УДЭТ-ын зарим уран бүтээлч БНСУ-д Олон улсын театрын наадамд оролцож, ургац арвинтай иржээ. Ирэх онд 80 жилийнхээ ойг тэмдэглэх тус театрынхан энэ намрын нээлтийнхээ өмнө өнгө төрхөө засаж, шинэ уран бүтээлээр бэлэг барихаар ажилдаа шуурхайлан орлоо.
Тэд хэд хэдэн том бүтээл төлөвлөсний дотор У.Шекспирийн “Ромео Жульетта”, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн түүхэн жүжиг багтаж байгаа аж. Монголын тайзнаа Жульеттагийн дүр бүтээсэн анхны жүжигчин бол Б.Энхтуяа. Түүний бухиаг гавьяат жүжигчин И.Одончимэг үргэлжлүүлж, 1996-2002 онд ариун хайрын илэрхийлэл болсон, танхил бүсгүйн дүрийг бүтээсэн.
Түүний дурлалт хархүү Ромеод жүжигчин Э.Алтанбагана тоглож, Ч.Найдандорж найруулсан бөгөөд хөгжмийн зохиолч З.Хангал агсан хөгжмийг бичсэн түүхтэй. Тэгвэл энэ жил гурав дахь Ромео, Жульетта тодрох юм. Жүжигчин хүн бүрийн мөрөөдөл болсон дүрүүдэд хэн тоглох болон хэний найруулгаар тавих нь одоогоор нууц гэсэн.
Ж.Солонго