
Төрийн албыг төрлийнх болгон, сонгуульд нь ажилласан, цүнхийг нь барьж явсан нөхдийг төсөвт байгууллагад ажилд томилдог жишиг тогтоод буй билээ. Дөрвөн жилийн өмнө АН засгийн эрх барихдаа төрийн албан хаагчдыг хоморголон халж, өдгөө Хууль зүйн дэд сайдаар ажиллаж буй Б.Энхбаяр тэдний эрх ашгийн төлөө дуугарч явсан. Манай улс 2011 онд 148 мянга гаруй төрийн албан хаагчтай байсан бол 2014 онд 183.6 мянга болж, 30 орчим мянгаар нэмэгдсэн байдаг.
2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 7-8 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орж байсан бол 2012 онд энэ тоо 15.000, 2013 онд 18.000, 2014 онд 21.000 болсон юм. Ингэж төрийн албан хаагчдыг “бужигнуулсан” түүхтэй. Хэд нь тухайн ажлын байранд тохирсон мэргэжилтэй боловсон хүчин байсныг нарийн тооцож гаргасан нь үгүй. “Мэргэшсэн төрийн алба хаагчдыг хоморголон халж, оронд нь мэргэжлийн бус хүмүүс ажилд авсныг нь цэгцлэхээр 2016 оны УИХ-ын сонгуулиар олонх болсон МАН-ынхан ажиллах үед АН-ынхан төрийн албан хаагчдыг хоморголон халлаа гэж байгаа нь утгагүй” гэх хүн ч байна.
Юутай ч аль нэг нам нь засгийн эрх барихаараа төрийн алба хаагчдыг халж, цүнх баригчдаа ажилд томилдог буруу жишиг Монголын нийгэмд тогтчихлоо. Сонгуулийн дараа өшөө авч байгаа юм шиг нөгөө намын “шахааны” хүмүүсийг “нясалдаг”, түүний ажлаас халагдсаны мөнгө, ажилгүй байсан хугацааны тэтгэмжийг татвар төлөгчдийн халааснаас гаргасаар байх уу. Татвар төлөгч, баялаг бүтээгчид хэн нэгэн даргын хууль бус, үндэслэлгүй гаргасан шийдвэрийг санхүүжүүлсээр байх нь шударга ёсонд үл нийцнэ.
Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх хэчнээн гомдлыг шүүх шийдэж, хэчнээн төгрөгийн цалинг төрийн байгууллагаас гаргуулж, халагдсан хүнд олгосон талаарх мэдээлэл бодит байдалд дөхөх биз. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төрийн албан хаагчдын нэг хэсэг нь Захиргааны хэргийн шүүхэд, зарим нь Иргэний хэргийн шүүхэд гомдол мэдүүлдэг юм билээ.
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан судалгааг харж байхад УИХ-ын сонгуулийн дараа жилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл эрс нэмэгддэг юм байна. 2007 онд ажилд буцаан тогтоолгох нэхэмжлэл гаргасан тохиолдол 12, 2008 онд 22, 2009 онд 50 болсон нь үүний нэг жишээ. 2013 онд дээрхтэй адил нэхэмжлэл гаргасан тохиолдол 32 байсан бол 2014 онд 65, 2015 онд 90 болж өссөн байгаа юм.
Шүүх ажлаас халагдсан төрийн алба хаагчдын нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, албан тушаалтан үндэслэлгүйгээр гудамжинд гаргасан нь тогтоогдвол (нэхэмжлэгч төлбөр гаргуулахаар хүсэлт гаргасан бол) ажилгүй байсан хугацааны цалинг ажиллаж байсан төрийн байгууллагаас нь гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгадаг.
2013 онд төрийн байгууллагаас 24.2 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байж. Дараа жил нь энэ тоо дөрөв дахин нэмэгдэж, 89.2 саяыг гаргуулахаар болсон байх юм. 2015 онд 112 сая орчим төгрөг гаргуулан ажлаасаа үндэслэлгүй халагдсан иргэдэд олгохоор шүүхийн шийдвэр гарч байжээ. Мэдээж лааз өшиглөхөөр болсон нөхөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан цалингаа авсан нь тодорхой. 2005- 2015 онд хийсэн судалгаагаар Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимынхан 409 сая төгрөг гаргуулан халагдагсдад олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ мөнгө бол ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт гаргуулахаар шийдсэн бүх мөнгө бус. Зарим хүн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар хандсан нэхэмжлэлдээ тодорхой мөнгөн дүн дурддаггүй аж. Тиймээс шүүх дундаж цалингаар нь тооцож ажилгүй байсан хугацааных нь мөнгийг гаргуулахаар шийддэг аж.
Зөвхөн Захиргааны хэргийн танхимаас гаргасан дүн 409 сая гаруй болж байна. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас гаргасан судалгаагаар 2013 онд хөдөлмөрийн эрх зүйн 124 маргаан шийдэж. Ингэхдээ 563 сая төгрөг ажил олгогчоос гаргуулан, 550 саяыг нь ажилтанд, 15 саяыг нь улсын тэмдэгтийн хураамжид олгуулахаар шийдвэрлэсэн байв. 2014 онд 181 маргаан шийдэж, 651 сая төгрөг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэж байжээ. Энэ бол Дээд шүүх хүртэл заргалдсан ажил олгогч, ажилтны хоорондын маргааны дүн. Тэр хүртэл заргалдаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдээд ажилгүй байсан хугацааны мөнгөө авчихсан нөхөд олон бий.
Эндээс харахад хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргаж, хэн нэгнийг гудамжинд гаргасны төлөө төсвөөс жилдээ нэг тэрбум орчим төгрөг гаргаж, халагдагсдад олгож буй гэсэн багцаа тоо гарч байна. Төсвийг татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бүрдүүлдэг. Тэдний улсад тушаасан мөнгөнөөс жилдээ нэг тэрбумыг нь хууль бус шийдвэр гаргагчаас болж, үргүй зарцуулж байна гэсэн үг.
Намын харьяаллаар төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халсан албан тушаалтантай хариуцлага тооцдог арга барилыг сайжруулахгүй бол улсын төсвөөр жилд үргүй зарцуулагдах мөнгөний хэмжээ нэмэгдсээр л байна гэсэн үг.
Уг нь Хөдөлмөрийн тухай хуульд хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргаж албан хаагчийг ажлаас халсан нь тогтоогдвол тухайн албан тушаалтнаас төсөвт учирсан хохирлыг төлүүлэх заалт байсан юм билээ. Дээд шүүхийн тайлбар ч байсан аж. Харин уг хуулийг шинэчлэн найруулахдаа хууль тогтоогчид өөрсдийн цүнх баригч, сонгуульд ажиллагсдыг ажилтай болгохын тулд тухайн заалтыг нь авч хаясан талаар олон жил иргэний эрх зүйн, тэр дундаа хөдөлмөрийн маргаан дээр голлон ажилласан өмгөөлөгч, шүүгч нар хэлэх юм билээ.
Уг нь тэр заалт байсан бол “хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” хэмээн том ярьсан дарга нар даврахгүй байсан нь тодорхой. Аливаа сонгуулийн дараа төрийн алба хаагчдыг хоморголон халдаг явдлыг болиулах, таслан зогсоох, мэргэшсэн алба хаагчдаар төрийн албыг тогтвортой явуулах үүднээс Захиргааны ерөнхий хууль баталсан.
Энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн энэ хуулийн 103 дугаар зүйлд “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн заалт орсон нь сайшаалтай. Харин хэрхэн яаж төлүүлэхийг нарийвчлаагүй байгаа юм билээ.
Удахгүй УИХ-д өргөн барих гэж буй Прокурорын байгууллагын тухай хуульд энэ хоосон орон зайг нөхөх заалт орж байгаа юм билээ. Уг хуульд Төр, нийтийн эрх ашгийг шүүхэд төлөөлөн хамгаалах гэсэн бүлэг орсон аж. Түүнд “Нийтийн нийтлэг эрх ашиг гэдэгт төрийн гүйцэтгэх эрх мэдлийн, нутгийн өөрөө удирдах ёсны, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэний хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийн эрх зөрчигдөн гэм хор учирсан зэрэг асуудлыг хамруулна.
Төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрбээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, нэхэмжлэл гаргах боломжгүй бол нэхэмжлэгчийг төлөөлөн төрийн нэрийн өмнөөс оролцох заалт оруулж өгчээ.
Энэ заалтыг оруулаагүй байгаа одоогийн нөхцөлд ажлаас үндэслэлгүй халсан даргын шийдвэрийн золиосонд татвар төлөгчид л хамаг мөнгөө сэгсэрсээр байх нь. Тиймээс энэ байдлыг даруйхан засаж, эдийн засаг хямарсан энэ үед төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах нэг ч гэсэн цоорхойг арилгах нь чухал байна.