ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгааг сонинынхоо энэ дугаарын “Урлаг” буландаа урьж ярилцлаа.
-Таны “Grand Opera” нэртэй уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт болж үзэгчид Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд хүрчээ гээд ам сайтай байсан шүү?
-Тоглолтоо сонирхолтой болгохын тулд олон хоног цаг завгүй хөдөлмөрлөсөн. Хөдөлмөрлөснийхөө үр дүнд үзэгчдийн сэтгэлийг уран бүтээлээрээ догдлуулж чадсандаа баяртай байгаа. Сэтгэл өндөр хүлээж авч байгаа халуун алга ташилтаас нь тоглолтоо сайхан болжээ гэдгийг мэдэрсэн.
Тоглолтын дараа фэнүүд маань тусгайлан зассан тавцан руу дугаарлан зогсож, гарын үсгийг минь авсан. Хүмүүс Монголын сонгодог урлаг, дуурийн театрын мэргэжлийн дуучид дэлхийн түвшинд хүрч чаджээ гэж үнэлж, дүгнээд ярилцаж байхыг би өөрөө ч сонссон. Дуурийн чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа болохоор гадаад дүр төрхөө ч гэсэн сонгодог тал руу болгож өөрчилсөн минь олонд их таалагдсан байна лээ.
-Поп, попера дуу нэгийг ч багтаалгүй ари романс дуулсан. Хойшдоо дуурийн чиглэлээр хүч сорьж, уран бүтээлийн алсын замд гарах гэсэн томоохон зорилго тавиа юу даа?
-Тийм ээ. Герман, Итали, Франц, Англи хэл дээр дуулсан. Тэр дундаа сонгодог урлагт алдартай бүтээл туурвисан В.А. Моцортын “Увдист лимбэ” дуурийн “Шөнийн хатан”-ы ари, мөн мэргэжлийн дуучдад нэлээд хүндэд тооцогддог “Норма”, “Аида” дуурийн аринуудыг дуулсан.
-2010 онд юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Хийхээр төлөвлөсөн зүйл их бий. Сонгодог урлагийн гайхамшгийг үзэгч, сонсогчдод мэдрүүлж, хүрээг тэлэх бодолтой байгаа. “Grand Opera” тоглолтын хүрээнд ирэх жил хэд хэдэн тоглолт толилуулж, олон улсын уралдаан тэмцээнд түлхүү оролцоно.
Гавьяат жүжигчин Банди агсан миний мэргэжлийн багш байсан юм шүү дээ. Шавийн хувьд багшийнхаа нэрэмжит уран бүтээлийн уралдааныг зохион байгуулахаар зэхэж байна.
-Одоо хоёулаа энгийн зүйл ярилцъя. Та Хөвсгөл нутгийнх гэсэн байх аа?
-Тийм ээ. Энэ сайхан нутгийн охин болж төрсөндөө их баярладаг. Миний хамгийн их бахархаж явдаг зүйл бол нутаг минь. Уран бүтээлийг минь Хөвсгөл нутгийн уул ус, зон олон хөглөдөг гэж боддог. Аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд маань тэнд төрж өссөн.
Би зун болохоор нутгаа санаад гүйгүүл морь шиг сэтгэл минь гэгэлздэг. Дэлгэрмөрний хөвөөнд хэд хоночихоод, Хөвсгөл нуур руугаа очиж амран, алжаалаа тайлдаг.
-Тэгвэл Дэлгэрмөрний хөвөөнд бага насаа өнгөрүүлсэн байх нь ээ?
-Миний хүүхэд нас сайхан өнгөрсөн. Дэлгэрмөрний хөвөөнд үеийнхээ найзуудтай тоглож өссөн. Айлын ганц охин болоод ч тэр үү эрх танхи, дураараа зантай. Зурагтаар явж байгаа дууг ганц сонсоод л сурчихна. Шүлэг уншвал дор нь цээжилчихнэ.
Харин багшийгаа энэ үсэг ямар үсэг вэ гээд асуухаар нь мэддэггүй сонин хүүхэд байсан. Зуныхаа амралтаар Бүрэнтогтох сумын Хөх цавд зусдаг эмээгийндээ очиж амардаг байлаа. Өвөө, эмээ дээр өссөн хүүхэд чих зөөлөнтэй, хүн хүндэлдэг, ажилсаг, гярхай, юманд нямбай чамбай ханддаг гээд цаанаа нэг өөр харагддаг даа. Эмээ минь надад энэ бүхнийг багад минь зааж сургасан.
-Ганц охиноо дуучин болохоор зүтгэхэд аав ээж тань дуртай дэмжсэн үү?
-Намайг дуучин болоход аав ээж маань нэг их хориогүй ээ. Би өөрийнхөө сонгосон замаар явсандаа алдаагүй гэж боддог. Манайхан саяны тоглолтыг үзээд сэтгэл нь их хөдөлсөн байна лээ.
Ээж минь “Охиныхоо дуулахыг хараад их бахархлаа. Миний охин ард түмэндээ сайхан уран бүтээл туурвиж, хойшдоо улам их хүргээрэй” гээд урам хайрласан. Манай Хөвсгөл нутгийнхан хамаатан садан, ах дүүсийг маань сайн мэднэ. Энд тэнд явж байвал нь “Өө, Уянга дуучны ах нь байна шүү дээ” гээд их хүндэлдэг гэсэн.
-“Классик жем” хамтлагаасаа гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Яагаад ийм шийд гаргах болов?
-Энэ хамтлагийнхаа гишүүдтэй сайхан уран бүтээл туурвиж, олонд хүргэж чадсандаа баярлаж явдаг. Анх гишүүн нь болохдоо л сонгодог чиглэлээ баримтална гэсэн бодолтой байсан. Үнэнийг өгүүлэхэд би хамтлагийнхантайгаа таарамж муутай болоод гараагүй ээ. Надад зорьсон зорилго, тэмүүлэл бий. Хойшдоо дуурийн чиглэлээр дагнах учраас уран бүтээлийн шаардлагаар ийм шийдвэр гаргахад хүрсэн.

Түүнийгээ хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд албан ёсоор мэдэгдсэн. Хамтлагийн хувьд чамлахааргүй уран бүтээл хийн, ололт амжилтад хүрч, ард түмний танил хэдийнэ болж чадсан. Гурван гишүүнээ уран бүтээлийн олз омог арвинтай яваасай гэж хүсдэг.
Бидний хамтдаа бүтээсэн олон дуу хүмүүсийн сэтгэлд хоногшсон байдаг. Тэр дундаа эх орны сэдэвтэй дуунд маань сонсогчид одоо ч дуртай байдаг юм билээ. Бидний амьдралд мартагдахааргүй дурсамж үлдээсэн баярт мөч их бий. Дөрвөн жил хамт уран бүтээл туурвихдаа тэдэнтэйгээ ихэнх цагаа хамтдаа өнгөрөөсөн шүү.
-Гадаадын дуучдаас өөрт тань шавь оръё гэсэн санал ирж байна уу. Хятадын дуучид сонгодог урлагаар манайд бэлтгэгдэж байгаа тухай өмнө нь сонсож байсан юм байна?
-Өвөрмонголын дуучид манайд ирж суралцаж байгаа. Бидэнд хамтдаа дуулъя, уран бүтээл хийе гэсэн санал тавьсан. Ирэх жилээс бид гадаадын дуучидтай хамтарч, тоглолт хийх бодолтой байгаа.
-Урлагийн ар тал байх хэцүү гээд ярьдаг юм билээ. Таны ажлыг гэр бүл тань ойлгодог уу?
-Миний ар талд байнга бат найдвартай зогсдог хүмүүс бол манайхан. Ажлын ачаалал их, тоглолттой үед хүүгээ аав ээжээрээ харуулчихна, дүү маань тоглолтын хувцас, дагалдах гоёл чимэглэлийг нь бэлдээд тавьчихна. Хань маань уран бүтээлийг минь дэмжээд “Чи энэ дууг дуулбал зүгээр биш үү.
Монголд одоогоор дуулагдаагүй ари байна” гэж зөвлөнө. Би ойлгож, дэмждэг хүмүүсийнхээ сэтгэлийн хүчинд өдий зэрэгтэй яваа хүн дээ.
-Урлагийн хүмүүсийн хүүхэд мэдрэмжтэй өсдөг гэдэг дээ. Дуурь сонирхож байна уу?
-Хүү маань урлагийн мэдрэмжтэй. Бүжиг, дуу их сонирхоно. Урлагийн хүний хүүхэд гэсэндээ театрт ирээд балет, дуурь, концерт үзчихнэ. Театрын тайзан дээр хааяа нэг хүүхдийн дүр бүтээх болбол жүжигт тоглочихно. Би хүүгээ урлагт элэгтэй, дуртай өсгөхийг хичээдэг. Хэрвээ авьяас байгаад, урлагийн зам сонговол нэг их хорихгүй ээ.
-Хүүгээ дүүтэй болгоё гэж боддог уу?
-Бодолгүй яах вэ. Өнөр өтгөн амьдрах сайхан шүү дээ. Одоохондоо уран бүтээлийн ажлаа нэгдүгээрт тавьж, зарим нэг зүйлийг хойшлуулаад байгаа тал бий. Юутай ч ойрын төлөвлөгөөнд хүүгээ дүүтэйгээ болгох бодол бий
-Нөхөр тань хэр халамжтай хүн бэ?
-Урлагийн хүний ар тал найдвартай байж урагшилдаг. Би энэ тал дээр бардам байдаг . Ямарваа уран бүтээлийн зовлон, жаргал, ололт амжилтын ард гэр бүлийн сэтгэл, итгэл заавал байдаг.
-Та сэтгэлийн хөдөлгөөнтэй, түс тас зантай байх аа?
-Тийм ээ. Энэ зангаасаа болоод хүнд хатуу үг хэлчихнэ. Дараа нь арай дэндүүлчихвүү дээ гээд боддог шүү.
-Шүүмжлэлд хэрхэн ханддаг бүсгүй вэ?
-Би магтуулахаас илүү шүүмжлэлд дуртай. Алдаа, оноо, сайн муугаа хэн нэгний шүүмжлэлээс олж мэднэ гэдэг өөрийгөө хөгжүүлэх том алхам. Сайн шүүмжлэл хүнийг ухааруулж, алдаа дутагдал дахиж гаргахгүйгээр урагшлуулдаг гэж боддог. Хатуу үг сонсоход хэдий гашуун ч хойшдын олон зүйлд хэрэг болдог тустай.
-Хүнд “Үгүй” гэж хэлж чаддаг уу?
-Чадахгүй зүйлээ “Үгүй” гээд түс тас хэлдэг. Хүнд “за” гэж хэлчихээд, төлөвсөн ажлыг нь уяад, итгэл найдварыг нь хөсөрдүүлчихвий дээ гэж эмээдэг.
-Хэзээ ч эвлэрдэггүй зүйл…
-Хүнийг алаг үзэж, ялгаварлан харилцаж байгаа хоёр нүүртэй хүнд үнэхээр дургүй. Би өөрийгөө хүн хүндлэх, мэнд устай явах, дайлж цайлах тал дээр гайгүй гэж боддог. Өглөө ажлынхаа хаалгаар хөл тавиад л жижүүр, үйлчлэгтэйгээ “Сайн байна уу, ажил өндөр үү” гээд мэндэлдэг.
-Зурхайд итгэдэг үү. Ямар ордонд төрсөн юм бэ?
-Итгэдэг. Би загасны ордонд төрсөн. Энэ ордны хүмүүсийг урлагийн авьяастай, аливааг зохион байгуулахдаа гаргууд, юманд санаачлагатай, наргианч гэдэг юм билээ. Уншаад үзэхээр зан араншинтай маань нээрээ ойролцоо байдаг юм. Зурагтаар ордны зурхай гарч байвал миний хувьд маргааш ямар өдөр байх нь вэ гээд хардаг.
-Өөрийнхөө хүссэнээр атаархтал нь амьдаръя гэж боддог уу?
-Хүмүүсийг атаархтал нь амьдаръя гэж бодож байсангүй. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, хүсэл, сонирхлоо хүндэлж амьдрахыг хичээдэг. Зорьсон зорилгынхоо төлөө тууштай зүтгэж, үнэнчээр хөдөлмөрлөн, түүнийхээ оргилд нь хүрэхийг хүсдэг.
-Аз жаргал гэдгийг та хамгийн түрүүнд юугаар төсөөлдөг вэ?
-Эрх чөлөөтэй, сэтгэл тайван, үр хүүхэд, гэр бүл, найз нөхдөдөө дурсах зүйлтэй амьдрахыг аз жаргал гэж боддог. Хүмүүс аз жаргалыг өөрөөсөө хол мэтээр төсөөлж, бухимдаад байдаг юм шиг санагддаг. Аз жаргал энгийн зүйлд, тэр тусмаа дэргэд минь байдаг гэж би ойлгодог. Хүссэн, зорьсон хүнд аз ойрхон, харин хүсээгүй, зориогүй, тэмүүлээгүй хүнд жаргал хол байдаг болов уу.
-Та жаргалыг дэргэдээсээ мэдэрдэг үү?
-Ханийнхаа хайр халамж, халуун сэтгэл, харцнаас итгэл, найдварыг олж харах бүр аз жаргалыг мэдэрч, амьдрах итгэл улам төрдөг.
-Амьдрал танд яг одоо ямар бодлыг төрүүлж байна вэ?
-Амьдрал давс шиг гашуун хэрнээ чихэр шиг амттай. Нэг бодлын сайн сайхны төлөө саад бүхэнтэй тэмцэх тэмцлийн талбар ч юм шиг, нөгөө бодлын хүнд жаргал хайрлаж баярлуулчихаад, зовлонд унаган өмнөө сөхрүүлэх гээд байдаг бэрхшээл ч юм шиг .
-Эр хүнийг ухаан, овсгоо самбаа алинаар нь илүү дүгнэх дуртай вэ?
-Ухаан, хүнлэг чанар эр хүнийг чимдэг гэж боддог. “Хувцсаар нь угтаад, ухаанаар нь үд” гэдэг үг байдаг даа. Эр хүн амьдралын ноён нуруу, өрх гэрийн тэргүүн гэдэг утгаараа алсын хараа, уужуу бодол, сэтгэлийн хаттай амьдрах хэрэгтэй.
-Гоёлд хэр ханддаг хүн бэ?
-Гоёлынхоо сонголтод үзэмж, чанар аль алийг нь хардаг. Ээмэг зүүлт, цүнхэнд гар татдаггүй. Миний хамгийн дуртай гоёл гутал, даашинз.
Саяхан Эрдэнэтуяа эгч Италиас ирэхдээ надад нэг дэгжин гутал авчирч өгсөн. Өнгөрсөн намар Германд тоглолтоор очсон байхдаа өөртөө хүрэм худалдаж авсан.
-Гадаадад амьдрах юмсан гэж хүсдэг үү?
-Мэргэжлийн хувьд өөрийгөө өсгөж, хөгжүүлье гэвэл түр хугацаагаар гадаадад амьдарч болох л юм. Үүнээс өөр зүйл намайг Монголоос минь явуулж чадахгүй байх аа. Би эх орондоо хайртай. Монголд бахархах зүйл олон бий. Цэлмэг тэнгэр, тэнүүн уудам тал, зочломтгой ард түмэн, эртнээс уламжилж ирсэн ёс заншил, үндэсний брэнд хүнс айраг, цагаан идээ, хэний ч сэтгэлийг татаж чаддаг сайхан байгаль гээд тоочоод байвал зөндөө.
-Таныг гэр бүлээсээ салж, өөр хүнтэй суусан гээд сонин хэвлэлээр нэг хэсэг бичсэн шүү дээ?
-Хүний амьдралд таашгүй, оньсого шиг олон зүйл тохиолддог. Надад ч гэсэн тохиолдсон. Үүнийг би нэг их тайлбарлаж яримааргүй байна. Зарим сонин хувийн амьдрал руу минь хэтэрхий өнгийж, өөрсдийнхөө үзэл бодлоор гомдмоор дэгсдүүлж бичдэг. Хэлээгүй үгийг минь хэлсэн болгоод гарчиглачихна. Тэр бүхний араас тайлбар тавьж явсангүй.
Гэр бүлийн амьдрал нандин байх ёстой. Нандин зүйлийг нандин чигээр нь өөртөө үлдээе дээ. -
Хайр дурлал их эмзэг сэдэв шиг санагддаг?
-Тийм ээ. Санал нэг байна. Хүний хамгийн дээд хэлбэр хайрлаж, дурлах шүү дээ. Үүгээрээ л амьтнаас ялгарч байдаг. Хайрлана гэдэг дурлахаас илүү гүн гүнзгий ойлголт. Дурлалаас давж хайрлана гэдэг жинхэнэ хайр байх . Зүрх сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй үлддэгээрээ хайр гайхамшигтай.
Ярилцсан Г.Батцэцэг
Ням гариг сэтгүүл