Хэрэв Мадонна ямар нэг ажил хийж эхэлбэл үр дүнд та санаа зовоод хэрэггүй. Поп хатагтай маань ямар ч ажлыг дээд түвшинд хийхээр төрсөн хүн. Түүний ядарч цуцдаггүй дайчин чанарт сөгдөн бишрэхээс өөр аргагүй болдог үе олон бий. Мадонна кино зураг авч, дуу дуулж, “Material Girl” хэмээх хувцасны брэндийнхээ сурталчилгааг өөрийн гараар хийж байна. Саяхан Нью-Йоркт “Material Girl” хувцасны зураг авалт болсон ба энэ брэндийг Мадоннагийн охин Лурдес зохион бүтээжээ.
Хэдийгээр охиных нь зохиосон загвар ч зураг авалт дээр Мадонна хаан л гэсэн үг. Шинэ брэндийн нүүр царайгаар тодроод байгаа Gossip Girl олон ангит киноны гол баатар Тейлор Момсений зургийг Мадонна өөрийн гараар авсан гэнэ. Ингэхэд алдарт одоор зураг авахуулахад ямар байдаг юм бол? 17 настай Тейлорын хэлж байгаагаар бол нэг их аймшигтай биш ч догдолж сандрах явдал бишгүй гарсан аж.
Тэрбээр “Мадонна миний зургийг авна гэдгийг сонсоод үнэхээр баярласан. Үнэхээр нэр хүндийн асуудал. Мадонна гайхалтай сайхан хүн” хэмээн сэтгүүлчидтэй баяр хөөрөө хуваалцсан байна. Мадоннагийн охины загварууд маргаашнаас Нью-Йоркийн “Herald Square” их дэлгүүрт худалдаалагдаж эхлэх ба нээлтэд мэдээж Мадонна гол дүрд тоглох болно. Хэдийгээр ээж охин хоёрын загварын талаарх үзэл бодол зөрөөтэй ч Мадонна охиноо амжилт олтол нь дэмжихээр шийдсэн гэх.
Мадонна “Би охиндоо хэрхэн хувцаслахыг нь хэзээ ч зааж байгаагүй. Тэр үргэлж дуртай загварынхаа хувцсыг өмсдөг байлаа” гэж ярьж байна. “Material Girl”-дэх ажлаа дуусаад поп хатагтай дэлхийг тойрон аялан тоглолт хийх гэнэ. Хэрэв та бүхэн сонирхвол Мадоннагийн охины “Маtеriаl world” хэмээх загварын тухай блогийг үзэж сонирхоорой.
С.ОД