхан нэг удаа бие засахдаа таван литр цэвэр ус хэрэглэдэг.
-Усны үнэ цэнийг ойлгуулахын тулд ямар арга хэмжээ авбал дээр вэ. Зарим хүн үнийг нь нэмэх хэрэгтэй гэдэг.
-Аливаа зүйл хямд болохоор үнэ цэнэгүй болдог. Гэхдээ үнийг нь нэмээд байж бас болохгүй. Гадаадын зарим оронд усны төлбөрөө харилцан адилгүй тогтоодог. Орлого ихтэй айлын усны төлбөрийг өндөр тогтоогоод түүнээсээ орлого багатай айлуудын усны хэрэглээг хангадаг юм билээ.
Манайд иймэрхүү уян хатан бодлого хэрэгтэй мөн усны үнэ цэнийн талаар цэцэрлэг, сургуульд тусгай хичээл орвол үр дүнтэй болно гэж боддог.
-Цэвэрлэх байгууламжаас болж Туул гол бохирдож байгаа. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Цэвэрлэх байгууламжаас болж Туул бохирдож байгаа нь үнэн. Бид энэ талын чанарын судалгаа хийгээгүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Сая гаруй хүн оршин суудаг хотын бохир усыг ганцхан цэвэрлэх байгууламж дийлэхгүй.
Цэвэрлэх байгууламжаас гадна олон бохирдуулагч байгаа. Газрын доорх ус өндөрлөг газраас тэжээл авдаг. Гэтэл тэр газарт нь гэр хорооллын айл их байна.
Тиймээс газрын гүн рүү орох хэсэгт арьс шир боловсруулах үйлдвэр болон айл буулгахгүйгээр хамгаалалт хийх хэрэгтэй.
-Туул голын бохирдол их байгаа учраас зарим айл булгийн ус ундандаа хэрэглэдэг. Голын ус булгийн уснаас ялгаатай юу?
-Булаг бол газрын доорх ус гадаргад гарч байгаагийн илрэл юм. Гол болон газрын доорх ус хоорондоо харилцан хамааралтай. Тухайн газрын өндөршил, тархсан хөрс, чулуулгийн онцлогийг мэдэж байж цэвэр эсэхийг тогтооно.
Гэхдээ нарийн найрлагатай ус эрүүл мэндэд ямар нөлөөтэйг судалсан хүн манайд байхгүй. Зарим хүний сайн гэж байгаа усны дээжийг шинжлэхээр маш муу үр дүн гардаг.
Ууж байгаа усаа сайн шинжлүүлэх хэрэгтэй.
-Тэгвэл хашаандаа гүний худагтай айлуудын ус хэр цэвэр вэ?
-Манайхан худгийнхаа хажууд жорлонтой мөртлөө ус нь цэвэр гэж ойлгодог. Хоёр тусдаа нүх ухчихаар өөр ус гарна гэж байхгүй. Жорлондоо бие засчихаад л худгаасаа ус авч уугаад байдаг.
Орчин нэг, аль нэг газраараа нэвчдэг л бол худгаа гүн ухсан ч бохир ус худаг руу татагдаж орно. Тэгээд зөвхөн өөрийнх нь жорлонгийн ус худаг руу нь орохгүй.
Байршил, гидрогеологийн нөхцөлөөс шалтгаалаад газрын дээр байрлах айлуудын жорлонгийн ус худаг руу нь орж болно. Уулын бэлд байдаг айл бол бүх айлын бохирыг л ууж байгаа.
-Орон сууцны айлууд үргэлж цэвэршүүлсэн ус хэрэглэдэг. Ийм ус баталгаатай юу?
-Хүн байгалийн амьтан учраас цэвэршүүлсэн ус үргэлж хэрэглэж болохгүй. Аливаа юмны тун таарвал эм, дутвал эмгэг үүсдэг. Хүн бүрийн бие организм өөр учраас зарим хүнд таарч, заримд нь таарахгүй.
Зуны дэлгэр цагт хөдөө гарч байгалийн энергитэй ус хэрэглэх хэрэгтэй. Орчин үед өвчин залуужаад байгаа нь ус, амьдарч буй орчинтой холбоотой гэж боддог.
Э.НЯМДУЛАМ