Жүжигчин, бүжигчин, дуучин бяцхан од Жаден Смитийг ирээдүйд ааваасаа ч илүү нэр хүндтэй болж мэднэ хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна. “Каратеч хүү” кинонд алдарт жүжигчин Жэки Чаны хамт тоглож, бас киноныхоо дууг өөрөө дуулсан энэ хүү өдгөө 12 настай. Тэрбээр 2008 онд аавтайгаа хамт “Аз жаргалын эрэлд” кинонд тоглож МТВ кино наадмаас шагнал хүртэж байсан юм.
Түүнчлэн энэ дүрээрээ “Teen choice awards”, ”Image”, “Saturn awards” зэрэг наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртсэн. Тэрбээр реп дуу дуулах дуртай бөгөөд энэ авьяасыг нь “Never say never” дуугаар нь та бүхэн харсан байх. Өнгөрсөн сард болсон “Каратеч хүү” киноны нээлтийн үеэр олны өмнө өвөрмөц маягийн реп бүжиглэснийг нь youtube.com сайтаар таван сая орчим хүн үзэж, сонирхсон байна. Түүнд өдгөө киноны олон санал ирээд байгаа бөгөөд Жаден Смит эдгээрээс сонголтоо хийгээд завгүй сууна.
Ж.ТЭГШ