Жилдээ ганц тэмдэглэдэг Аавуудын өдрөөр хайртай аавынхаа талаар сэтгэгдлээ хуваалцсан хэсэг иргэдийн халуун дулаан яриаг хүргэж байна. “Аав гэж хэн бэ, ямар хүн байх ёстой вэ” гэх асуултад тэд ийнхүү хариулсан юм.
Л.Бассүрэн Би аав болоод удаагүй байгаа. А м ь д р а л ы н минь хамгийн аз жаргалтай мөч бол яах аргагүй аав болсон явдал. Манай охин одоо найман сартай. Өөрийгөө ямар аав гэдгээ сайн мэдэхгүй. Юутай ч гэр бүлдээ халамжтай, тэднийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төр биелүүлж явахыг хүсдэг. Анх би эхнэрээ бие давхар болсныг нь сонсоод маш их догдолж билээ. Хүн болж төрсөн цагаасаа хойш ингэж их баярлаж үзээгүй. Эр хүн өмнөө хүлээсэн үүргээ сайн л биелүүлээд явахад гэр бүлийн аз жаргал, сайн сайхан амьдрал аяндаа тэгширнэ гэж боддог.
Ө.Зоригтбаатар Манай аавыг Өлзийсайхан гэдэг. Гагнуурчин мэргэжилтэй. Аав маань надад шатар, даам тоглохыг зааж өгдөг. Бас бид хоёр хөзөр тоглодог. Би аавтайгаа барилдах их дуртай. Аавдаа хайртай гэж байнга хэлдэг. Ааваа би таньдаа хайртай шүү.
Б.Чулуунчимэг Миний аав малчин хүн. Аав маань Монголын эгэл жирийн л нэгэн. Би Улаанбаатар хотод орж ирээд хоёр хонож байна. Одоохондоо гэрээ санахгүй байгаа л даа. Хэсэг хугацааны дараа аавыгаа санадаг юм. Миний аав их намбалаг, тайван. Надад үргэлж “Онц сураарай, сайн хүн болоорой” гэж хэлдэг юм. Аавынхаа ажилсаг, хөдөлмөрч зангаар нь би үргэлж бахархдаг. Архангай аймгийн Батцэнгэл суманд байгаа аавдаа баярын мэнд хүргэж, урт наслаарай гэж хэлье.
Б.Шагдар Аавуудын өдөр гэж баяр байдгийг анх удаа л сонсож байна. Би амьдралдаа аавын баяр гээд тусгайлан тэмдэглэж байгаагүй. Өөрийгөө маш сайн аав гэж би ам бардам хэлж чадна. Манайх гурван хүүхэдтэй. Одоо бүгд биеэ даасан, тэгш сайхан амьдраад явж байна. Сайн эцэг байна гэдэг амаргүй. Үр хүүхдээ эрүүл саруул, зөв хүмүүжүүлж өсгөсөн болохоор өөрийгөө сайн эцэг гэж боддог. Амьдралын жинхэнэ утга учир нь үр удмаа үлдээж, тэднийхээ халуун хайранд жаргахын нэр биз. Би энэ баярыг мэддэггүй явж байхад аав маань юугаа мэдэх вэ дээ. Тиймээс энэ боломжийг ашиглаад аавдаа баярын мэнд хүргэе. Аав минь Б.Бямба гэж хүн бий. ГовьАлтай аймагт суугаа буянтай буурал аав маань урт насалж, удаан жаргаарай