Амьд хөгжим сонирхогч залуусын баяр “Play time” наадмын хамгийн “отгон” нь болох “The Feel” хамтлагийнхантай ярилцлаа.
-Танай хамтлаг байгуулагдсаны нэг сарын “ой” болж байгаа гэсэн үү?
Бааска: -Тийм ээ. Долдугаар сарын 13-нд хамтлагаа байгуулаад анхныхаа томоохон наадамд оролцох гэж байна.
-Танай хамтлаг ямар стилиэр уран бүтээлээ хийдэг вэ. Хамтлагийнхаа гишүүдийг танилцуулаач?
Тэлмэн: Манайх гранж рок стилиэр тоглодог. Бөмбөрчин Тоогий, дуучин, ритм гитарчин Дашка, басс гитарчин Ганбат, менежер, тонмейстер Бааска болон соль гитарчин Тэлмэн миний бие байна.
-Гранж рокийн гол онцлог нь юундаа байдаг юм бэ. Монголд энэ стилийн хамтлагууд цөөн байдаг гэж сонссон юм байна.
Дашка: -Рок хөгжмийг үе шат болгоод ангилбал аль тернативийн дээр, транс металлын дор байдаг дундын урсгал л даа. Онцлог нь гэвэл амьдралыг ямар нэг зүйлээр төлөөлүүлдэг. Жишээ нь, манай “Авгалдай” гэдэг дуу бий. Амьдралаа дээшлүүлэх гээд хичээгээд чадахгүй байгаа залуугийн тухай дуу. Түүнийг нисэх гээд ч чадахгүй авгалдайтай зүйрлэж байгаа юм. Гранж рокийн онцлог нь ямар ч хүн сонсоод ойлгохоор, энгийн байдаг.
-Өмнө нь та бүхэн ямар нэгэн хамтлагт харьяалагдаж байв уу?
Дашка: - Би өмнө нь The Feel гэж хамтлагтай байгаад тодорхой шалтгааны улмаас тарсан. Тэгээд энэ найзуудтайгаа ний лээд хамтлагийнхаа гишүүдийг шинээр бүрдүүлсэн. Ихэнх нь өмнө нь өөр хамтлагтай байсан л даа. Биднийг нэг л зүйл нэгтгэсэн нь амьд хөгжимд хайртай сэтгэл зүрх минь.
-Удахгүй “Play time” наа дам болно. Ямар уран бүтээлээр оролцох гэж байна вэ?
Ганбат: -“Авгалдай”, “Зажилсан кассет”, “Чиний хүслээр” гэсэн гурван дуу болон коверлосон хоёр дуугаар оролцоно. Тоогий: -Энэ жилээс “Play time” шалгаруулалттай болж байгаа. Өмнө нь бүртгүүлсэн бүх хамтлаг ордог байсан бол энэ жил 25 шинэ хамтлаг шалгаруулалтад орж 10 нь тэнцсэн. Хамтлагуудын ур чадвар, өөрсдийн уран бүтээл зэргийг харгалзан үзсэн байх. Үлдсэн 30 нь хуучны “акул”-ууд байгаа юм билээ.
-Танай дуунуудын чинь нэр их өвөрмөц юм аа. Гранж стилийн онцлог уу?
Тэлмэн: -Тэгж хэлж болно. Түрүүн хэлсэнчлэн гранж рокууд хэлэх гэсэн санаагаа ямар нэг зүйлээр төлөөлүүлдэг.
-Тэгвэл “Зажилсан кассет”- аар юу төлөөлүүлсэн бэ?
Дашка: -Энэ дуугаар бид сонсож байгаа хөгжмөөсөө юу мэдэрч байна вэ гэдгийг харуулахыг зорьсон. Манай хамтлагийнхан Нирвана, Пинк флойд зэрэг дээр үеийн хамтлагийн дууг их сонсдог. Яг тэрийгээ сонсож байтал кассет нь зажлаад бухимдсан сэтгэлээ гаргаж байгаа тухай дуу юм.
Бааска: Гэхдээ уурласан мөртлөө кассетаа аваад явж байгаа нь хөгжимд ямар их хайртай гэдгээ харуулж байгаа хэрэг.
-Та нарын бодлоор Монголын амьд хөгжмийн хөгжил ямар түвшинд байна вэ?
Тоогий: -Монголд амьд хөгжмийн урсгал хөгжлийнхөө дээд цэгт хүрч байна. Хотын гудамжаар гитар үүрсэн залуус их харагдах боллоо. Амьд хөгжмийн хамтлагууд хүч түрэн орж ирж байгааг сая болсон “Play time”-ийн эхний шалгаруулалт нотоллоо. Энэ бол үнэхээр баярлууштай хэрэг шүү. Биднийг ойлгодог хүмүүс тэр хэрээр олширч байна л гэсэн үг.
-Рок урсгалд хуучны стиль хүч түрэн орж ирж байгаа тухай сонссон юм байна.
Ганбат: -Яг одоо дэлхийд “инди рок” гэдэг урсгал ноёрхож байна. Монголд ч гэсэн энэ урсгалын төлөөлөл цөөнгүй байдаг болж. Харин гранж урсгалаар тоглодог хамтлаг байхгүй. Бид энэ орон зайг нөхөх зорилготой. -
Рокийн шинэ, соёлтой үе гарч ирж байгаа юм шиг санагддаг. Та нарын өмнөх үеийнхэн жаахан нэр хүнд муутай байсан тал бий шүү дээ?
Бааска: -Рок хөгжим сонсдог хүмүүс бусдаас өөр, аливааг улиг болсон байдлаас тэс өөрөөр мэдэрдэг хүмүүс байдаг. Яахав, хүмүүсийн дунд тийм яриа байдгийг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ амьд хөгжим сонсдог хүн болгоныг тэгж хүлээж авах нь утгагүй.
-Рокууд уран бүтээлээсээ гадна хувцасны стилиэрээ өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг шүү дээ. Танай хамт лагийнхан харин их энгийн хувцаслах юм аа. Гранж рокийг савхин хүрэм, бариу өмдөөр төсөөлдөг биш үү?
Ганбат: -Савхин хувцас, бариу өмд, бөгтөр алхаа, тамхи…, энэ бидний сонирхол биш л дээ. Бүх юм нэг хэвийн давтагдсан байхад бид дургүй. Гранж рокийн загалмайлсан эцэг нь яах аргагүй Нирвана хамтлаг. Гэтэл энэ чиглэлээр дуулдаг хамтлагуудын дуу нь ерөнхийдөө Нирванатай төстэй байдаг л даа. Бид тэднээс өөрөөр, өөрсдийн гэсэн хэв маягийг гаргаж ирэх хүсэлтэй.
-Хамгийн сонир холтой бүтсэн дуу чинь юу вэ?
Ганбат: -“Авгалдай”. Хамгийн анх “Зажилсан кассет” дууны үг орж ирээд ая нь олддоггүй. Гэртээ очоод мес сенжердээд сууж байтал Дашка “Надад нэг дууны үг ороод ирлээ, түр хүлээж байгаарай” гэчихээд таг болчихсон. Удалгүй үгээ бичээд, аяаа хийгээд бидэнд аудиогоор сонсгосон. Үнэхээр гэнэтийн тохиолдол байсан шүү. Бид маргааш нь ирээд дуугаа хийсэн дээ. Яг тэр оройны сэтгэгдэл энэ дуунд маань бүрэн шингэсэн.
-Амьд хөгжмийн хамтлагууд дууны үгээ ихэвчлэн өөрсдөө зохиож харагддаг. Хүний зохиосон үг, аяаар дуу хийх тохиолдол гардаг уу?
Тоогий: - Өөрсдөө ая, үгээ гаргаж байж л хэлэх гэсэн санаагаа бүрэн гаргана. Хүний зохиосон дуу бол өөр шүү дээ. Тэр хүний мэдэрсэн зүйлийг бид адилхан мэдрэхгүй учраас дуу “хиймэл” болно.
-Та нарын дууны үгүүдээс хамгийн гоё мөр нь юу вэ?
Тэлмэн: -“Авгалдай” дууны дахилт их гоё. “Хаашаа ч юм нисэхсэн Хаа сайгүй дүүлэхсэн Сарыг алгадмаар.. Алгадмаар санагдана аа...” гээд л.
Ганбат: -Сарыг алгадмаар санагдсан хэдий ч чадахгүй. Тэгээд бачимдсан сэтгэлээ илэрхийлж байгаа байхгүй юу. Аятайгаа нийлэхээр бүр “тасархай” сонсогддог.
-Рокууд өөрсдийн үзэл бодлоо хөгжмөөрөө дамжуулж илэрхийлдэг гэдэг үнэн үү?
Бааска: -Тийм.
-Тэгвэл рокууд дандаа тийм бухимдалтай байдаг юм гэж үү. Дууг нь сонсохоор тэгж санагддаг.
Тоогий: -Үгүй ш дээ. Урсгал урсгалаараа өөр байдаг л даа. Жишээ нь, инди хамтлагууд ихэвчлэн хайр сэтгэл, амьдралын сайн сайхны тухай дуулдаг. Гранж рокийн хувьд энгийн гэж тодорхойлно. Хүмүүс хэтэрхий илүү болон хэтэрхий муу зүйлийг сайн мэдэрдэг ч энгийн дундаж зүйлсийг орхигдуулдаг юм шиг санагддаг.
-Ярилцлагын төгсгөлд хөгжим сонирхогч залууст хандаж юу гэж хэлэх вэ?
Бааска: -“Play time” наадам дээр ирээд биднийг сонсоорой, амьд хөгжмийг мэдрээрэй гэж хэлье.
Тэлмэн: -Амьд хөгжим гоё шүү.
-Ингэхэд “үхмэл” хөгжим гэж байдаг хэрэг үү. Амьд хөгжим л гээд байх юм?
Ганбат: -Амьд хөгжмийн онцлог нь үзэгч, сонсогчтой шууд холбогдож бие биенээ мэдрэхэд оршдог. Жааз хөгжим, гитар, төгөлдөр хуур хүртэл амьд хөгжмийн төрөлд орно. Харин “үхмэл хөгжим” гэж ам барихыг хэлдэг юм.
-Нээрээ л рокуудыг ам барьж дуулахыг хараагүй юм байна шүү.
Тоогий: -Тийм шүү. Бид чинь ярилцлагаа өндөрлөх гэж байсан. Одоо Ганбаа үгээ хэлнэ.
Ганбат: -Рок гэхээр урт үстэй, гинж гархи зүүсэн, бөгтөр алхаатай хүмүүс гэж битгий бодоорой. Рокийг амьд хөгжим гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй.
Дашка: -Бид рок хөгжимд үнэнч байсан, байгаа, байх ч болно. Би 60 настай хип хопчин хараагүй. Харин 70 настай рок өвөөтэй уулзаж байсан. Тэгэхээр амьд хөгжим хүн бүрт нээлттэй шүү.
Ж.ТЭГШЖАРГАЛ