Зөгий сүрэглэн нисэх үедээ бусдад их халгаатай. Дүнгэнэлдэх “зоригт баатар”- ууд замдаа дайралдсан бүхнийг хатгаж, хашраана. Хуруун чинээ эл амьтны сүргээс аварга биетэй заанууд ч айн, “чичирдэг” аж. Тэгвэл заанууд харилцан мэдээлэл солилцож, зөгий айсуйг мэддэг гэнэ.
Саваннагийн ширэнгийн зөгий зааны хувьд хамгийн халгаатай дайсан. Хэрэв хошуу болон нүдний орчимд нь хатгавал заан баримжаалах чадвараа удтал алдаж, амьсгалахад хүнд болдог байна. Ялангуяа тугал нь зөгийнд хатгуулбал үхэх аюулд ч хүрэх магадлалтай.
Зөгийн сүрэг ойртож буйг мэдэрсэн заанууд чанга чанга дуугарч бусдадаа мэдээлж, аюулаас зугтан зайлдгийг олон улсын эрдэмтэд судалгааны явцдаа мэджээ. Ямар нэгэн аюул учрахыг мэдэрч тийнхүү тэнхээгээрээ орилж, мэдээлэл тараадгийг өмнө нь судлаачид мэдэж байсан ч тэрхүү түгшүүр нь зөгий ирж буйг сануулсан “мессеж” гэдгийг ухаж ойлгоогүй байсан тухай эрдэмтэд ярьжээ.
10 бүлийн заануудын гаргаж буй дуу авиа болон аюулыг мэдэрсэн үедээ гаргадаг олон авирыг нь судалсны эцэст тэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Хөөрхий заанууд ямар ч аюулын үед зөгийнөөс айдаг шигээ чангаар орилдоггүй гэхээр “бяцхан чөтгөр”-ийн хөнөөл хэр их болох нь мэдэгдэж байгаа биз.
Э.ХАНА