
Амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөж, алхах сонирхолтой нийслэлчүүдтэйгээ өнгөрсөн амралтын өдөр хөл нийлэн Богдхан ууланд аяллаа. Нийслэлчүүдэд хамгийн ойр, зардал чирэгдэлгүй аялах боломж олгодог уг уулыг “дайлаар мордогчид” Төрхурах-Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн, Зайсан-Баруун ширээт, Зайсан-Тэнгэр хад, Баянзүрхийн товчоо-Тэнгэр хад гэсэн таван чиглэлд явганаар аялдаг аж.
Бид Зайсан-Баруун ширээт чиглэлийн 4.5 км замаар алхсан юм. Учир нь, энэ чиглэлийн замыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан тохижуулж, өнгөрсөн долоо хоногт сүр дуулиантайгаар нээж, хотын захиргаанд хүлээлгэн өгсөн. “Олон улсын стандартын дагуу засаж тохижуулсан, Монголын анхны зам” гэхчилэн тодотгож байлаа.
Аялж, зугаалахад хөшүүн хойрго надад ч энэ тодотгол гоё санагдаж, ийш зүглэхэд нөлөөлсөн юм. Биднийг 09.00 цагт Зайсангийн аманд ирэхэд тээврийн хэрэгсэл, аялагчдаар “хахсан” байв. Машинтай нь төмөр хүлгээрээ, машингүй нь нийтийн тээврээр зорчиж ирээд гэр бүл, найз нөхдөөрөө аяллын замд гардаг аж.
Эмээ, өвөө цөөнгүй таарсан нь нийслэлчүүд эрүүл мэнддээ хэр их анхаардаг болсныг, нөгөөтэйгүүр ууланд алхах сонирхолтой иргэн олширсны жишээ.
Тохижилтын ажлын хүрээнд хийсэн сүүдрэвч, ширээ сандалнууд цөм эзэнтэй. Зарим нь хөлөө амрааж, нөгөө хэсэг нь хоол хүнсээ дэлгээд найрлаж сууна. Аялагчдад тухтай, таатай орчин бүрдүүлэх зорилгоор сандал, ширээ, сүүдрэвч, гүүр зэргийг барьсан нь сайн боловч түүнээс ч чухал зарим зүйлийг орхигдуулсныг энэ замаар олон жил алхсан, туршлагатай “тамирчид” хэлэв.
Тухайлбал, энэ чиглэлд замын тэмдэг, тэмдэглэгээ нэг ч байдаггүй аж. Уг нь аялагч, жуулчдад үүн шиг чухал зүйл үгүй. Аль нэг байгууллагын “Байгаль дэлхийгээ хайрлая, хогоо бүү хаяарай” гэхчилэн уриалсан самбар л хаа нэг дайралдана. Хаана явж байгаа, хэдэн км зам туулж хүрэх газартаа очихоо мэдэхийг хүссэн ч чадсангүй. Туршлагатай алхагчид замаа алдахгүй ч анх удаа явж буй хүн төөрч мэдэх. Аялагчид биендээ л луужин болдог аж.
Аялагчдын сонирхлыг татаж байсан өөр нэг зүйл нь тус ууланд амьдардаг ховор амьтан, ургамлын талаарх мэдээллийн самбар. Баданга хүдэр, тоодог, бараан хэрэм зэрэг хөхтөн, шувууны талаар танин мэдэхүйн мэдээллийг энэ самбараас авах боломжтой. Тэнд бичсэнээр бол Богд ууланд 1804 зүйлийн амьтан, 588 зүйл ургамал ургадаг аж.
Баруун ширээт уулнаас 1.5 км зайд орших Дугуйцагаанд ирээд аялагчид амарч, ходоодоо “цэнэглэж” аваад хөдөлдөг. Дугуйцагаанд халуун цай, хуушуур, самар, шорлог зарж буй үүргийн наймаачид ч үүрлэжээ. Алхагчид “Өмнө нь ийм хүмүүс байдаггүй байсан. Саяхнаас л иржээ” гэв. Хөгжим чанга хангинуулж, үүргэвчиндээ бор дарс авч яваа залуустай ч таарав.
Уг нь тусгай хамгаалалттай бүсэд шорлог хийн, архи дарс ууж, худалдаа наймаа эрхлэх нь бүү хэл майхан барьж, хүчтэй дуу чимээ гаргаж, хог хаяхыг ч хүртэл хориглодог журамтай. Үүнийг аялагчдад сануулах үүднээс том самбар дээр тодоос тод биччихэж. Даанч хардаггүй бололтой.
Муу зүйлийг цэцэглэн хөгжүүлэхдээ хэнийг ч дагуулдаггүй, “авьяастнууд”-ын хөлд Монголын төдийгүй дэлхийн ууган дархан цаазат газар гэгддэг Богд уул маань бүү дарагдаасай. Наргиж цэнгэж, найрлах гэж байгаа бол тийшээ бүү зүглээрэй.