Хошин урлагийн ертөнцөд хөл тавьж өөрийн гэсэн орон зайгаа олсон “TV коктейль” хамтлагийнхан кино урлагт хүч үзэх гэж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл тэдний энэхүү шинэ кино нь энэ намар үзэгчдийн хүртээл болох юм байна. Хоёр залуу нэг бүсгүйд хайртай болж дурлалын гурвалжин үүсгэж байгаа тухай өгүүлэх энэхүү кинонд хамтлагийн гурван уран бүтээлч гол дүрийг нь бүтээж байгаа гэнэ.
Харин энэхүү киноны найруулагчаар нь хэн ажиллаж байгаа, киноны зохиолыг хэн бичсэн гэдгийг тэд нууцалж байгаа юм. Ямартаа ч тэдний бүтээж буй энэхүү кинон инээдмийн төрөлд хамаарах юм гэсэн. Дашрамд сонирхуулахад тэд сүүлийн үед нэгэн хөгжилтэй дууны клипэнд тоглосныг уншигч та анзаарсан байх. Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар энэхүү дууны клип нь тэдний анхны уран сайхны киноны нэгээхэн хэсэг гэсэн шүү.