
Ээж аавдаа эрхлэн тоглох насандаа хадамд гарч, айл гэрийн эзэгтэй болсон бүсгүйчүүд өдгөө дэлхий дээр 700 сая гаруй бий гэдгийг НҮБ мэдээлж буй. Байдал энэ хэвээр үргэлжилбэл дээрх тоон үзүүлэлт 2030 он гэхэд 1 тэрбум хүрэх хандлагатай буй.
Хүүхэд ахуй насандаа гэрлэснээр залуу охидын хувьд зөвхөн мэдлэг боловсрол төдийгүй эрүүл мэндээр хохирч, өөрийгөө хөгжүүлэх боломж нь хязгаарлагдаж, эдийн засгийн хувьд ч бусдын хараат болох зэрэг нэгэн зэрэг маш олон эрх нь зөрчигддөг. Тиймдээ ч олон улсын байгууллагууд уг асуудалтай тэмцсээр байгаа хэдий ч өдгөө 18 нас хүрээгүй охидтой гэрлэхийг 116 оронд хуулиар зөвшөөрч буй.
Тэр ч байтугай эрх чөлөөний орон хэмээгддэг Америкийн зарим нэг мужид ч 16 нас хүрсэн бол эцэг эхийн зөвшөөрлөөр хүнтэй гэрлэж болно хэмээн хуульчилсан байдаг. Насанд хүрээгүй охидыг эцэг эхийнх нь зөвшөөрлөөр хадамд гаргахыг хуульчилсан орнуудын тоонд Уругвай, Беларус, Ирак, Ямайка, Колумб багтдаг.
Муслимын шашинд хөвгүүдийг 15 нас хүрсэн бол охидыг бэлгийн бойжил нь гүйцсэн бол гэрлэхийг зөвшөөрдөг. Тиймээс хуулиндаа шашин шүтлэгээс хамаарч гэрлэх насны хязгаарыг ялгавартай заасан орнууд ч бий. Тринидад ба Тобагод христийн шашинтнууд 18 нас хүрч байж гэрлэх боломжтой болдог бол лалын шашинтай хөвгүүд 16 насандаа охидыг 12 насанд нь гэрлэхийг зөвшөөрдөг.
Харин Иракт гэрлэж буй хосын аль нэг нь насанд хүрсэн байхад л хангалттай. Австрали ч бас үүнтэй бараг адилаар хуулиндаа тусгасан байдаг. Гэрлэж буй хосын аль нэг нь 18-аас дээш настай бол нэг нь 16 настай байхыг зөвшөөрдөг.
37 оронд гэрлэх насны доод хязгаарыг охидынхыг эрчүүдийнхээс бага байхаар тусгасан байдаг. Жишээлбэл Суданд хөвгүүд 15 нас хүрч байж гэрлэх эрхтэй болдог бол охид 10 настай байсан ч хадамд гарахыг зөвшөөрдөг.
Энэтхэг Бангладешт эрчүүд 21 нас хүрсэнийхээ дараа, харин бүсгүйчүүд 18 насандаа гэрлэх эрхтэй болдог. Өмнөд Судан, Саудын Араб, Эквадор, Гамбиа, Сомали, Йеменд гэрлэх насны хязгаарыг огт заагаагүй байдаг аж.
Харамсалтай нь цаасан дээр бичсэн хууль тогтоомж бодит амьдралд мөрдөгдөх нь бага. Тиймдээ ч хуулиар хориглосон ч охид албадлагаар нөхөрт гарсаар л буй.
Цагаачдын хуаран уг байдлыг улам өөгшүүлж буй нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийг эмзэглүүлсээр буй. Цагаачид хуаранд амьдрах хугацаандаа охидыг боловсролыг дээшлүүлэхээс илүүтэй хурдан нөхөрт гаргахыг эрмэлздэг байна.