Хөдөө орон нутгийн үзэгчдэд мэргэжлийн урлагаар үйлчлэх зорилготой “УДЭТ-ын өдрүүд” ирэх сарын 8-24-нд Архангай, Булган аймагт “саатна”. Театрынхан энэ удаа Д.Мэндсайханы “Ээжээ”, Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр”, С.Михайлковын “Бардам туулай” жүжгүүдээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тоглож үзэгчдэдээ бэлэг барихаар зэхээд байгаа аж.
“УДЭТ-ын өдрүүдэд” хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр, ардын жүжигчин Н.Сувд, Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин С.Сарантуяа, Г.Равдан, Б.Тунгалаг, С.Дамдин, У.Уранчимэг болон залуу уран бүтээлчид нийлсэн 40 гаруй жүжигчин оролцох юм билээ. Дашрамд дуулгахад, театрынхан арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймгийханд эдгээр бүтээлээр бэлэг барина.
Ж.СЭЛЭНГЭ