Өдөр бүр алим идвэл урт насална. Австралийн “CSIRO” байгууллагын эрдэмтэд арван жил судалгаа хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрчээ. Алимны исгэлэн амт, шүүс хүний биед ашигтай полифенол гэдэг бодис ихээр агуулсан байдаг аж.
“Энэхүү бодисын ачаар ногоон алим цусан дахь холестрины хэмжээг ихээхэн бууруулдаг. Бас чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг эрс багасгадаг. Полифенол багтраа хийгээд харшилтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх үүрэгтэй байдаг бол ногоон алим түүнээс илүү үнэ цэнэтэй юм” гэж профессор Мэнни Нокс хэлжээ.
Саяхан зуу насалж зургаадай таяг тулсан австрали эмээ Эдн Спарвей ч эрдэмтдийн хэлсэн үнэн болохыг баталсан байна. Тэдний гэр бүлд алим үндэсний бахархал болсон зүйл аж.
Яагаад гэвэл түүний эмэг эх домогт Мария Энн Рэмси Смит одоогоос 140 жилийн тэртээ Иствуд дахь цэцэрлэгтээ дэлхий дахинаа “Грэни Смит” гэж алдаршсан ногоон алимны хосгүй
сортыг нутагшуулжээ.
“Би урт насалсан нууцаа сайн ген, ногоон алим их иддэг байсантайгаа холбон тайлбарлах дуртай.
Ухаан орсон цагаасаа эхэлж өдөрт наад зах нь нэг ногоон алим ид гэдэг зарчмыг хатуу баримталж ирсэн” гэж “Грэни Смит”-ийн ач охин ярьжээ.