Газар орон ган зуд өвчин томуугаар нэрвэгдэх Гадаад тэрсүүдийн үзэл номын явдалтай харшлах Багш шавь эзэд бээр өөрийн эрхгүй цаазаар нэрвэгдэх Балар мунхаг цөвүүн цагийн аюулаас авран соёрх... хэмээсэн Егүзэр хутагт Галсандашийн айлтгалыг “Хамгийг айлдагч хатгины Егүзэр ламхайн түүх намтар оршивой” номоос уншиж болно.
Төр нийгэм, шашны зүтгэлтэн, зүүн хязгаарыг илбэн тохинуулагч сайдаар гурван төрд зүтгэж явсан Егүзэр хутагт Галсандашийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан Гандантэгчинлэн хийдийн цорж, гавж лам Гаржүдийн Диваасамбуу уг номыг бичжээ.
Тэрбээр номондоо одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Хатгин таван хошууны сүсэгтэн олны дунд алдаршсан Егүзэр хутагтын “Өнө-өглөгт” хийд шашин ном өргөн дэлгэр байсан үед урьд эртний ерөөл буянаар үүсэн байгуулагдаж, хожим нь ямар эмгэнэлтэй зам туулж, цөвүүн бурангуй цагт хэрхэн устаж, дахин сэргэсэн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Сонирхолтой намтар түүх, хууч ярианд тулгуурлан туурвисан энэ номоос Егүзэр хутагтын тухай, Халх даяар алдаршсан “Өнө-өглөгт” хийдийн хутагт хувилгаад, ламхай, уран дархан, бичгийн мэргэдийн тухай мэдэж болно.