Хятадын иргэн, 53 настай Гуо Фэндийн биед 10 жилийн өмнөөс өөрчлөлт орж, хөх нь томорч эхэлжээ. Гэнэт л том хөхтэй болсон түүнийг хараад тосгоныхон нь элдвээр хэлэн, тоглоом тохуу хийх болж. Хүмүүсийн хов жив, элдэв ярианаас залхсан эхнэр нь Гуог орхиод явчихаж. Тэрбээр эмнэлэгт хандаж, эмэгтэй хүнийх шиг том болсон хөхнөөсөө салахаар олон шинжилгээ өгсөн ч чухам юунаас болж ургаж байгааг нь тогтоож чадаагүй гэнэ.
Хэрэв эмч нар түүнд мэс засал хийхээс татгалзвал өөрөө хөхөө тасална хэмээн муйхарлаж байсан тухайгаа тэрбээр ярьжээ. Гэхдээ тийм зүйл болсонгүй. Бээжингийн эмнэлгийн эмч Жан Лилан түүнийг зовлонгоос нь салгаж, хэвийн амьдралыг нь эргүүлэн өгсөн байна. “30 жил ажиллахдаа ийм сонин тохиолдолтой учирч байсангүй.
Түүнд генетикийн шинжилгээ хийхэд биеийн эд эрхтнүүд нь бүгд хэвийн ажиллагаатай байсан. Хортой зүйл, эсвэл хэт их өөх тостой бүтээгдэхүүн идсэнээс болж хөх ургасан эсэхийг шалгахад цуснаас нь юу ч илрээгүй” хэмээн эмч дурджээ. Одоо Гуо Фэндэд ямар нэгэн зовиур байхгүй болсон бөгөөд зөв хооллох дэглэм сахихыг эмч нар зөвлөжээ.
Мэс заслын дараа эхнэр нь эргэн ирсэнд баярласан Гуо Фэнд “Сүүлийн 10 жил амьдрал минь там мэт л байлаа. Эхнэр, хүү хоёр маань их зовсон. Харин одоо бүх зүйл хэвэндээ ороод сайхан боллоо. Би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэдгээ мэдэрч байна” хэмээн ярьжээ.
Б.ЭГШИГЛЭН