Өнгөрсөн жил “X Roses” уран нугаралтын студиэр орж, сургуулилалтыг нь хараад “Энэ жаахан хүүхдүүд их хүнд бэлтгэл хийх юм даа” гэж бодож билээ. Яг тэр үед бэлтгэлээ дутуу хийснийхээ төлөө багшдаа зэмлүүлж зогссон хоёр охинтой саяхан уулзлаа. Гэхдээ тэд алдаагаа засаж, тэр ч бүү хэл Олон улсын циркчдийн наадмаас “Хүрэл цом” хүртээд иржээ. Эрх танхил хүүхэд насаа хатуу дэгтэй уран нугаралтын урлагт зориулан яваа Т.Нандинцэцэг, У.Номуун нарыг “Дебют” буландаа урьж, ярилцлаа.
-Циркийн манежид нэг ч удаа тоглож үзээгүй хэрнээ олон улсын наадамд амжилттай оролцож хүрэл цом хүртсэнд нь баяр хүргэе. Энэ наадамд хэдэн орны жүжигчин оролцсон бэ?
Т.Нандинцэцэг: -Ханой хотын 100 жилийн ойд зориулсан Олон улсын циркчдийн гуравдугаар наадамд 10 гаруй орны 50-иад жүжигчин оролцсон.
-Ямар орны жүжигчдийн үзүүлбэр хамгийн их таалагдав?
У.Номуун: -Хятад, Вьетнамын тэнцвэрийн үзүүлбэрүүд гоё юм билээ.
-Наадамд оролцохын тулд хэдий хэрийн хугацаанд бэлтгэсэн бэ?
Т.Нандинцэцэг: -Би уран нугаралтаар дөрвөн жил хичээллэж байгаа. Энэ наадамд оролцохын тулд Номуунтай хамтран гурван сар бэлтгэл хийсэн.
У.Номуун: -Бид хоёрыг бэлтгэсэн Ихэрээ эгч, хамт явсан “Кон арт” төвийн захирал М.Уянга эгч болон багшдаа баярлаж буйгаа дамжуулъя.
-Яагаад уран нугаралтаар хичээллэх болов. Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?
Т.Нандинцэцэг:
-Зурагтаар уран нугараачдыг хараад тэдэн шиг болохыг хүсэж аав, ээждээ хэлсэн. Тэгээд Буд багшаараа уран нугаралт заалгаж байна. Цаашид сайн нугараач болохын зэрэгцээ хуульч болох хүсэлтэй.
У.Номуун: -Ээжтэйгээ цирк үзээд, Ихэрээ эгчийн нугарахыг хараад, нугараач болохыг хүссэн. Ирээдүйд уран нугаралтын багш болно.
-Өмнө нь та хоёрын хийсэн шиг үзүүлбэрийг өөр нугараачид үзүүлдэг байсан, тийм үү?
У.Номуун:
-Барын бамбарын нуга ралтаар 2007 онд манай студийн эгч нар “Монте Карло”-гоос “Мөнгөн цом” хүртэж байсан.
Т.Нандинцэцэг:
-Гэхдээ бидний үзүүлбэр тэднийхээс өөр тавилттай. Мөн угсарсан нэг гарын трук ихтэй. -Уран нугаралтаар хичээллэх хэцүү юү, багш нь хэр их загнадаг вэ?
У.Номуун:
-Энэ үзүүлбэрээ байнга хийсээр байгаад гарт орчихсон учраас амархан. Хийх ёстой дасгалаа сайн хийж байвал багш уурлахгүй шүү дээ.
Т.Нандинцэцэг: -Аливаа зүйлийг нэг хэлүүлээд л сурах хэрэгтэй гэж би боддог.
Вьетнамын Ханой хотод болсон Олон улсын циркчдийн наадмын хамгийн бяцхан оролцогч нь тэд байжээ. Т.Нандинцэцэг, У.Номуун нар уйгагүй бэлтгэл, хүсэл тэмүүллээрээ цаашид ч олон наадмын түрүү авах биз ээ.
Ж.Солонго