Японы авто үйлдвэрлэгч “Хонда моторс” компани агаарын тээврийн салбарт хөл тавьж, анхны нисэх онгоцоо бүтээжээ. “Хонда Йэт” хэмээн нэрлэсэн уг тийрэлтэт онгоц энэ оны сүүлээр туршилтын нислэгээ хийх гэнэ.
Автомашин болон мотоциклийн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай тус компанийн анхны онгоц нь “Boeing 787 Dreamliner” шиг их бие нь нарийн бүтэц, зохион байгуулалттай, энгийн онгоцтой харьцуулахад хөнгөн бөгөөд хүчирхэг аж.
Шар, ногоон болон цэнхэр өнгийг хослуулсан энэхүү загвар нь дизайны оновчтой шийдэл болсон гэж мэргэжилтнүүд үзсэн байна. “Хонда моторс” компанийнхны мэдэгдсэнээр “Хонда Йэт” нисэх онгоцыг үйлдвэрлэх шинэ үйлдвэр ирэх онд ашиглалтад орох учир 2012 оны гуравдугаар улиралд онгоц анхны зорчигчоо хүлээн авах гэнэ. Үнэ нь 4.5 сая доллар байхаар урьдчилан тооцоолжээ.
Ж.Тэгшээ