Блиц
Нэр: Жессика Мэри Альба
Нас: 29.1981-04-28-нд төрсөн
Гэр бүл: Сүйт залуу болох продюсер Кэш Уоррентай хамт амьдардаг
Томоохон амжилт:Холливудын янз бүрийн киноны уралдаанд 22 удаа нэр дэвшиж, долоон шагнал авч байсан.
Та үүнийг мэдэх үү: Түүнийг “Sky Angel” буюу “Хурмастын сахиусан тэнгэр” гэж дууддаг.
Аав нь мексик, ээж нь франц данийн эрлийз.

Тэрбээр Холливудын хамгийн дур булаам бүсгүйгээр тодорч байсан хэдий ч энэ тухайгаа,
-Би одоо л өөртөө сэтгэл ханамжтай байгаагаас биш урьд бол өөр байлаа. Өсвөр насандаа зузаан уруул, махлаг биетэйгээсээ болж их шоолуулдаг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам арай дээр болсон хэмээн ярьсан байдаг.
Бид түүнийг кино дэлгэцээр өөрийг нь Холливудын дээд зэрэглэлд хүргэсэн янз бүрийн супер баатрын дүрээр нь харж дассан.
-Хувийн амьдралдаа би тэдэн шиг тийм мундаг биш ээ. Харин ч эсрэгээрээ, нэлээн болхи будлиу, бүдрэх ч юм уу, алдаж асгаад л. Өчигдөр гэхэд л толгойгоо машиныхаа хаалганд цохиод авсан. Уг нь хаалгаа хаах гэтэл толгой дотогш ороогүй байсан байж.
-Чи өөрийн амилуулсан супер баатруудынхаа алиных нь зан чанарыг шингээхийг хүсдэг вэ?
-"Гайхамшигт дөрөв" киноны дүр. Үзэгдэхгүй атлаа мундаг, зарим үед жаахан ил гарчихдаг.
-Жүжигчин байхын сайхан нь юу вэ. Том дүрүүдэд уригдах нь уу?
-Яг үнэндээ үгүй. Чи надад юу таалагддагийг мэдэх үү. Олон янзын дүрийн саналаас татгалзах.Минийхээр хамгийн сайхан нь тэр л юм даа.
-Юу гэнээ, ямар дүрээс татгалзсан хэрэг вэ?
-Энэ талаар тодорхой яримааргүй байна.Миний татгалзсан дүрүүд өөр жүжигчдэд илүү тохирохоор санагдсан. Ийм учраас энэ тухай дэлгэрэнгүй ярих нь тохиромжгүй байх. Би оддын өвчнөөр өвчлөөгүй л дээ. Гэхдээ санал болгож буй янз бүрийн ажлаас "үгүй" гэж татгалзах нь нэг л “чөтгөр шиг сайхан” санагддаг юм. Жүжигчид бид ажилтай байхын тулд элдэв студиэр явж, олон төрлийн пробонд орохын хажуугаар тэсэж тэвчихийн аргагүй зүйлүүдтэй тулгардаг. Тэгээд дараа нь “тэнцсэнгүй” гэсэн хариулт авах нь улаан нүүрэн дундуураа буулгуулснаас өөрцгүй байдаг. Одоо бол би эсрэг байранд очсон төдийгүй, тухайн үед намайг гадуурхан доромжилж байсан хүн өнөөдөр кинондоо тоглооч хэмээн өвдөг сөгдөн гуйхад "үгүй" хэмээн толгой сэгсрэх нь өгүүлшгүй сайхан мэдрэмж төрүүлдэг.

-Залуучуудтай харилцах харилцаа чинь ч адил уу. P.Diddy чамайг хоолонд урихад татгалзсан гэж цуурцгааж байсан?
-Тэр намайг урьсан гэнээ? Энэ талаар мэдэхгүй юм… Надтай зүгээр ярилцахыг хүссэн байх. Би алдартнуудыг нэг их сонирхдоггүй.
Жессика Альба их сүсэгтэй, хуучинсаг орчинд өсчээ. Орчин үеийн хөгжим огт сонсдоггүй, долоо хоногт гурван удаа сүмд очдог байсан гэнэ. Өсвөр насныхны хувьд амаргүй зүйл болох библийг судлахад Жессика ихэнх цагаа зориулдаг байжээ. Гэвч 16 настайгаасаа хойш тэр энэ бүхнийг ардаа орхисон гэнэ.
-Чи хүзүүн дээрээ шивээстэй байх аа?
-Тийм ээ.
-Сид болон Нэнси гэдэг хоёр нохойтой гэл үү?
-Тийм шүү.
-Тэгэхээр өнөөдөр чи нэлээн “чанга гарын бүсгүй” болжээ…?
-Ёстой үгүй. /ингэж хэлээд Жессика инээд алдав/ Боль доо, тэд чинь мопсууд. Үнэндээ би жижиг нохойтой болохыг нэг их хүсээгүй. Даанч том нохойтой ийш тийш зорчин явахад хэцүү. Тиймээс том нохойны зан авирыг агуулсан жижиг нохойтой болохоор шийдсэн хэрэг. Мопс яг л тийм үүлдэр, үнэхээр мундаг шүү.
-Шүтэн бишрэгчдийнхээ талаар хэлээч?
-Нуулгүй хэлэхэд миний фэнүүд ихэвчлэн ахимаг насны эрчүүд байдаг. Өвөө нар ч гэж хэлж болно. Нэг хэсгийг ахимаг насны хосууд, нөгөөг нь өсвөр насны хөвгүүд эзэлдэг.
Бэлтгэсэн Б.Чимгээ