Холливудын алдартай жүжигчин Роберт Марио де Ниро 1943 оны энэ өдөр Нью-Йоркт мэндэлжээ. Роберт де Нирог гэр бүлийнхэн нь Бобби хэмээн нэрлэдэг байж. Багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан тэрбээр сургуулийнхаа урлаг уран сайхны хөтөлбөрт байнга хамрагдан олон жүжигт дүр бүтээсэн гэдэг. 16 настайдаа жүжигчний ур чадварын сургуульд орж, төгссөн байна.
1973 онд “Bang the Drum Slowly” кинонд туслах дүр бүтээсэн нь түүнийг олонд таниулах том алхам болсон бөгөөд энэ дүрээрээ Нью-Йоркийн кино шүүмжлэгчдийн шагнал хүртэж, мэргэжилтнүүдийн хараанд өртжээ. Тухайн жилдээ найруулагч Мартин Скорсезегийн “Mean Streets” кинонд тоглож, АНУ-ын Кино шүүмжлэгчдийн Үндэсний зөвлөлийн шагнал хүртэв. Дараа жил нь найруулагч Фрэнсис Коппола “Загалмайлсан эцэг-2” бүтээлдээ Нирог тоглуулсан нь оны шилдэг эрэгтэй дүр номинациар анхныхаа “Оскар”-ыг авлаа.
Мартин Скорсезе түүнийг 1980 онд “Raging Bull” кинондоо урьснаар дахин “Оскар” шүүрсэн юм. 1990-ээд он түүний хувьд уран бүтээлийн уналтын үе байсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Ниро кино урлагт одтой байдаг шигээ олон салбарт амжилттай хөрөнгө оруулагч болж, шаггүй бизнесмэн болохоо харуулсан.
Дэлхийн өнцөг булан бүрт салбартай “Nobu” компанийн хувьцаа эзэмшигч тэрбээр хоёр удаа гэрлэж, таван хүүхдийн эцэг болжээ. Түүнийг өнгөт арьст бүсгүйч үүдэд “нугасгүй” хэмээдэг. Тиймдээ ч анхных нь эхнэр Дайана нь өнгөт арьстан байж. Тэрбээр Наоми Кэмпбеллтэй хүртэл хайрын роман үүсгэж байсан юм.
Байнга л үймээн шуугиан тарьж байдаг “Хар ирвэс” Боббиг маш их хардаж, харамладаг байсан гэдэг. Бобби үерхэлдээ үнэнч анд аж. Түүний хамгийн дотнын анд нь жүжигчин Жо Пеши.
Түүнчлэн Оросын нэрт жүжигчин Олег Янковскийтай 25 жилийн турш сайхан нөхөрлөж байнга холбоотой байсан гэдэг. Тэрбээр 67 наслахдаа 14 удаа “үхээд” сэхсэн. Аль Пачинод нэг удаа “буудуулж”, хариуд нь өөрөө бас нэг удаа “буудсан” түүхтэй.