БНСУ-ын LG компани түүхэндээ анх удаа Европт судалгааны төв нээсэн тухай АР уламжиллаа. Телевиз, гар утас голдуу үйлдвэрлэдэг энэ компани уг төвөө өндөр технологийн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Польшийн Вроцлавт нээх нь хамгийн тохиромжтой гэж үзжээ.
Лондон хотын түрээс тэдэнд арай л үнэтэй санагдсан гэнэ. Шинэ төвд 300 орчим судлаач ажиллах бөгөөд тэдний дийлэнх нь Вроцлавын Технологийн дээд сургууль төгсөгчид байх юм байна. Энэхүү судалгааны төв Европын зах зээлд таарч тохирох загвар боловсруулж, телевиз, хөргөгч, угаалгын машины үйлдвэрлэлд түлхүү анхаарах ажээ.
1958 онд үүсгэн байгуулагдсан LG компани анхандаа “Goldstar” нэртэй байжээ. Эдүгээ энэхүү компани телевизийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт, гар утасны үйлдвэрлэлээр гуравдугаарт орж буй юм.