Андын нурууны бэлээр аж төрдөг гэх ядруу энэтхэг эмэгтэй Перугийн Писко эмнэлэгт ирсэн нь дэлхий дахиныг цочирдуулсан гайхам явдлын эхлэл болжээ.
Тэрбээр гартаа метр хүрэхгүй өндөртэй, айж, гэрэвшсэн бяцхан охин хөтөлсөн байв. Чөтгөр шүглэсэн охиныг домнуулахаар энэтхэг бүсгүй мэс засалч Жералдо Лозадаг зорьж ирсэн нь энэ. Охины тогоо шиг том гэдсийг харсан даруйдаа л Лозада эмч гэдэсний хавдар хэмээн оношилсон гэдэг.
Гэсэн ч удалгүй тэрбээр урьд хожид дуулдаагүй гайхалтай зүйл нээх нь тэр. Түүний оношилсон “хавдар” нь үнэндээ наймар сартай ураг байсан аж. Тэр даруй Лозада эмч бяцхан Лимаг Перугийн нийслэлд хүргэн, кесаров хагалгаанд оруулахаар бэлтгэл базааж, бусад мэргэжилтнүүдийг ч урьсан байдаг. Үүнээс сар хагасын дараа буюу 1939 оны тавдугаар сарын 14-нд Лима амаржиж, хүүтэй болжээ.
Охины аарцагны яс хүүхэд төрүүлэхүйц гүйцэт хөгжөөгүй тул Лозада эмчээр удирдуулсан Бусалиу, Колретта эмч нарын баг хагалгаа хийн бяцхан хүүг эсэн мэнд гарган авчээ. Энэ явдлыг Эдмунд эмч багагүй хугацаанд судалсны эцэст, ер бусын шалтгаанаар Лимагийн бэлгийн хөгжил ой найман сартайгаас эхэлж, дөрвөн настайдаа хөх нь гүйцэт урган, таван нас хүрмэгц аарцагны яс тэлж, бие нь ерөнхийдөө нас гүйцсэн эмэгтэйн галбиртай болж ирснийг тогтоожээ. Хамгийн залуу ээжийн хүү 2.7 жинтэй мэндэлсэн бөгөөд түүнийг эмч нь Жерардо хэмээн нэрийдсэн байдаг.
Жерардо арван нас хүртлээ Линаг эгчээ хэмээн итгэдэг байсан бөгөөд нэг л өдөр төрсөн ээж нь хэн болохыг мэдсэн гэдэг. Тэр эрүүл чийрэг өсч, бойжин 1979 онд буюу дөчин насандаа чөмөгний өвчнөөр нас баржээ. Лина Мединаг хэрхэн хөл хүнд болсон тухай баримт өнөө хэр олдоогүй бөгөөд тэрбээр хэзээ ч хүүгийнхээ эцгийн тухай болон хэрхэн хөл хүнд болсноо цухуйлгаагүй гэдэг.
Эскомел эмч энэ тухай багагүй судалгаа хийж, Лимагаас асууж тодруулах гэж хичээсэн боловч тоймтой хариу сонсож чадаагүй аж. Тиймээс Линагийн аав энэ хэрэгт сэжиглэгдэж, хэрэгт татагдсан боловч хожим нь хангалттай баримт нотолгоо байхгүй гэх шалтгаанаар суллагдсан байдаг. Медина хожим нь Раул Журадо гэх залуутай сууж, 1972 онд хоёр дахь хүүгээ төрүүлжээ. Тэд Бяцхан Чикаго дүүрэгт амьдардаг байсан байна. Тэрбээр хачирхалтай амьдралынхаа тухай хожим нь 2002 онд Ройтерс агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгчээ.
Энэ явдлыг хоёр зургаар баримтжуулсан байдаг. Эхнийх нь 1939 оны дөрөвдүгээр сард Мединаг 23 долоо хоногтой жирэмсэн байхад нь авсан зураг. Хачирхалтай энэ явдалд хэн ч итгэхгүй байх гэсэндээ охины гэдсийг тод томруун харагдуулахын тулд өөдөөс нь нарны гэрэл туссан байхаар цонхны дэргэд зогсоон, зүүн талаас нь зураг авсан байна. Хөл хүнд байхдаа авахуулсан түүний цорын ганц зураг нь энэ.
Мединагийн биеийн хөгжил ямар байсан болон эрхэлж, наадах насандаа хөл хүнд болсныг нь батлах зэрэг олон талын ач холбогдолтой тул уг зураг багагүй өртөгтэй гэнэ. Харин нөгөө нь өмнөх зургаас жилийн дараа дарсан зураг. Энэ үед Жерардо 11 сартай байж.

Энэ явдлыг зарим эрдэмтэд нэрд гарах гэсэн заль мэх, башир арга гэж үзэн умай, аарцгийн судалгаа явуулсан байдаг. Таваас доош насны охин жирэмсэн болно гэдэг онцгой тохиолдол ч, огт сонсогдож байгаагүй явдал биш. Хэт эрт жирэмслэх нь бие махбодийн хувьд биеийн өсөлт хөгжлийг дарангуйлах сөрөг нөлөөтэй бол нийгмийн талаас мэдээлэл харьцангуй нээлттэй болсон өнөө үед илүү хор уршигтай аж.
Бусад хачирхалтай тохиолдлууд
Наталъяг найман ихэр төрүүлэх хүртэл Бобби МакКохи нэг төрөлтөөр хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйд тооцогдож байжээ. Тэрбээр 1997 оны 11 дүгээр сарын 19-нд дөрвөн хүү, гурван охинтой болсон байна. Хачирхалтай нь тэрбээр хүүхдүүдээ хагалгаа хийлгэлгүйгээр, 16 минутын зайтай төрүүлсэн гэдэг. Ихрүүд 31 долоо хоногтой байхдаа мэндэлсэн байдаг. Тэднийг Кэннет, Натаниэл, Брэндон, Жоел, Кэлси, Натали, Алексис хэмээн нэрийджээ.
Харин хамгийн ойрхон төрсөн эмэгтэй бол Жэйн Бликли. Тэрбээр 1999 оны есдүгээр сарын 3-нд Жозеф Робертоо төрүүлсэн бол 2000 оны гуравдугаар сарын 20-нд дахин амаржиж, Анни Жэссика Жойс хэмээх охинтой болжээ. Тэд ердөө л 208 хоногийн зөрүүтэй.
Харин Элизабет Энн Баттлын тогтоосон амжилт эсрэгээр. Тэрбээр хамгийн хол зайтай төрсөн эмэгтэй. 1956 оны тавдугаар сарын 19-нд Белиндагаа, түүний дараа 1997 оны 11 дүгээр сарын 20-нд Жозеф хэмээх хүүтэй болсон байдаг. Тэд хоорондоо 41 жил 185 хоногийн зайтай. Элизабет хүүгээ жаран насандаа төрүүлсэн байна.
Хамгийн олон хүүхэдтэй эмэгтэй нь Орос бүсгүй. Тэрбээр 1725-1765 онд 27 удаа жирэмсэлж, 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж, 67 хүүхдийн эх болсон байна.
Харин өнөө цагийн хамгийн олон хүүхэдтэй эх Чилийн Сан-Антониод амьдардаг. Леонтина Албина хэмээх энэ эмэгтэй 1999 онд Гиннесийн амжилтын номонд 55 хүүхэд төрүүлснээрээ бичигдсэн ч, өөрийнх нь өгүүлж буйгаар 64 хүүхэд төрүүлсэн аж.
Ням гариг сэтгүүл