Эрчүүдэд нууцаар шивнэх нь...
-Сармис, сонгино бэлгийн дуршил сэргээдэг гэж сонссон. Энэ үнэн үү?
-Сармис, сонгино, хар талх, арвайн гурил хоол хүнсэндээ хэрэглэж байх нь бэлгийн дуршлыг сэргээдэг гэдгийг туршилтаар нотолсон байдаг. Мөн хушганы цай уух нь өөртөө итгэх итгэлийг ч төрүүлдэг.
-Удаан хугацаанд биеийн хүчний ажил хийснээс болж цагаан мах эргэдэг болчихлоо. Яавал зүгээр болгох вэ?
-Цагаан махыг муу мах гадагшилдаг гэж настан буурлууд ярьдаг ч даарсан, ядартлаа ажилласан, хүнд юм байнга өргөж байсантай холбоотой гэж үздэг.
Өтгөнөөр бие засаагүй байхад ч өөрт байнга дүлэлт өгөөд байгаа бол шулуун гэдэсний салст хөөж хавагнан улмаар доошоо цүлхийдэг. Тиймээс өтгөн хатахааргүй хоол, хар талх, жимс жимсгэнэ, исгэлэн тараг, хоормог, В, С аминдэм агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай. Мөн дороосоо даарч болохгүй бөгөөд чийгтэй, нойтон газар удаан байхаас татгалз.
-Зүрхний эмчилгээ бэлгийн сулралд нөлөөлөх үү. Эмчилгээний дараа бэлгийн харьцаанд орох сонирхол эрс буурсан мэт санагдаад байна?
-Нас ахих тусам эр хүний өдөр тутмын бэлгийн дур хүсэл аажимдаа буурах хандлагатай байдаг. Зүрхний эмүүд зүрх судасны булчингийн агшилтыг сайжруулах үйлчилгээтэй болохоор бэлгийн дуршил багасах, бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх үзэгдэл тохиолддог гэж мэргэжилтнүүд үздэг.
Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй учир санаа зовох хэрэггүй. Эмчилгээний дараа дороосоо даарахгүй, халуун ногоотой хоол хүнс хэрэглэхгүй байх нь сайн. Харин вандуйн үр, эрдэнэ шиш, өргөст хэмх болон А, Е бүлгийн аминдэм агуулсан хоол хүнс хэрэглэж, тараг ууж бай.
Андропауз буюу эрчүүдийн цэвэршилт
"Эрэгтэйчүүдийн цэвэршилт" гэдэг дасаагүй үг мэт сонсогдож болох юм. Энэ нь эрчүүдийн нас ахих тусам бэлгийн даавар буурдагтай холбоотой. Эрэгтэйчүүдийн эр бэлгийн даавар дутагдсанаас цэвэршилт буюу анагаах ухааны нэр томъёогоор андропауз болдог байна.
Даавар гэдэг нь асар хүчтэй биологийн идэвхит бодис. Андроген гэдэг нь эр бэлгийн дааврууд юм. Энэ нь эрэгтэйчүүдийн бие махбодид нөхөн үржихүйн системийн эд эрхтний үйл ажиллагааг хянаж зохицуулдаг. Эрэгтэй хүний үндсэн андроген даавар нь тестостерон юм.
Энэ нь эрчүүдийн хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэн сэтгэл санааг сэргээж, яс булчинг бэхжүүлдэг. Тестостероны 95 хувь нь төмсгөнд байдаг. Тиймээс бэлгийн дааврын ялгаруулалт багассанаар цэвэршилт эхэлдэг байна.
Биеийн ерөнхий байдал суларч, даралт ихсэж, зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх, цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэл ихсэх, таргалах зэрэг өөрчлөлт биед гардаг. Эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санаа ч хямардаг аж.
Хэзээ эхэлдэг вэ?
Анагаах ухааны судалгаагаар эрчүүдийн цэвэршилт 50-60 насанд эхэлдэг. Гэхдээ эрт эхлэх тохиолдол байж болно. Энэ нь тун ховор. Төмсөгний төрөлхийн гажигийн улмаас үрийн шингэн боловсруулах чадвар муутай эрчүүдэд андропауз эрт эхлэх тохиолдол гардаг.
Нийгмийн байдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байгаа нь эрт цэвэршихэд ч бас нөлөөлж болох талтай. Эр хүн цэвэршинэ гэдэг нь үрийн шингэний гаралт багассаар дур тавьж чадахаа болино гэсэн үг. Чихрийн шижин, цусны даралт, хэт таргалалт, зүрхний тэжээлийн дутагдалтай эрэгтэйчүүдийн тестостерон түвшин эрүүл хүмүүсийнхээс 10-15 хувиар бага байдаг.
Цэвэршилт эхлэхэд ямар шинж тэмдэг илрэх вэ?
Биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойргүйдэх, ой тогтоолт муудах, мартамхай болох, айж цочих, бэлгийн үйл ажиллагаа хямрах, ууц нуруугаар хөших зэрэг шинж илэрдэг. Гэхдээ эдгээр шинж нь ажлын ачаалал, стресс, ядаргаа зэргээс түр зуур илэрч болно. Цэвэршилт болоход өвдөлт өгөхгүй. Цусны даралт ихсэж тогтворгүй болох, зүрх дэлсэх, өвдөх, толгой эргэх, бие халуун оргих, өтгөн хатах зэрэг нь уг өвчин эхэлж буйн илрэл. Харин байгалийн жам ёсоор цэвэршилт эхэлж байгаа бол санаа зовох шаардлагагүй.
Эрт цэвэршилт юунаас үүддэг бол...
Цэвэршилт эрт эхлэх нь түрүү булчирхайн үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой юм. Шөнө олон шээх, бэлгийн дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах нь цэвэршилт эрт эхэлж буйн дохио гэнэ.
Үүнээс сэргийлж болох уу?
Цэвэршилт эхлэх насыг хойшлуулахын тулд архи тамхинаас хол байх, хоолны дэглэм баримтлах, эрч хүчтэй, баяр баясгалантай амьдрах, спортоор хичээллэх нь нэн чухал гэнэ. Мөн байнга агаар салхинд гарах нь цэвэршилтээс сэргийлэх шилдэг арга хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Ням гариг сэтгүүл