Сайн байна уу? Захидалын минь хариуг бичих тэр сайхан өдрийн мэнд хүргэе. Би одоо 18 настай. Гурван жилийн өмнө өөрөөсөө таван насаар ах залууд хайртай байсан юм. Гэвч би бардам байх дуртай. Өөрийн бие хаа, царай зүсэндээ сэтгэл хангалуун байдаг.
Өөрийнхөө үнэ цэнийг ч мэдэх учраас хамаагүй хүмүүстэй танилцаад, залуусын араас харц шидээд байх дургүй. Би хүнийг хайрлах дургүй ч юм шиг, тэгсэн хэрнээ хэн нэгнийг хайрлахыг хүсдэг ч юм шиг сонин авиртай. Эрчүүд намайг шохоорхож, нүд унагаж байгааг нь харахад л хангалттай. Тэрнээс биш зууралдаад яваад байхыг хүсэхгүй байна.
Гэтэл одооноос бэлгийн харилцаанд орох шаардлагатай юм шиг санагдаад байна. Хоёр жилийн өмнө хайртай залуу маань надад дотно харилцааг санал болгосон ч нэгдүгээрт насанд хүрээгүй, хоёрдугаарт өсөх хэрэгтэй гэж бодогдоод, дээр нь түүнтэй уулздаг болоод дөрөвхөн сар өнгөрч байсан учраас татгалзсан. Үнэндээ тэр намайг 18-20 настай гэж боддог байсан болов уу.
Хүн бүхэн л намайг насанд хүрсэн гэж хардаг байсан. Одоо би 18 настай, дээд сургуулийн II курс. Ирэх жил гадаад руу явна. Би онгон. Хуучинсаг үзэлтэй гэх үү дээ. Нөхөртэйгөө анхны шөнөө өнгөрөөнө гэж боддог. Надтай дотносохыг хүсдэг олон залуус байдаг ч хэн нь ч хань болохгүй гэдгийг би мэднэ.
Үнэндээ би уйдамхай хүн. Миний хайртай залуу надаас бүх талаараа илүү байхгүй бол уйддаг. Найз охидын маань нэг 16-тайдаа хүнтэй унтчихсан. Бусад нь надаас эгчмэд учраас намайг бодвол хавьгүй олон зүйл үзсэн. Тэдний ярьж хэлж байгаас болдог ч юм уу их хаширлаад байдаг байж магад.
Тэгээд ч юу юугүй хүний өвөрт гүйгээд орчихдог хямдхан охин баймааргүй байна. Миний хайртай байсан тэр хүн надад үнэхээр таалагдаж байсан. Надад тэрний хойноос гүйх хэрэг байгаагүй. Тэр өөрөө л хүрээд ирсэн. Хэчнээн хайртай ч гэсэн юу юугүй дотно харилцаанд орохыг хүсэхгүй байна.
Ямар ч үнэ цэнэгүй, хямдхан нэгэн баймааргүй байна. Хүн гэдэг үнэ цэнээ мэддэггүй учраас өрөвдөлтэй амьдардаг юм шиг санагддаг. Тиймээс би анхны шөнөө миний сайн сайхны төлөө олон зүйлийг хийж чадах, надад бүхнээ зориулах, санхүүгийн чадамжтай, нөхөр болох хүндээ зориулна гэж бодоод байгаа.
Миний энэ шийдвэр буруу ч байж магад. Миний хайртай залуу царайлаг, боловсролтой, соёлтой, ухаалаг, хөгжилтэй. Тэр одоо болтол DJ хийж байгаа. Тэрэнтэй дотно харилцаанд орох уу, эсвэл ирээдүйд учрах нөхөртөө юу гэдгээ шийдэж чадахгүй байна.
Захидлын хариу
Таны захидалыг уншаад хамгийн түрүүн энэ шүлэг санаанд орлоо.
…Өөрөө өөртөө дурлаж
Өнгө царайгаа ширтсээр
Харцуул эрчүүлд харин
Хайрлах зай гаргасангүй… Та хэтэрхий бардам бас амьдралаас хэт их зүйлийг шаардаад байгаа бололтой. Ганцхан таныг шүтэн бишрэн, бүх амьдралаа зориулах тэрбумтан эрийг мөрөөдөх нь буруу биш ч амьдрал дээр үүнийг зөвхөн мөрөөдөж л болно гэдгийг санахад илүүдэхгүй.
Тиймээс асуудалд бодитой хандаж, өөрийгөө мөрөөдлөөсөө чөлөөлөх хэрэгтэй.
Сексийн тухайд бусдаас хожигдох гээд байна хэмээн бодож, яаран шийдвэр гаргаж болохгүй. Та үнэхээр хэн нэгэн хүнд хайртай, хожим үүнийхээ төлөө харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байх үедээ л энэ шийдвэрийг гаргана. Түүнээс биш хэн нэгэн танд “Одоо цаг нь боллоо” гэж хэлэхгүй. Анхны сексийн сэтгэгдэл ирээдүйн бэлгийн харилцаанд тань чухал нөлөө үзүүлдэг гэдгийг санаарай.
Ням гариг сэтгүүл