
Цэцээ хэмээх “аавтай”, Пангаас гэх “ээжтэй”, дөрвөн сайхан “хүүтэй” нэгэн гэр бүлд зочиллоо. Босго давав уу, үгүй юү шал доргиж, цонх чичрээд газар хөдөлж байна уу гэлтэй мэдрэмж төрсөн юм. Гэтэл хөгжмийн хэмнэлд тааруулан бүжиглэх залуусын хөдөлгөөн шалыг доргиож, үүдэн талд байрлах өсгөгчөөс дуугарах хөгжмийн нүргээнд цонх чичирсэн байж. Биднийг анзаарах ч сөхөөгүй хөлсөө гартал үсэрч, дэвхцэх залуус бол “Vanquish” хамтлагийнхан. Зургаан жилийн ойн тоглолтоо маргааш “Улаанбаатар палас”-ын задгай талбайд хийх гэж буй тэд түйвээхдээ бэлдээд тун завгүй байгаа нь энэ. Ингээд хамтлагийн гишүүдтэй ярилцсанаа хүргэе.
Б.Түвшинтөр буюу Төвшөө: Энэ урлаг надад хүн шиг байхыг сургасан
-“Хакуна матата” дуунд чиний үглэдэг хэсэг залууст болон улстөрчдөд хандсан утгатай байдаг шүү дээ. Мөн ганцаараа дуу хийх авьяас надад байхгүй гэж дуулдаг. Тэгэхээр чи бие дааж уран бүтээл хийх бодолгүй гэсэн үг үү?
-Зарим хүн энэ дууг шоуг магтсан гэж ойлгоод байх шиг санагдсан. Цэвэрхэн шоудъя, зорилго минь архи биш гэх мэт хэллэг оруулсан нь зөв амьдаръя, яагаад заавал шоу цэнгээн хэтэрсэн архидалттай байх ёстой юм гэсэн үүднээс шүлгээ бичсэн. Өнөөгийн монгол хүн бүрийн санаа зовнидог агаарын бохирдол, хог хаягдал зэрэг асуудлыг ч хөндсөн байгаа. Авьяасгүй гэхээсээ илүү сонирхолг үй л дээ. Би хувийн тоглолт биш багийн тоглолт хийхийг илүүд үздэг.
- Урлаг хүнийг төлөвшүүлдэг гэдэг. Хип хоп бол хөгжмийн урлагийн нэгэн төрөл. Тэгвэл чамд хип хоп дуу, хөгжим ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Хүн шиг байхыг сургасан. Өөрөөр хэлбэл, эцэг эхдээ халамжтай, эх орон, найз нөхөд, хайртай бүсгүйнхээ төлөө зөв амьдрах үзлийг төлөвшүүлсэн гэж хэлнэ.
-Хамтлагаа нэг өгүүлбэрээр тодорхойлооч?
-“Vanquish” бол ардчилсан коммунист хамтлаг. Үзэл бодлын хувьд ардчилсан, зан төрхийн хувьд коммунист гэж ойлгож болно. Манай хамтлагийнхан бүгд зарчимч учраас коммунист гэж хэлж байгаа юм. Өсвөр насны хоёр хөвгүүн, Монголын хип хопын ертөнцөд бүл нэмэхээр шийдэж, байрныхаа дээвэрт анхны шүлгээ тэрлэж байсан тэр үеэс Vanquish хамтлаг үүссэн түүхтэй. Тийм учраас тэднийг хамтлагийн ээж, аав гэдгийг бусад нь хүлээн зөвшөөрдөг. Энэ өрхөд аз жаргал авчирдаг хамгийн том зүйл уран бүтээл нь болоод тэднийг
Ц.Аранзал буюу Ази: Нэгэн хэвийн баригдмал сэдвээс бид хазайсан
-Чамайг клипнээс чинь харахад нэлээд онгироо юм шиг байсан. Гэтэл хамтлагийнхаа хамгийн даруу нь юм аа?
-Рэп хийхдээ даруухан зангаа орхиод өөртөө итгэлтэй болчихдог юм аа. Цаанаасаа л нэг омогшил төрдөг байхгүй юу. Харин бодит байдал дээр найзуудаасаа хамгийн даруухан нь ш дээ.
-Бас сайн бүжиглэдэг юм байна. Өмнө нь ямар нэг бүжгийн дугуйланд явдаг байсан уу?
-Багадаа Байзда ахын зохиодог рэп бүжгийн тэмцээнд Цэцээ бид хоёр оролцдог байсан юм. Дуулахаас гадна бүжиглэх, сагс тоглох дуртай. Манайхан саяхан сагсан бөмбөгийн спортод зориулсан дуу гаргасан. Бүгдээрээ сагсны хообийтой.
-Хип хоп хамтлаг ер нь ямар байх ёстой юм бэ. Монголынхоо хамтлагуудаас үнэлж явдаг уран бүтээлчдийг нэрлээч?
-Мэдээж энэ урлагийг анх Монголд дэлгэрүүлсэн таван хамтлагийг юуны түрүүнд дурдах хэрэгтэй л дээ. “Ice Top”, “Digital”, “Дайн ба энх”, “Эрх чөлөө”, “Хоёр хүү” зэрэг хамтлаг үүнд хамаарна. Тэд байгаагүй бол магадгүй Улаанбаатарт энэ урлаг дэлгэрэх эсэх нь ч эргэлзээтэй, тиймээс хүндэлдэг. Нэг хэсэг манайхан баригдмал сэтгэхүйтэй, хэтэрхий туйлширдаг байсан юм шиг санагддаг. Хэн нэгэн нь хайр дуулбал бүгд дагаад хайр дуулах жишээтэй. Бид харин энэ баригдмал сэтгэхүйг нь эвдэж өгснөөрөө онцлогтой. Яг ийм, тийм байх ёстой гэх тодорхойлолт байхгүй. Хип хоп дотроо олон чиглэл, урсгалтай учир ингэж тодорхойлох хэцүү л дээ. Манайхан хип хоп дууг авиа эгшгээр нь сонсоод байдаг болохоос биш гадаадад энэ хүн юу дуулаад байна гэдгийг чухалчилж үздэг. Учир нь дууны райм буюу шүлэг нь тухайн MC-гийн үзэл бодлыг илэрхийлдэг.

Цэцээ, Дандий, Пангаас гурав анх удаа дуугаа бичүүлэхээр “Соёл” студийн босгыг давж байсан бөгөөд хичээлээ таслаад дуугаа бэлддэг сурагчид байжээ. Ази, Дандий хоёр эрдмийн мөр хөөж, гадаадад сурах хугацаанд тэдний уран бүтээл түр завсарласан. Харин удалгүй Ази ирсний дараа “Vanquish” дахин “төрж”, 2005 оны зун Төвшөөг хамтлагтаа авснаар уран бүтээлээ үргэлжлүүлжээ. Ингээд тэд “Эксел” машиныг магтан дуулсан уран бүтээл гаргаснаар өөрсдийн гэсэн сонсогчтой болсон байна. Энэ хугацаанд Дандий ч эх орондоо эргэн ирснээр хамтлаг таван гишүүнтэй болж “Оддын амьдралаар амьдрах юмсан, наян мянган долларын машин унах юмсан” хэмээн үглэснээр тэднийг сонсох залуусын хүрээ тэлжээ. Цэцээг Америк руу явсны дараа Бямбааг хамтлагтаа нэгтгэснээр зургуулаа болон бүрджээ. Харин энэ жил тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан бөгөөд зургаан жилийн ойн тоглолтоо хийе хэмээн шийдсэн байна.
Пангаас буюу Б.Баяраа: Хип хоп хөгжим намайг задалж өгсөн
-Хэзээ, яаж анх хип хоп урлагтай танилцаж байв?
-Энэ урлагтай хэзээ яаж танилцсанаа санахгүй байгаа ч анх хип хоп дуу сонсоод л шууд таалагдсан. Дуулж эхэлснээс хойш зургаан жил өнгөрчээ.
-Цаг хугацаа улирах тусам хүний оюун ухаан задарч, хөгждөг. Зургаан жилийн өмнөх Пангаас, одоогийн туршлагатай рэппэр Пангаас хоёрын зөрүүг тодорхойлооч?
-Бага байхдаа бүрэг ичимхий хүүхэд байсан бол одоо баригдмал биш, чөлөөтэй зантай болсон байх жишээтэй. Хип хоп хөгжим намайг задалж өгсөн гэж хэлж болно.
-Ер нь чиний үглэх хэв маяг уурлаж бухимдсан янзтай сонсогддог?
-Манай хамтлагийн гишүүн бүр өөр өөр зан араншинтайн дээр дуулж буй байдал хүртэл ондоо. Энэ бол миний характераас гарч буй дуу хоолой, үйл хөдлөл л дөө. Ер нь хип хоп урлаг үнэнийг хэлэх хүчтэй зэвсэг гэж би боддог.
-Тоглолт маргааш болно. Пангаас үзэгчдээс юу хүлээж байна?
-Үзэгчдээс давалгаа хүлээж байна. “Snep” хамтлагийнхан манай найзууд л даа. Тэд бас “Улаанбаатар палас”-ын задгай талбайд тоглож байсан юм. Тоглолт эхлэхээс өмнө зохион байгуулагч нь тэдэнд маш цөөхөн хүн ирсэн байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай найзууд шууд сэтгэлээр унаад, тайзан дээр нурмайсан амьтад гартал үзэгчид төсөөлснөөс нь их цуглаад, яг л ус шиг давалгаалж байсан тухай надад ярьсан юм. Би яг түүн шиг зүйлийг хүлээж байна.
Д.Дандий-Ядам буюу Дандий: ”Vanquish” бодит зүйлийг дуулдаг
-Хамтлагаасаа нэг хэсэг тасраад эрдэм номын мөр хөөсөн гэсэн. Хаашаа явж ямар мэргэжил эзэмшээд ирсэн бэ?
-Лондонд бизнесийн удирдлагын чиглэлээр хоёр жил сурсан. Одоо бол нэг албан байгууллагад мэргэжлээрээ ажилладаг.
-Хип хопоос өөр ямар хөгжийн урсгал сонсдог вэ?
-Миний сонсдог хөгжмийг 100 хувь гээд үзвэл 50 хувь нь хип хоп, 30 хувь нь R&B, үлдсэн нь рок, поп гэж ангилагдах байх аа. Ардын дуунд манай аав дуртай учраас багаасаа сонсож өссөн. Тиймээс ардын дуу явж байвал нэг их цааргалаад дургүйцээд байхгүй ээ.
-Чиний бодлоор хип хоп хамтлаг ямар байх ёстой юм бэ. “Сайн уу, муу юу” гэдэгдуундаа Монголынхоо хип хопчдыг шүүмжилсэн байдаг шүү дээ?
-“Сайн уу муу юу” дууныхаа тухайд би үнэнийг дуулсан гэж боддог. Тийм болохоор ч тэр үү, ямар нэг хариу ирээгүй ш дээ. Ер нь манай хамтлаг бодит зүйлийг дуулдаг. Одоогийн байдлаар хип хопын ертөнцөд хамгийн өндөрт оршиж байгаа.
Б. Бямбажаргал буюу Бямбаа: Хөгжмийн хэмнэлд шүлгээ уусгах чухал
-Хип хопчдын нэгэн хэвийн үглэлтийг эвдэж өвөрмөц хоолойгоороо хүч түрэн орж ирсэн хүн бол Бямбаа. Энэ өөрийн чинь хоолой юу, эсвэл..?
-“Hood” дууны клип дээр гарсан төрх минь зарим хүнд хип хоп биш гэсэн бодлыг төрүүлсэн юм шиг байгаа юм. Амьдрал дээр ямар байдаг яг тэр байдлаараа л энэ дууны клипний зураг авалтад орсон юм. Хоолойн хувьд мэдээж өөрийнх. Гэхдээ жирийн ярих үедээ үглэхтэйгээ адилхан дуугарна гэж байхгүй шүү дээ.
-“Хакуна матата” дуун дээр чиний үглэсэн хэсэг нэлээд ууртай, бусдад хандсан маягтай шүлэгтэй байдаг?
-Дууныхаа аяыг сонсоод надад тийм мэдрэмж шууд төрсөн. Би зүгээр тэгж үглэмээр санагдсан учраас дуулсан. Хөгжмийн хэмнэлд шүлгээ уусгах нь чухал бөгөөд өгөгдсөн аяыг сонсох тусам, тэр ая өөрөө яаж үглэх, ямар шүлэг бичихийг нь хэлээд өгдөг. Тэр шүлгийн тухайд аянаас төрсөн мэдрэмжээ, өөрийнхөө тухайн үеийн бухимдалтай хамтад нь цаасан дээр буулгасан.
Н.Цэцэнбилэг буюу Цэцээ: Хип хоп бол Үнэн үг, хязгааргүй эрх чөлөө
-Сураад, ажиллаад, дуулаад чи их хөдөлмөрч юм аа. Энэ бүгдийг яаж зохицуулаад байна аа?
-Би хүний төлөө биш өөрийнх өө төлөө хөдөлмөрлөж байгаа учраас яаж зохицуулах вэ гэж толгойгоо гашилгадаггүй л дээ. Энэ бүгдийг хийх нь надад тустай учраас огт хэцүү санагддаггүй, цаанаасаа л зохицуулагдчихдаг.
-Хип хоп урлаг чиний хувьд юу вэ?
-Үнэн үгийг хэлэх хязгааргүй эрх чөлөөг надад олгож буй зүйл, бусдыг хүмүүжүүлэх хэрэгсэл.
-Чиний дуунууд бусдыг хүмүүжүүлж чаддаг гэдэгт итгэлтэй байна уу?
-Урлаг хүнийг хүмүүжүүлэхийн зэрэгцээ хөгжөөх үүрэгтэй гэж би ойлгодог. Бидний хийж буй урлаг энэ хоёр үүргийг давхар гүйцэтгэж чаддаг гэж бодож байна. Миний “Нийслэл хүү” цомгийн дуунууд бүгд зөв зүйл, сайн сайхан амьдрал руу уриалсан байдаг.
Ээж нь хөвгүүдээ эрхлүүлэх гэхэд аав нь загнаад босгочихно. Тэдэнд амрах зав байхгүй, бэлтгэлээ хийнэ. Учир нь тэд чанартай бөгөөд өвөрмөц зүйлийг бусдад үзүүлэх гэж мэрийж яваа. Симфони оркестр болон амьд хөгжим хип хоп урлагтай хэрхэн сүлэлдэхийг маргааш харах л үлдлээ. Завгүй залуустаа амжилт хүсье.
О. Цэнгэл