Түүний бүтэн нэр нь Томас Круз Мапотер. Тэр 14 нас хүртлээ 15 сургууль сольсон гэдэг. Шинээр орсон сургууль болгоноосоо “тэнэг” гэдэг хочийг “зүүдэг” байжээ. Учир нь Томас Круз үсэглэж уншдаг байсан бөгөөд бичиж чаддаггүй байжээ. Тэр ээжийнхээ нэгэн адил дислекси хэмээх төрөлхийн гажигтай байсан бөгөөд ялангуяа түүнийг солгойгоор бичдэгийг нь хүчээр өөрчилснөөс хойш энэ гажиг нь улам хүндэрсэн байна.
Дислекси гэж юу вэ?
Энэ нь унших, бичих дадлын гажиг бөгөөд эрүүл саруул, сэтгэцийн ямар нэг гажиггүй хүмүүст тохиолддог. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол дислексид 4-5 дахин илүү өртөмтгий байдаг нь судалгаагаар нотлогджээ. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар эл өвчин солгойтой шууд холбоотой байдаг гэх. Солгойг хүчээр баруун болгож солих үед энэ гажиг ихээхэн хүндэрдэг.
Учир нь солгойчуудын тархины баруун талын бөмбөлөг илүү ажилладаг бөгөөд хүчээр өөрчлөх үед хоёр талын бөмбөлөг хоорондоо нэгдэн ажиллаж чадахгүйгээс алдаа гардаг байна.
Дислекси хүүхдүүдийг ихэвчлэн залхууд тооцдог. Гэтэл төрөлхийн ийм гажигтай хүүхдүүдэд байдаг гол зовлон нь нүдээр харж байгаа зүйлийг тархи ойлгохгүй, хэл орооцолдоод илэрхийлж чадахгүй тул хичнээн хичээгээд ч нэмэргүй байдаг аж.
Хоорондоо ойролцоо дуудлага бүхий үсгүүд б-п, р-л, ш-с, г-к зэрэг нь ихээхэн хүндрэл учруулдаг. Дислекси хэр хүнд байх тусам алдаа гаргах магадлал улам өндөрсөх бөгөөд үгийн болоод өгүүлбэрийн утгыг ойлгоход түвэгтэй байдаг. Дислексикүүд ихэнхдээ өөртөө итгэлгүй, дуугүй томоотой байх боловч заримдаа догшин, ууртай ч болдог.
Саятнуудын ихэнх нь дислексүүд гэдэгт та итгэх ҮҮ?
Английн нийт саятнуудын 40 орчим хувь нь дислексикүүд байдаг гэнэ. Харин алдарт дислексикүүдээс Уинстон Черчилль, Н.Хрущев, Леонардо Да Винчи, В.Маяковский, А.Эйнштейн, Д.Рокфеллер гээд л...
Том Круз хэзээ ч “моод”-ноос гарахгүй
Круз бараг л тохиолдлоор жүжигчин болсон гэдэг. Хичээл дээр хэл ам нь эвлэрдэггүй бяцхан тэнэг хүү сургуулийн жүжгийн тайзан дээр гэнэт л авьяаслаг нэгэн болон хувирчээ. 18 нас хүрсэн Том өдөр нь сав угаагч, зөөгч, ачигчийн ажил, шөнө нь унших дасгал хийсээр бүтэн нэг жилийн дараа л анхныхаа жижиг дүрийг авчээ. 1
988 онд “Борооны хүн” кинонд Дастин Хоффмантай хамт тоглосон бөгөөд Хоффман, Круз хоёрыг олон зүйл холбож байсан нь хоёулаа намхан, бас адилхан дислексиз байжээ. Тиймээс тэд дэлгэцэн дээр жинхэнэ ах дүү мэт байж, амьдралынхаа туршид ч жинхэнэ найз нөхөд болцгоожээ.
Дислексийг эмчилж болох уу?
Эл өвчнийг эмчилж болох бөгөөд хичнээн эрт оношилж чадна, төдийчинээ эдгэх магадлал өндөр байна. Дислекси үүсэх таван шалтгаан байдаг ажээ.
1. Хэл ярианы дутагдал- Хүүхэд ярихдаа муу, үг, өгүүлбэрийн дүрэм ойлгохгүй байх
2. Харааны дутагдал-Хэвлэмэл зүйлийг нүдэндээ дөхүүлээд харахад үг, үсгүүд хөвөх, нүд харанхуйлах, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ
3. Эхийн хэвлийд байх үед тархины хөгжилд саад орох, удамших
4. Тархины хоёр тал бөмбөлгүүд хоорондоо авцалдан ажиллах чадвар муудсан. Энэ нь бага наснаасаа мэдэгдэх бөгөөд хөдөлгөөн муутай байх, ижил насны хүүхдүүдээсээ сүүлд толгойгоо даах, мөлхөх, хөлд орох
5. Эцэг, эхчүүдийн илүү зангаас буюу бага насанд нь 2-3 хэл зэрэг зааснаас тархи гэнэт стресст орох.
Хүүхдээ сайн ажиглаж байгаарай
Хүүхдийг аль болох багаас нь анхааралтай ажиглаж, дислекситэй эсэхийг эрт илрүүлж чадвал эдгэх магадлалтай. Гурван нас хүртлээ хэлд орохгүй, ном уншиж өгөхөд дургүй, шүлэг муу цээжлэх, долоо хоногийн өдрүүд болон саруудыг цээжлэх дургүй, тоо тоолохдоо муу байх зэрэг нь дислексийн анхны шинж тэмдгүүд юм. Баруунд 10 хүүхэд тутмын нэг нь дислекситэй гэсэн судалгаа байдаг. Мөн тухайн улсын хэл соёлтой ч бас холбоотой байдаг гэнэ.
Энэ нь англиар ярьдаг улсуудад ихээхэн тохиолддог байна. Англи хэлний унших, бичих нь ялгаатайгаас болдог ч байж мэднэ хэмээн мэргэжилтнүүд тайлбарладаг. Харин манай улсад энэ өвчин харьцангуй бага байх магадлалтай нь тун олзуурхууштай.