
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр сарын 2-нд Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Б.Эрдэнэсувд зэрэг хүмүүст холбогдох, Эрүүгийн хуулийн 150, 1661-д заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэхээр товложээ. Онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэмээн буруутгагдаж буй энэ хүмүүс хэн бэ гэдгийг сурвалжлахад хоёр жилийн өмнө дуулиан тарьж байсан нэгэн хэргийн холбогдогчид байх юм. Гол зохион байгуулагч, толгойлогч гэж хэлж болох хүмүүс нь хариуцлагаас мултарч, харин “жараахайнууд” нь дэгээнд өлгөгдөөд шүүхийн хаалга татаад байгаа нь энэ аж.
2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарын нэг нутаг усны 4-5 хүнийг хууль, хяналтын байгууллагаас сүр дуулиантай баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
Тухайн үед дээрх хүмүүсийг “Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 19 сая төгрөг завшсан. Цаашлаад дээрх сангийн бусад зориулалттай хөрөнгөөс ч их хэмжээгээр завшсан байх магадлалтай хэмээн шалгаж байна. Түүвэр аргаар шалгахад анхан шатны байдлаар тогтоогдсон нь л 19 сая төгрөг.
Ахмадуудыг сувилалд хэвтүүлсэн гэх мэт баримт бүрдүүлж завшсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байгаа” хэмээн НХҮЕГ болон Нийслэлийн прокурорын газрын эх сурвалжууд мэдээлэл өгч байсан юм. Тэгэхэд, Нийгмийн халамжийн санд учирсан хохирол 4.5 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн эх сурвалжууд хэлж байсан билээ.
НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан нь Архангай аймгийн уугуул, 1996-2000 онд АН-ынхан Засгийн эрх барьж байх үед тус аймгийн ИТХ-ын даргын албан тушаал хашиж байсан нэгэн. Ч.Эрдэнэбулган ч мөн Архангай аймгийнх. Тэд албан тушаалаа ашиглаж, хууль зөрчин өндөр настан, тахир дутуу иргэдэд сэргээн засах, өдрийн эмчилгээ үзүүлэх тендерт өөрсдийн ах дүү, хамаатан садныхаа нэр дээр байгуулсан төрийн бус байгууллага, компанийг шалгаруулж, иргэдийн цахим үнэмлэхээр хуурамч баримт бүрдүүлэн төсвийн мөнгөнөөс завшсан хэмээн буруутгагдсан.
Тэдэнд холбогдох хэргийг шалгахын тулд Мөрдөн байцаах байгууллага орон нутгийн Цагдаагийн газар, хэлтэст ажиллаж буй 50-иад мөрдөн байцаагчийг нийслэлд дуудан цаг наргүй ажиллуулж, халамж хүртсэн хэмээн бичиг баримтыг нь ашигласан олон мянган иргэнээс тайлбар мэдүүлэг авсан юм. Цагдаагийнхан сүр дуулиантай шалгасан энэ хэрэг хоёр жил орчим чимээгүй дарагдсаны эцэст Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нар нь хэргээс мултарсан байгаа нь хачирхалтай.
Төрөл садандаа мөнгө завших боломж олгосон хэмээн анхандаа сүр дуулиантай барьж хорьчихоод, сүүлд нь гэм буруугүй хэмээх эрх мэдэл цагдаад байв уу, прокурорынхонд байв уу. Олны анхаарал татсан энэ мэт хэргийг прокурор эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож, шүүхээс илүү эрх эдлээд байгаа олон тохиолдол бий.
Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Ж.Отгонбаяр хяналт тавьсан юм билээ. Шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг зөрчин прокурор шүүхээр хэлэлцүүлэлгүй Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нарыг хэргээс мулталсан бололтой.
Харин өдгөө шүүхээр хэлэлцүүлэхээр болоод байгаа хүмүүс нь Д.Баярсайханы дүү Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Ж.Эрдэнэбулганы хадам эгч Б.Эрдэнэсувд нар аж. Анх сүр дуулиантай баривчлахад дээрх хүмүүсийн Нийгмийн даатгалын санд учруулсан хохирлын хэмжээ 4.5 тэрбумд хүрнэ гэж байсан бол хамгийн сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтэд 900 гаруй сая төгрөг болж буурчээ. Уг нь өнгөрсөн жил хохирлын хэмжээ 1.3 тэрбум хэмээж байсан юм. Д.Баярсайхан өмнө нь 2008 онд эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байсан ч бас л тэгсхийгээд замхарч, хэрэгсэхгүй болж байсан удаатай.
Нийгмийн халамж үйлчилгээний газраас 70 гаруй төрлийн халамж, тэтгэмжийг орон даяар түгээдэг бөгөөд түүгээр дамжин олон тэрбум төгрөг иргэдэд очдог. Түүнийг нь өөрийн юм шиг зарцуулах, ашиг гэж харах хүмүүс энэ салбарт ажиллаж, Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг хуурамч баримтаар завшсан тохиолдлуудыг хууль хяналтын байгууллагынхан илрүүлдэг ч тэгсхийгээд замхарч байгаа нь хачирхалтай.
Орон нутгийн НХҮХ-ийнхэн тахир дутуу хүнд хиймэл эрхтэн (протез) суулгуулсан хэмээн баримт бүрдүүлэх, хэвтрийн хүнд хөтөвч олгоно гээд халамжийн сангийн хөрөнгөөр өндөр настнаасаа олон “горшоок” худалдаж авсан хэмээсэн, хорвоогоос аль эрт хальсан хүнийг амьд мэтээр баримт бүрдүүлж мөнгө авсан, гэр нь шатаагүй байхад шатсан болгож, хохирсон иргэнд тусламж үзүүлсэн гэж мөнгийг нь өөрсдөө авч байсан тохиолдол олон гарсан байдаг.