Бурханч лам Б.Пүрэвбат Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөргийг бүтээж дуусаад байхад нь түүний өрөөнд морилж, бурхан дүрийг анх харах завшаан олдов. Номын хувцас, бандида малгайтай ламхай маань сэнтийд залраастай, өмнөх ширээн дээр нь бичгийн хэрэгсэл өрөөтэй байх ба харц нь зөөлөн аж. Бурхны шашны уламжлал, дэг жаягаар бүтээсэн Хутагтын хөргийн талаар бурханч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Пүрэвбат ламтантай хоёр үг солив.
-Ламтан та Егүзэр хутагтын бурхны дүрийг бүтээжээ. Энэ их хүний тухай мэдэх зүйлээсээ хуваалцаач.
-XX зууны эхэн үеийн Монголын гайхамшигт хутагт, хувилгаадын нэг болох Егүзэр хутагтын тухай лам хүний хувьд сайн мэднэ. Яагаад сайн мэдэж байна гэхээр монголчууд үндэсний шашин соёлоо үгүйсгэж байсан түүхийн хар үед хамгийн анх хэлмэгдсэн хутагт шүү дээ. 1930 оны долдугаар сарын 28-ны өдөр шүүн таслах газрын хурлаас Егүзэр хутагт, тайж Эрэгдэндагва тэргүүтэй долоон хүнийг давж заалдах эрхгүйгээр буудан алах ял оноосон байдаг. Түүнээс хойш Монголын шилдэг аавын хөвгүүд бүгд үгүй болсон.
Егүзэр хутагтын өөрийн нь амьдрал, хийж бүтээж байсан түүх, орон хийд, байгаль орчин, ном эрдмээс нь харахад энэ хүн номтой хүнээс гадна энгийн, бас сав шим ертөнцийн амьдрал зэргийг маш сайн ойлгодог, бүгдэд эн тэнцүү анхаарал тавьдаг соён гэгээрүүлэгч байсан нь харагддаг. Миний хувьд Хутагтын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан хөргийг сайхан шүтээнчлээд залбал эрдмийн талаас, шүтэн бишрэх талаас, дээдлэх, шүтээн болгох талаас, мөн шинэ үеийн хүмүүст хутагтаа дээдлэх, үйл хэргийг санах, аугаа сайхан ном эрдмийг шүтэн дээдэлж түүний зам мөрөөр замнах, олон шавь уламжилсан орон хийд, нутаг орныхонд нь өлзийгөө өгөх болов уу л гэж бодсон. Том багш, дээдсүүдийн хөргийг бүтээдэг манай бурхны шашны уламжлал бий. Тэр л дэг, жаягаар бүтээсэн. Хутагтын дүр ингэж л бууж байна даа.
-Егүзэрийн бурхны дүрд ямар утга санаа агуулагдаж байгаа бол?
-Би хутагтын хоёр гэрэл зургийг нандигнан хадгалдаг. Хоёуланд нь номын хувцастай, нэгэнд нь бандида малгайтай, нөгөөд нь малгайгүй байдаг юм. Егүзэр хутагтын номын хувцастай, малгайтай гэрэл зургийг баримтлан дагаж хөргийг бүтээсэн. Дээдсээ сэнтийн дээр залдаг нь хууль юм л даа. Өмнө нь номын бүх хэрэгслийг нь тавиад зүүн мутарт нь номын хүрд бариулсан. Энэ хүн бол бурхан номын хутагт, бурхан багшийн зарлигийн номын хүрдийг тасралтгүй эргүүлж ирсэн бэлгэдлийг бодож, баруун мутарт нум нумалж байгаа чагж үйлдээд түүн дээр нь лянхуа цэцгэн дээр ном, арилд хоёрыг залсан. Энэ нь мунхагийн харанхуйг билэг билгүүний илдээр тасалж төрөлхтөн олныг төгс гэгээрэл, амар амгаланд хөтлөх номт бодисадва, гэгээн хутагт хүн юм гэдгийг илэрхийлсэн утгатай.
-Эцэст нь Егүзэр гэдэг үгийн утгыг тайлан хэлж өгнө үү?
-Түвдээр налжир ва гэдэг юм. Монголчууд бид Егүзэр ва гэдэг. Энэ нь шидийг олсон, бүтээлийг олсон гэсэн утгатай. Үзсэн ном эрдэм, сонссоноо сэтгэлдээ эрдэм болгон хувиргаж чадаад, бие, хэл, сэтгэлийн ялгамжийг үйлсээрээ төсөөлж чадах шид бүтээлийг олсон хүн гэсэн үг юм даа.
С.МӨНХЖАРГАЛ