Тарган байх нь хэнд хамаатай юм бэ гэдэг цаг ард хоцорч байх шиг. Энэ нь хувь хүнд л хамаатай мэт боловч даяаршиж буй дэлхийнхний санааг зовоож байгаа бас нэгэн асуудал болжээ. Учир нь хэт таргалалт хүний удмын санд ч нөлөөлөх аюултайг олон орны эрдэмтэд сануулж байна. '
Тэгвэл тарган германчууд хэвийн биш хэмжээнээсээ болж үндэсний эрүүл мэндийн байгууллагадаа хүртэл дарамт үүрүүлж байна гэж Мюнхений Эрүүлийг хамгаалах төвөөс мэдээлжээ. Тэдний хийсэн судалгаагаар тус улсын хүн амын 51 хувь нь хэвийн хэмжээнээсээ илүү жинтэй болж, тэднээс 10 гаруй хувь нь илүүдэл өөхнөөсөө шалтгаалан ямар нэгэн өвчин тээж, эмчилгээ хийлгэдэг нь тогтоогдсон бөгөөд үүнд жил бүр 17 тэрбум евро зарцуулдаг гэнэ.
Тарган хүмүүс чихрийн шижингээр өвдөх нь их байдгаас гадна хоол боловсруулах эрхтэн болон зүрх судасны өвчтэй болж байгааг эмч нар сануулсан байна. Ийм өвчтэй хүмүүс сэтгэцийн өөрчлөлтөд өртөх, гутрах өвчтэй болох зэрэг сөрөг дагавар ихтэй тул байнга сэтгэцийн эмнэлэгт хандах болсныг судалгаа харуулж байгаа аж. “Үргүй зарлага” болсон 17 тэрбум төгрөгийн нэгээхэн хэсэг нь мэс заслын тасгийн тавилгад зориулагдаж байгааг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Мюнхений шинжээчид эрүүл мэндийн даатгалын төсөв хэтэрч буйг сануулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зам олох хэрэгтэй гэжээ. Тэгвэл Германы эрх барих нэгэн намын гишүүн Марко Вандервитц “Амьдралын буруу хэвшилтэй, хэт тарган хүмүүс эрүүл мэндийн даатгалд илүү мөнгө төлөх хэрэгтэй” хэмээсэн байна.