Чойжин ламын сүм музейн үзмэрийн нэг танхим бол Ядмын буюу Нууц шүтээний сүм юм. Энэ нь нандин шүтээний сүм бөгөөд эрт цагт зөвхөн тусгай зөвшөөрөгдсөн хүмүүс ордог байжээ. Ядам гэдэг нь шүтээн гэсэн үг. Чойжин лам сахиус залахын өмнө бясалгал хийж өөрийн нандин сахиусуудтайгаа холбогддог байж. Бусад үед түүнээс өөр хүн орохыг хориглодог. Чойжин гэдэг нь сахиустай биеэрээ холбогддог хүнийг хэлдэг аж.
Энэ сүмд Чойжин ламын амилсан сахиусууд залаатай байсан гэдэг. Сүмийг 1937 онд хаахад шүтээнүүдийг тэр хэвээр нь хадгалж үлдэн хожим музей болгоход үзмэр болгон олон нийтэд үзүүлэх болж, өнөөг хүртэл өөрчлөлт хийлгүй хэвээр байгаа. Энэ нь хэрмэн дотроо давхар хашаатай, хоёр талдаа модон хаалгатай, дөрвөлжин хэлбэрийн давхар сүм бөгөөд ханыг хөх тоосгоор өрж, дээврийг нь асар хэлбэртэй барьжээ.
Гол хойморт Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчиннагважодвын алтан шармал дүрийг залсан байдаг. Өндөр гэгээн Занабазар бүтээсэн Дэмчиггарву бурхан, Маха Маяа, Дүйнхэр, Хажид тэргүүтэй бурхан, уран сийлбэрч Сүрэнгийн модоор бүтээсэн Жамсран бурхан байзалаастай буй. Чойжин лам Занхан хэмээх сүмдээ сахиус залах буюу Чойжин буух ёслол үйлддэг байв.
Уг ёслол дуусах үед тэрбээр ухаан алдаж унадаг байсан гэдэг. Түүнийг арын хаалгаар гарган, эл сүмд оруулж, сэргээх уншлага болон бусад зан үйл хийдэг байжээ. Сахиус залах үйлээс бусад цагт Чойжин лам энэ сүмдээ ирж, сахиуснаас сүсэгтэн олон шавь нарынхаа явдал,үйл хэргийг асууж, хэлж өгдөг байсан аж. Мөн тухайн үед VIII Богд Жавзундамба хутагт сахиустай шууд биеэрээ харилцаж байсан талаарх дурсамж олон бий