Техасын Худ Каунти хэмээх жижиг хотоос нэгэн жигтэй амьтан олдож, багагүй шуугиан дэгдээгээд байна. Аймшгийн кинонд гардаг шиг нүцгэн биетэй чоно шиг хоёр амьтныг хотын иргэд агнажээ. Америк, Мексикийн домогт хойд хоёр хөл дээрээ явдаг чоно шиг амьтны тухай өгүүлдэг ба чупакабр гэдэг аж.
Тус хотын ан амьтанд хяналт тавих газрын офицер Фрэнк Хакетт уг амьтны нэгийг нь хуучин амбаарт байхад нь олж, намнасан бөгөөд “Энэ амьтныг юу гэж тодорхойлохоо мэдэхгүй байна. Аймаар төрхтэйгээс гадна ийм амьтан байдагт хүмүүс лав итгэхгүй дээ” хэмээжээ. Нөгөөхийг нь хэд хоногийн дараа фермер Жек Фарр тэрхүү амбаараас 16 км зайтай газарт байхыг нь харж, буудсан гэнэ.
Тэрбээр “Би өмнө нь чупакабрын тухай үлгэр шиг яриа сонсож байсан ч үнэхээр байдаг эсэхэд нь эргэлздэг байсан. Буга шиг чихтэй, том шүдтэй, усан ягаан туяа бүхий нүцгэн арьстай энэ амьтныг үлгэрт л гардаг гэж боддог минь эндүүрэл болж, өөрийн гараар намналаа. Амьдралдаа ийм хачин зүйлтэй учирч байсангүй” гэжээ.
Тэдгээр амьтныг хотын төв лабораторид шинжлүүлэхээр илгээжээ. ДНХийн шинжилгээ хийсэн эмч нар харин энэ амьтан нь үлгэрт гардаг тэрхүү аймшигт чупакабр биш, хувьсалд орсон хээрийн чоно хэмээн баталж байгаа аж. Чупакабр гэдэг испаниар “цус сорогч ямаа” гэсэн утгатай үг аж.