1980-аад онд Италийн нэрт дуучин Альбано, Ромина Пауэр нарыг мэдэхгүй хүн үгүй байсан гэхэд хилсдэхгүй биз. Тэдний дуулсан “Феличита” дуугаар нь нэгэн үеийнхэн амьсгалж байсан гэхэд болно. Ялангуяа оросууд. Дуучин хос салсан тухай сонсоод тэд сүйд болж байсан гэдэг. Амьдралынхаа 30 жилийг хамтдаа өнгөрүүлсэн эхнэрээсээ салснаас хойш Альбано Карризи 67 насандаа бас нэгэн сайхан хайртай учирснаа илэн далангүй ярьжээ. Өөрөөсөө 26 насаар дүү Мария Осокинатай тэрбээр зургаан жилийн өмнө Орост танилцсан бөгөөд сүүлийн гурван жил хамтран ажиллаж байгаа гэнэ. “Эмэгтэйчүүдийн гадаад үзэмжээс гадна дотоод ертөнцийг нь би үнэлдэг. Харагдах сайхан гэдэг бол хоосон зай юм” хэмээдэг тенор Альбано найз бүсгүйнхээ ухаалаг байдалд илүү татагдсан гэх. Оросын сэтгүүлчид өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр “Эмэгтэй хүнд очир эрдэнэ, эд бараа бэлэглэхээс илүүтэйгээр сэтгэлийн мэдрэмж өгөх нь зөв гэдгийг сүүлийн үед мэдэрч байна” хэмээжээ.