Цэнхэр дурдан алчуураа
Цэцэг навчаар гоёлоо доо
Цээжний янагаа санах даа
Цэргийн хороо илхэн дээ...
Үе үеийн дуучдын хоолойн цар шалгасан “Цэнхэр дурдан алчуур” дууг мэдэхгүй хүн үгүй. Энэхүү дууны шүлгийг нэрт түүхч, археологич, эрдэмтэн Х.Пэрлээ 1942 онд бичиж, хөгжмийн зохиолч Лха.Дорж аяыг зохиож, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин н.Төмөр анх дуулсан түүхтэй.
Дөрвөн бадагтай эл дууны шүлгийн эх хувь буюу гар бичмэлийг Х.Пэрлээ агсны гэр бүлийнхэн 1992 оны гуравдугаар сарын 24-нд Үндэсний төв архивынханд хүлээлгэн өгснөөр өдгөө архивын сан хөмрөгт хадгалагдаж байна. “Амрагийн дуу” шүлэг нь дуу болж, олонд танигдах үедээ “Цэнхэр дурдан алчуур” нэртэй болсон тухай тэрбээр нэгэн танилдаа хуучилсан байдаг.
Өдгөө 68 жилийн нүүр үзэж буй “Цэнхэр дурдан алчуур”-ыг хамгийн сүүлд гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулж олны хүртээл болгожээ. Дашрамд дурдахад, Х.Пэрлээ агсан Монголдоо доктор цол хамгаалсан анхны эрдэмтэн бөгөөд 1911 онд Сэцэн хан аймаг буюу одоогийн Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ.
Тэрбээр “Монголчууд эвд дуртай”, “Цэнхэр дурдан алчуур”, “Хан Хэнтий минь” зэрэг гурван боть туурвисан бөгөөд 430 гаруй шүлэг, өгүүллэг, нийтлэл, найруулал, тууж, тэмдэглэлийг хойч үедээ үлдээсэн юм.
Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ