Наадмын хэдэн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хөл хөдөлгөөн тасардаггүй. Харин энэ жил наадам дуусчихсан байхад ч Төв цэнгэлдэх хүрээлэн рүү явах зам түгжирчихсэн байсан нь Coke’n Beat амьд хөгжмийн наадам болж байсантай холбоотой.
Гурван сарын турш уралдаант шоу хэлбэрээр үргэлжилсэн эл наадмын ялагч Азийн “Asian Beat” наадамд эх орноо төлөөлөх эрхийн эзэд болох юм. Уралдаанд 25 хамтлаг оролцсоноос дөрөв нь ур чадвараараа шалгарч үлдээд байгааг үзэгчид мэднэ. Ерөнхий шүүгчээр хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж, дуучин Н.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших, Д.Энхболд, “MCS Coca-Cola” компанийн төлөөлөгч, “Total Music Center”-ийн захирал С.Од-Эрдэнэ нар ажиллаж байгаа юм.

Coke’n Beat наадмыг үзэх эрх бүхий анхны бар кодтой тасалбар 5000, 10000 төгрөгийн үнэтэй. 10000 төгрөгийн тасалбар нь суудалтай хэдий ч тайзнаасаа дэндүү хол. Харин 5000-ийн тасалбартай нь тайзны урд сууж болох тул туршлагатай үзэгчид гудас авч ирсэн байна лээ.
Согтууруулах ундааны төрлийн зүйл худалдаалахгүй байсан нь гинж харшуулан алхах амьд хөгжим сонирхогч залууст таарсан “шийтгэл” байлаа.
Рок хэмээн алдаршсан Р.Мөнхсайхан наадмыг хөтөлж, Fire хамтлагийг тайзнаа урьж наадам эхэлснийг зарлалсан юм. Бүтэн цагийн турш “мэддэг” дуугаа сонсоод хөгжүүн байсан үзэгчид Coke’n Beat наадмын шилдэг дөрвөн хамтлагтай танилцах мөч ирэхэд дуугаа намсгав.
Шилдэг гоцлол гитарчид Жалам хар аялгууг тоглоход үзэгчдийн сэтгэл хөдлөл ихсэж, ам амандаа Жалам хар аялах нь тодхон сонстож байлаа.
Наадмын үеэр дуугаа сонирхуулсан залуу эмэгтэй дуучид монголын хамгийн том тайзан дээрээс үзэгчидтэй уулзахад балчирдаж байлаа.

Багаасаа дуу дуулж, тэмцээн болгонд оролцсоор ирсэн Амина хэмээх бүсгүй Umbrella дууг мэдэхгүй дуу болтол нь өөрчилж, ямар ч чимээ гаргахгүй байгаа үзэгчид рүү микрафоноо ойртуулж харагдана лээ. Харин зарим нь тайзанд зохимгүй аашилж байсныг энд дурдаад хэрэггүй болов уу.
Наадмын шилдгээр шалгарсан “Motorway”, “Greenwood”, “L Guards” хамтлагууд ээлжлэн ая дуугаа өргөхөд “L Guards” хамтлаг ялагч болох нь үзэгчдийн хашхираанаас тодорхой боллоо. Шагнал гардуулах мөчийг хүртэл хөтлөгч Р.Мөнхсайхан “Coke’n Beat” наадмын ивээн тэтгэгчдийн тухай ярьж, үзэгчдийн “тэвчээрийг шалгаж” байсан юм.
Энэхүү амьд хөгжмийн наадмыг “Total music” Төв цэнгэлдэхэд хуран цугласан залуус шилдэг хамтлагийг зарлах агшинд дуу нэгтэйгээр “L-Guards” хамтлагийг дэмжиж байлаа.
Үнэхээр тэд энэ удаагийн . “Coke’n Beat” наадмаас “Asian Beat” амьд хөгжмийн наадамд оролцох хамтлагаар шалгаран нэг жилийн продюсерийн гэрээ, “Total music” хөгжмийн дэлгүүрээс сая төгрөгийн бараа сонгох эрхээр шагнуулав. Удаан хүлээсний эцэст Монголын шилдэг гитарчин Өөжгий “Coke’n Beat” наадмын шилдэг гитарчнаар шалгарсан н.Батхүүг “Total music” хөгжмийн дэлгүүрээс 500 мянган төгрөгийн бараа сонгох эрхийн бичгээр шагналаа.
Харин хоёрдугаар байрын эзэн н.Болд шалгарч “Total music” хөгжмийн дэлгүүрээс 300 мянган төгрөгийн худалдан авалт хийх эрх, гуравдугаар байр эзэлсэн н.Эрболд шалгаран “Total music” хөгжмийн дэлгүүрээс 200 мянган төгрөгийн бараа сонгох эрхээр тус тус шагнуулж, тусгай байр эзэлсэн н.Боорчи акустик гитарын эзэн боллоо.
Дөрвөн хүнийг өрсөлдүүлээд дөрвөн байр эзлүүлж байгаа нь хачирхалтай санагдаж суухад Өөжгийгийн хэлсэн үг энд тэнд суугаа гайхширлыг намжаалаа.
Өөжгий “Энэ дөрвөн залуу бүгд монголын сайн гитарчин болж чадна гэдгийг амлаж байна.
Тэд авьяас чадвараараа шалгарч үлдсэн болохоор цаашдаа ч гэсэн амжилт үзүүлэх болно” гэв.
Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Best of Saraa” тоглолтоо сонирхуулах цаг болоход түүний фенүүд аль хэдийнэ суудлаа эзэлж амжсан байв. Сараа анх удаа Төв цэнгэлдэхийн тайзан дээр бүрэн хэмжээний тоглолтоо хийж байгаа нь энэ.

Тэрбээр үндэсний хэв маягийг илтгэсэн улаан торгон өмсгөлтэй наадамчин олонтойгоо “золголоо”. Тоглолтод ҮДБЭЧ-ын их найрал хөгжимчид хүрэлцэн ирсэн бөгөөд удирдаач Н.Буянбаатарын удирдлагаар “Зүүдний говь”, “Могой хээр” дууг эгшиглүүлснээр тоглолт эхэлсэн. Үндэсний хөгжмийн эстрад урлагтай “холих” нь үзэгчдэд таалагдсаныг алга ташилтын чимээ гэрчилнэ.
Дуучин Сараа рок загвартай хар хувцастай тайзнаа дахин гарч ирэхэд тоглолтын хоёрдугаар хэсэг эхэлсэн юм. Тоглолтын энэ хэсэгт поп хатагтай маань “A Sound”, “Night train” хамтлагийнхантай “нэгдэн” рок хатагтай болж, орчин үеийн бүжгийн “Demons” хамтлагийн залуустай хамтрахдаа бүжигчин хатагтай болон хувирч байлаа.
Сараагаар овоглосон үе үеийн хит дуунууд дурсамж сэргээн эгшиглэхэд Сараа дуу бүртэйгээ холбогдох түүх ярьж, үзэгчдийг догдлуулсан юм. Энэ догдлол замхарч амжаагүй байхад ёслолын буудлага тэнгэрт анивчиж, Сараагийн “Миний дуу” өөрийн эрхгүй аманд аялагдана.
Тоглолт өндөрлөж, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хүмүүсийн шуугиан холдоход “Asian Beat” наадамд оролцох эрхийн эзэн болсон Д.Бүдбазар, Д.Баясгалан, Б.Тэнгис, Т.Шижир нарын нэгдэл болох “L Guards” хамтлагийнхан руу утас цохилоо.

-Баяр хүргэе. Их том даваа давлаа...
-Баярлалаа. Бид нарын сэтгэл их хөдөлж байна. Хоёр ч удаа “Coke’n Beat” наадамд оролцож байсан. Харин энэ удаад “Asian Beat” наадмын тайзнаа дуугаа өргөх зорилгодоо хүрлээ.
-“Asian Beat” наадамд оролцох эрх авна гэдэгтээ итгэлтэй байсан биз дээ?
-Сүүлийн шатанд чадварлаг хамтлагууд үлдсэн болохоор санаа зовж л байлаа. Харин одоо айдас ард үлдсэн. Түрүүн тайзан дээрээс хүмүүстээ мэдлэхдээ л “Манайх авчихав уу даа” гэж бодоод, жаахан түгшсэн. Азийн тайзнаа Монгол Улсаа төлөөлж дуулна гэхээр омогшиж байна.
-“Asian Beat” наадам хэзээ болох вэ?
-Арваннэгдүгээр сарын 14-нд Тайланд улсад зохиогдоно.
-Наадамд хэчнээн дуу дуулах вэ?
-Нэг л дуу дуулах юм билээ. Одоохондоо ямар дуу дуулахаа сонгоогүй байгаа.
-Coke’n Beat наадамд сүүлчийн удаа оролцож байна гэж ярьж байсан.
-Харин тийм. Заавал “Asian Beat” наадамд оролцох эрх авах гээд жил бүр энэ наадамд
оролцоод байж болохгүй гэж бодсон юм. Харин нэ удаад бид чадлаа шүү дээ. Маш их баяртай байна. Сэтгэл хөдөлж байна. Энэ наадмын ивээн тэтгэгч “Total Music Center”, “MCS Coca-Cola” компанидаа баярлалаа. Мөн бидэнд итгэл хүлээлгэж, Азийн
тайзнаа Монголоор овоглох эрх олгосон шүүгч, хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж, дуучин
Н.Ганхуяг, гитарчин Д.ӨлзийОрших, гитарчин Д.Энхболд нартаа баярлалаа гэж хэлмээр
байна.
Т.НИПОНЬ