Эмэгтэй хүн 30-аас дээш насандаа гоо сайхны оргил үедээ ирж, улам сайхан болдог талаар Британийн суд лаачид мэдээлж байна. Тэдний баталж буйгаар хамгийн сайхан эмэгтэй гэвэл энэ л насныхан байх гэнэ. Тэр дундаа 31 нас бол эмэгтэй хүний хувьд гоо сайхан, мэдлэг боловсрол болон нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн оргил үе хэмээжээ.
Түүнчлэн энэ үедээ тэд өөртөө итгэх итгэлээр дүүрэн болж, хүн болон хүрээлэн буй орчинтойгоо зөв харилцах чадвартай болдог аж. Британийн QVC теле сувгийн захиалгаар хийсэн судалгаанд идэр насны 2000 гаруй хүн оролцож, “Эмэгтэйчүүдийн дур булаам чанар хэрхэн бүрддэг вэ” гэсэн асуултад хариулсан байна. Тэдний олонх нь 19-тэй өсвөр насны охиноос 31 настай эмэгтэй илүү сайхан, дур булаам гэжээ.
Судалгаанд хамрагдагсдын 70 хувь нь “Гоо сайхан гэдэг бол өөртөө итгэх итгэл” гэж хариулсан бол 67 хувь нь “Гоо сайхны үндсэн үнэлэмж нь гадаад үзэмж ба харагдах төрх” гэж хариулжээ. Тэдний 47 хувь нь бүсгүй хүний гоо сайхны илрэлийг стильтэй холбон илэрхийлсэн байна.
Үүнээс үүдэн “Гоо сайхныг илэрхийлэх гадаад төрх болон стиль, имижийг өөртөө итгэх итгэл нь тодотгож, төгс үзэсгэлэнтэй болгодог” гэж судлаачид дүгнэв. Гэхдээ төгс сайхан болох нь өсвөр наснаасаа эхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд төдийгүй судалгаанд оролцогчид хэлсэн байна. Манайхан ч “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг шүү дээ.
Ж.ЭРДЭНЭ